Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.04 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд наймдугаар сарын 2-ны өдөр Увс аймгийн төв Улаангом хотод хүрэлцэн ирэв. Ерөнхий сайдыг БНМАУ-ын баатар Б.Гивааны нэрэмжит талбайд ирэхэд хүндэт харуул жагсч, хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хөгжимд төрийн дуулал эгшиглэлээ. Ерөнхий сайд хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд очин удирдлага, ажилтнуудтай уулзав. Орон нутаг нөөц бололцоогоо дайчлан, хийж бүтээж байгаа ажил олон ч шүүмжлэлтэй хандах зүйл багагүй байгааг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.

Төр, засгийн бодлого, гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилт дунд шатанд, зарим аймагт муу, хэрэгжилтэндээ хяналт тавьдаггүй, хийж байгаа ажлаа сурталчилж мэдээлдэггүй гэсэн иргэдийн шүүмжлэлд онцгой анхаарахыг сануулав. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг судлан болох, болохгүйг нь шийдэн, цаг алдалгүй тодорхой хариу өгдөг байх, хүнд суртал, хөшүүн хойрго үйлчилгээг халж иргэдэд түргэн шуурхай үйлчилж, аливаа мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хязгаарыг ойлгомжтой болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.

“Хүнд суртлыг халахын тулд 1990 оноос өмнө гарсан ч одоо хүртэл үйлчилж байгаа тушаал, дүрэм, журмаа ангилж УИХ, Засгийн газарт танилцуулахыг яам, агентлагуудад үүрэг болгоод байгаа. Энэ дагуу дээрх газрууд хүчинтэй хэвээр байлгах тушаал, журам, дүрмээ 10 дугаар сард танилцуулан шийдвэрлүүлбэл үлдсэн нь автоматаар хүчингүй болох ёстой юм. Төр, засгаас төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт төсвийн тодорхой эрх мэдэл өгч хариуцлагыг нь ч давхар үүрүүлэх бодлого баримталж байна. Энэ дагуу Төсвийн тухай зэрэг хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.  Эрх, үүргийг нь шилжүүлэхдээ нэгдсэн стандартыг энэ намар гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Үүнд ч төр, захиргааны ажилтан, албан хаагчид бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм.

Өмнө нь нэр бүхий аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангасан гэсэн тайлан мэдээг Засгийн газарт өгч байсан ч 10, 11 дүгээр сард төр, засгаас өвс тэжээл нэхэж байсан тохиолдол бий. Иймээс зуншлага сайхан байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах нь чухал. Төр, засаг ч наадмын дараа өдөр хуралдан авах арга хэмжээний талаар хэлэлцэн, орон нутагт тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Гэхдээ шаардлагатай тусламж, дэмжлэгийг зохион байгуулалттайгаар үзүүлнэ”  гэж Ерөнхий сайд хэлэв.

Орон нутгийн удирдлага, төр, захиргааны байгууллагын ажлыг дүгнэх шалгуурыг ч өөрөөр харах цаг болсон. Цаашид аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт цаасан дээр буулгаснаар бус, бодитой байхыг шаардана. Хэдэн ажлын байрыг байгаа боломждоо тулгуурлан бий болгосон нь ажлыг дүгнэх гол шалгуурын нэг байх болно гэж Засгийн газар үзэж байгаа юм. Ажилтан, албан хаагчид Засгийн газрын бодлого, шийдвэрийг судлаж, ажлынхаа  төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, цаг үеийн тухайлбал иргэний шинэчилсэн бүртгэлд иргэдээ бүрэн хамруулах зэрэг зарим чиглэлийг Ерөнхий сайд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД “УВС ХҮНС” КОМПАНИЙ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
УЛААНГОМ ХОТОД 7,6 КМ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
ХИЙЖ БҮТЭЭЕ ГЭСЭН ХҮСЭЛ, ЭРМЭЛЗЭЛ ОРОН НУТАГТ ИХ БАЙНА
Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд
С.Батболд: Төрөөс шийдвэр хүлээлгүй санаачилгатай, бүтээлч байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан