Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ХИЙЖ БҮТЭЭЕ ГЭСЭН ХҮСЭЛ, ЭРМЭЛЗЭЛ ОРОН НУТАГТ ИХ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.02 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд долдугаар сарын 30-ны өдөр Увс аймаг орох замдаа малын бэлчээрт Завхан аймгийн удирдлага болон нэр бүхий есөн сумын Засаг дарга болон малчдын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого болон цаашид хийхээр төлөвлөсөн ажил, үүнд орон нутгийн оролцоо, үүрэг ямар байх талаар харилцан ярилцсан юм.

“Төрийн үйлчилгээ орон нутагт жигд бус, баруун бүсийн аймгуудад эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн суурь үйлчилгээний түвшин бусад аймгаас доогуур байгаа. Иймээс Засгийн газар орон нутгийн хөгжлийн индексийн судалгаа хийн цаашид хөгжлийн түвшний ялгааг үе шаттайгаар арилгахаар ажиллаж байна” гэж Ерөнхий сайд хэлэв. Төр, засгийн удирдлагууд өмнө нь хөдөө орон нутагт ажиллах үеэр ард иргэд болохгүй, бүтэхгүй бүхнээ тоочин тусламж, дэмжлэг хүсдэг байсан бол одоо өөрчлөгджээ.

Иргэд, малчид дээрээс юм гуйхаас илүүтэй хийж бүтээе, харин төр, засаг, орон нутаг нь  удирдлага, зохион байгуулалт, нөхцөл, боломжоор хангаж өгөхийг хүсдэг болсон нь ажиглагдлаа. Зуны дэлгэр цагт баяр наадмаа тэмдэглэх сайхан ч хийж бүтээсэн ажлаасаа илүү их эрч хүч авч байгаа гэж ярих хүн  олон тааралдаж байна. Ерөнхий сайд ч үүнд олзуурхан харилцан хамтарч ажиллаж үр дүнд хүрэх боломж, нөхцөл бүрдсэн энэ цаг үеийг алдаж болохгүйг сануулж байлаа.

“Төр, засаг уул уурхай, дэд бүтэц гээд Их бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Одоо мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлэхэд анхаарна. Энэ хүрээнд  бүх аймагт мах, сүүний үйлдвэр байгуулж, нийлүүлэгч-хэрэглэгчийг шууд холбон олон шат дамжлага, ялангуяа ченжийг байхгүй болгоно. Махны, хөдөө аж ахуйн биржийг бүсчилсэн хэлбэрээр байгуулж, малчдыг нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад оруулахын төлөө байгаа. Малжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг ч шуурхайлна” хэмээн Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байлаа.

Өнгөрсөн өвөл Завхан аймаг байгалийн гамшигт нэрвэгдэн нийт малынхаа 34 хувийг хорогдуулж 1193 өрх огт малгүй болсон аж. Гэхдээ төр, засгийн дэмжлэг, малчид, иргэдийнхээ хүчээр өвлийн хахир хатууг давж урин цагтай золгожээ.Зуншлага сайн байгаа учир энэ жил өвс, тэжээлээ  базааж, нөөц бүрдүүлэх боломж бүрэн байгаа тухай аймгийн Засаг дарга Я.Санжмятав ярилаа. Үүнээс гадна иргэд, малчдадаа есдүгээр сар гэхэд эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж зэрэг төрийн цогц үйлчилгээ үзүүлж дуусган төр, засаг, орон нутгаас явуулж байгаа бодлогыг танилцуулж, саналыг нь сонсож байгаа гэнэ. Мөн бүх суманд бүтээн байгуулалт,үйлдвэржилт, тохижилтын ажил хийж, сум бүрт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хоёр төслийг бодлогоор дэмжин хэрэгжүүлж эхэлжээ. Аймгийн боловсрол, эрүүл мэнд, нийгэм зэрэг салбарын хүртээмж  харьцангуй боломжийн. Гэхдээ сумдын төр, захиргааны барилга шаардлага хангахгүй болсон, Засаг дарга нарын машин муудсан зэрэг хүндрэл байгааг Я.Санжмятав дарга дурьдаад авсан.

“Төрийн цогц үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа зэрэг бүх салбарт нэгдсэн нэг стандарт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал бүх сумын төр, захиргааны байрыг “Канад хаус” стандартаар барьдаг байхаар төлөвлөж байна. Төр, засаг бодлогын асуудлаа ярихаас бус орон нутгийн бүх ажил руу орох боломжгүй. Цаашид орон нутагт төсвийн тодорхой эрх мэдэл өгч, үүрэг, хариуцлагыг нь ч хамт үүрүүлнэ” гэж Ерөнхий сайд энэ үеэр хэллээ. Могой голын усан цахилгаан станцыг ирэх оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Станц ашиглалтад орсноор эрчим хүчээр бүрэн хангагдан, ажлын байр бий болж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих бүрэн боломжтой болно гэж Завханчууд их итгэл найдвар тавин хүлээж байгаа аж. Монгол Улсын  Ерөнхий сайд С.Батболдын баруун есөн аймагт хийж байгаа албан томилолт Увс аймагт үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД “УВС ХҮНС” КОМПАНИЙ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
УЛААНГОМ ХОТОД 7,6 КМ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд
С.Батболд: Төрөөс шийдвэр хүлээлгүй санаачилгатай, бүтээлч байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүллээ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВЫН МЭНДЭЛСНИЙ 300 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан