Монгол Улсын Ерөнхий С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллав. Тэрээр аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг болон шинээр байгуулагдсан эмнэлгүүдээр орж ажил байдалтай нь танилцлаа. С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэг энэ жил 700 сая төгрөгийн их засвар хийсэн. 230 ортой, 18 сум Цэцэрлэг хотын иргэдэд үйлчилдэг. Амьсгалын болон зүрхний цахилгаан аппарат, ажиллах боловсон хүчин сайтай.
Гэхдээ аймгийн хэмжээнд эрхтэн системийн өвчлөл нэмэгдэж, энэ хэмжээгээр төрж байгаа эх болон нярайн эндэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Мөн нярайн болон эх барих эмч дутагдалтай байгаа тухай эмнэлгийн дарга Ерөнхий сайдад танилцууллаа. Энэ асуудалд анхаарлаа хандуулж ойрын үед тодорхой арга хэмжээ авч эргэж танилцуулахыг Ерөнхий сайд С.Батболд Эрүүл мэндийн сайд Ламбаад үүрэг болголоо. Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажил байдалтай танилцлаа.
2009-2010 оны өвлийн улиралд болсон байгалийн гамшиг, зудын улмаас Архангай аймагт 1085,8 мянган толгой мал хорогдож, 1460 өрх огт малгүй болж, 3993 өрх малынхаа 50-иас дээш хувийг хорогдуулсан юм. Гамшгийн үед аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд ачааны хүндийг үүрч, үүргээ сайн биелүүлсэн гэж аймгийн Засаг дарга хэллээ. Автомашин хуучирч муудсанаас гамшиг, зудын үед малчдад өвс, тэжээл хүргэх, эрүүл мэндийн тусламж, төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байсан учир Онцгой байдлынхан туулах чадвар сайтай автомашинаар паркаа шинэчлээд байна.
Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгсөн. Ирэх өвөл цас ихтэй, цаг хүндрэх төлөвтэй байгаа учир өрх айл, сум, аймаг, улс гэсэн 4 түвшинд өвс, тэжээлээ бэлтгэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд анхаарууллаа. Архангай аймаг 8 дугаар сарын 15-наас хадлангаа авч эхлэхээр төлөвлөсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.