Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.24 /
/ Бизнес эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлье /

2010 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэбулган сум  

Эрдэнэбулган сумын эрхэм хүндэт иргэд ээ,
Арын сайхан хангай нутгийн зон олон Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.
Наадам цэнгэлийн хөөр баяр намжаагүй, нар хур тэгширсэн, налгар зуны дэлгэр цагт Та бид уулзаж байна. Арын сайхан хангай нутагт зуншлага сайхан байна. Хатуу өвөл, хахир хаврыг давсан малын зоо тэнийж, хүний сэтгэл түр амсхийжээ. Гэхдээ зуны цаг зургаа биш гэдэг үг бий. Та бидний уулзаж буй идэрийн барилдлагат энэ өдөр маань зуны адаг сарын 14. Зуны улирлын сүүл сар дундаа орж байгаа нь сэрүүн намар, жиндүү өвлийн тухай санаж сэрэхийн дохио өгч буй хэрэг.  Иймд ажил хэргийн яриандаа шууд орьё.

Орон нутагт ажиллах олон өдрийн томилолтын хөтөлбөр шахуу, зорилго олон талтай. Юуны өмнө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, явцыг Та бүхэндээ мэдээлнэ. Иргэдийнхээ ахуй амьдралтай танилцаж, санал бодлыг сонсоно. Орон нутаг дахь Төрийн байгууллагын ажил, үйлчилгээ, цаг улирлын ажил, өвөлжилтийн бэлтгэлийн явцыг шалгаж танилцана.

Эрхэм хүндэт Иргэд ээ!
Миний бие  Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаад 9 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс  орныхоо хөгжлийг түргэтгэх бодит  алхам хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллалаа. Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ 4  дүгээр сарын эцсээр байгуулж, одоо ажил ид өрнөж байна.

Таван толгойн орд газрыг ашиглах бодлого, үзэл баримтлалыг УИХ-аар батлууллаа. Ингэснээр эрх зүйн орчинг бий болгож, Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших, Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох, байгалийн баялагтаа эзэн нь байх  түүхэн алхам хийлээ. Энэ нь малыг малчдад, газрыг иргэдэд өмчлүүлсэнтэй дүйцэхүйц ач холбогдолтой шийдвэр гэж үзэж байна. Стратегийн орд газруудад олборлолтыг эхлүүлснээр эдийн засаг, нийгмийн зарим нааштай хандлага гарч байна. Шинээр ажлын байр буй болов. Оны эхний 5 сарын байдлаар зөвхөн уул уурхайн салбарт ажиллагчдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдлээ.

Оюу толгой төсөлд одоогоор 2200 гаруй Монгол ажилчид ажиллаж байгаа бөгөөд цаашид 5700 гаруй ажлын шинэ байр бий болно. Энд гадаадын болон Монгол ажилчдын харьцаа 30:70 байна. Цаашид энэ том ажилд үндэсний компани, аж ахуйн нэгж, үндэсний мэргэжилтэй ажиллах хүчийг түлхүү оролцуулах, давуу боломж болгох бодлогыг барьж ажиллана. Орд газрын олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор гадаад худалдааны эргэлт оны эхний хагас жилд 50 гаруй хувиар өслөө. Орд газарт манай олон арван аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж, харилцаа холбоо, тээвэр, нийтийн хоол зэрэг олон чиглэлээр ажил үйлчилгээ хамтран гүйцэтгэснээр тэдний ашиг орлого тогтмолжиж эхэллээ.

Одоогийн хурдаар ажил хэрэг цааш өрнөвөл 2012 оноос Таван толгойн орд газрын, 2013 оны дунд үеэс Оюу толгойн орд газрын үндсэн олборлолт эхэлж, түүхий эдээ экспортод гаргаж эхлэх болно. Оюу толгой, Таван толгой ордоос гадна манай хувийн хэвшлийнхэн гадаад дотоодын зах зээлээс хөрөнгө мөнгө босгож, Өмнөговийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, дэд бүтэц, дагалдах бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа Монголчууд өөрсдийн мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж байгуулж байна. Ийнхүү уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтууд эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

Төрийн бодлого бол ашигт малтмалыг түүхийгээр нь экспортод гаргах бус, эхний ээлжинд угаах, цаашид боловсруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнэд хүрэх эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлоход чиглэж байгаа. Иймд Засгийн газар нүүрсийг боловсруулан кокс гаргах үйлдвэр, хийжүүлэх үйлдвэр, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэр, төмрийн үйлдвэрүүдийг бий болгох, улмаар аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хөтөлбөр төслийг боловсруулж байгаа төдийгүй зарим үйлдвэрийн ажлын эхлэл суурь тавигдаж, ажил өрнөж байна.

Засгийн газар саяхан УИХ-аар “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлууллаа. Ингэснээр ирэх 4 жилд 1000 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөж байна. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны шинэ их нөөц юм. Мөн 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг бүхэлд нь сэргээх, нийслэл хот болон хүн ам төвлөрсөн хот суурин, аймгийн болон бүсийн төвийн инженерийн шугам сүлжээ, дулааны цахилгаан, зам тээврийн дэд бүтэц, хот суурины тохижилт, ногоон байгууламж, орон сууц, барилгажилтыг цогцоор шийдэх их ажлыг эхлүүлж байна. Ингэснээр олон мянган хүн ажлын байраар, олон айл өрх орон сууцаар хангагдаж, ирээдүйн тав тухтай амьдрал, эрүүл аюулгүй орчин нөхцөл бүрдэнэ.

Ийнхүү уул уурхайд суурилсан үндэсний аж үйлдвэржүүлэлт, шинэ бүтээн байгуулалтын их аяны галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Энэ бол эдийн засгийн хөгжлийн галт тэрэг. Эдүгээ улс орон маань улс төр, нийгмийн шилжилтийн 20 жилээс эдийн засгийн хөгжлийн дараагийн 20 жилийн буухиаг эхлүүлж байна. Хөгжлийн галт тэрэгний хурд хүчийг сааруулахгүй, их бүтээн байгуулалтын зорилтуудыг бодит ажил хэрэг болгохын тулд Засгийн газар олон чухал арга хэмжээг авч, тодорхой шийдэл, бодитой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчны болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, бүхэлдээ эдийн засгийг ардчилах, илүү нээлттэй, чөлөөтэй болгох шийдмэг алхмуудыг ээлж дараатай хийж ирлээ. Цаашид эрчимжүүлнэ.

Эдийн засгийн форум, хөрөнгө оруулагчдын чуулга, Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан уулзалт, уул уурхай, барилгын болон бусад олон салбаруудын зөвлөгөөн, гадаадад байгаа Монголчуудын анхдугаар чуулга, гадаад улс, олон улсын байгууллагатай хоёр талын болон олон талын уулзалт хэлэлцээ зэрэг олон арга хэмжээг Засгийн газар өнгөрсөн хугацаанд зохион байгууллаа. Энэ бүхний эцсийн зорилго нэг юм. Энэ бол эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөсөн том зорилтуудыг хэрхэн ажил хэрэг болгох, түүний үр дүнг аль болох ард иргэддээ түргэн хүргэх, хүртээх тухай асуудал юм.

Манай хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эцсийн зорилго Монгол хүний хөгжил. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70,000 төгрөг олгоод байгаа. “Хүний хөгжил” сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000 төгрөгөөс доошгүй болгохоор зорьж байна.

Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, Архангайчуудын 23,5 хувь нь тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 32,5 хувь нь орон сууцны болон малчны зээл, бусад зээлийн төлбөрт, үлдсэн хэсэг нь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөрт зарцуулах саналаа ирүүлсэн байна. Засгийн газар энэ асуудлын талаар иргэд Та бүхний саналыг харгалзан үзэх болно.

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаад, өгч эхлээд байна. Ийнхүү улс орны хэмжээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ойрын ирээдүйн бодлого зорилтыг багцлан тоймлон хэлэхэд ийм байна. Хамгийн гол нь энэ бүхэн орон нутаг бүрт, салбар бүрт, анхан шатны нэгж бүрт бодит ажил хэрэг болж өрнөх учиртай. Тэгж эс чадвал бидний яриа хоосон үг болж хувирна. Энэ удаагийн томилолтын нэг зорилго бол орон нутагт бүтээн байгуулалтын ямар ажил өрнөж байгаа, төр засгийн бодлого, ажил үйлчилгээ иргэдэд хүрч байгаа эсэх, иргэдийн маань эрмэлзэл зүтгэл ямар байгаатай танилцаж, чиглэл, зөвлөгөө өгөхөд оршиж байгаа юм.

Эрхэм хүндэт иргэд ээ,
Арын сайхан хангай нутаг байгалийн үзэсгэлэн цогцолсон газрууд, түүх соёлын арвин баялаг дурсгал, улс орондоо төдийгүй тив дэлхийд нэр алдраа дуурсгасан гавъяатнуудаараа алдартай. Ийнхүү байгаль эхээс заяасан өргөн боломж, оюуны өндөр чадамждаа түшиглэн  Архангайчууд аймаг орноо хөгжүүлэх цогц бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. “Архангайн хөгжил өнөө ирээдүй” сэдэвт орон нутгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын форумыг санаачлан зохион байгуулсан нь сайшаалтай.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2009 оны байдлаар  94.7 тэрбум төгрөг байгаагийн  74.5 хувийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэсэн бол 1.0 хувийг аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэжээ. Эдийн засгийн энэ бүтцээс харахад хөгжлийн форум хэлэлцүүлгээс дэвшүүлэн тавьсан аймгийнхаа эдийн засгийн салбарын бүтцийг боловсронгуй болгох, шинээр ажлын байр бий болгох зорилт нь нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын  эн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ зайлшгүй мөн юм.

Аймгийн хэмжээнд 5000 гаруй ажилгүй иргэд байгаагийн 2000-аад нь ажил идэвхтэй хайж байгаа юм байна. Оны эхний хагас жилийн байдлаар 577 байнгын ажлын байр бий болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.2 дахин өссөн ч ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй байгаа төдийгүй хүн амын 32.2 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдарч байгаа гэсэн мэдээ байна. Ажилгүйдлийг бууруулах гол арга зам бол орон нутгийн онцлогт тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх  явдал мөн.

Танай аймагт бизнес, ажил үйлчилгээ эрхлэх өргөн боломж бий. Тухайлбал,  байгаль цаг агаар, газар тариалангийн харьцангуй боломжтой аймгийн хувьд хэрэгцээт хүнсний ногооныхоо тал хувийг гаднын зах зээлээс авч байгааг зогсоож,  тариалалтаа нэмэгдүүлж хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангадаг болоход л олон хүн ажлын байртай, орлоготой байна. Мөн малын гаралтай түүхий эд болон ашигт малтмал, байгалийн баялгаа боловсруулах үйлдвэрлэлийг бий болгох, аялал жуулчлал хөгжүүлэх   замаар  иргэдийг орлоготой болгох боломж бий. Иргэд өөрсдөө бизнесийн ухаанд суралцах шаардлага байна. Бизнес ухаан гэдэг бол ердөө л амьдрах ухаан, гүйлгээ ухаан юм. Тамирын гол, Тайхар чулуу гээд гардаг “Тунгалаг тамир” романы Итгэлтийн дүр бол үүний тод жишээ.

Гэхдээ өнөө үед дан ганц гүйлгээ хар ухаан хол явахгүй. Түүнийг мэдлэг, мэргэжил, зах зээлийн тооцоо, судалгаатай хослох хэрэгтэй. Бизнес бол амьдралаас, хүний хэрэгцээнээс гарч ирдэг үйл. Амьдрал баян, хүний хэрэгцээ их учраас бизнесийн хязгааргүй олон боломж байдаг. Эндээс л хүн өөрийн чадал чинээндээ тохирсон нэгийг л сонгож олж авч чадвал амьдралын баталгаагаа оллоо гэсэн үг. Гэхдээ бизнесийн зорилго бусдаас авах, хожоо хайхад биш, бусдад үйлчлэх, хүний хэрэгцээг хангахад оршдог гэдгийг мартаж болохгүй. Хэн бусдын хэргэцээг хангасан чанартай, өгөөжтэй ажил, үйлчилгээ эрхэлж байна, тэр хүн ашигтай, орлоготой байх нь гарцаагүй. Энэ бол зах зээлийн, бас бизнесийн алтан дүрэм. Үүнийг хүн бүр, ялангуяа хүүхэд залуучууд ухаарвал зохино. Бас нэг зүйл бол бизнес, хууль дүрмийн хүрээнд байх ёстой.  Харин орон нутгийн засаг захиргаа, иргэдийн зөв, шударга бизнес эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй.

Засгийн газраас орон нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор сүүлийн 2 жилд 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг олгосон. Энэ онд аймаг бүрт 530 сая төгрөгийн эх үүсвэрийг хуваарилсан. Энэ бол иргэдийнхээ бизнес эрхлэхэд үзүүлж буй нэгэн дэмжлэг юм. 
Үйлдвэрлэл, бизнес эрхлэх, эдийн засгаа сайжруулах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчныг хамгаалах асуудлыг байнга анхаарч, энэ чиглэлээр гарч байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх талаар бүх шатанд анхаарч байх учиртай. Мал аж ахуй дээр суурилсан эдийн засгийн бүтэцтэй аймгийн хувьд мал сүргийг эрсдлээс хамгаалах, өвөлжилтийн бэлтгэлээ бие даан хангадаг, малаа даатгуулдаг, үржил селекцийн бодлого хэрэгжүүлдэг болгох талаар аймаг, сумдын удирдлагууд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.

Иймд мал сүргээ өсгөх, ашиг шим, бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэт ашиглах, мал сүргийн үржил, селекцийн ажлыг сайжруулах, сүргийн бүтэц, таваарлаг байдалд анхаарч, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх малын тарилга, туулгыг цаг хугацаанд нь хийх, цаг агаарын тааламжгүй ямарч бэрхшээлийг даван туулж чадах малтай болох,  шаардагдах хадлан, тэжээл, худаг ус, хашаа хороо зэрэг материаллаг нөхцлийг бүрдүүлж, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Малгүй буюу цөөн малтай малчдыг малжуулах, нөхөрлөл, хоршоо, түрээс зэрэг хамтын хүчийг  өрнүүлэн малчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж саяхан УИХ-аас батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллавал зохино.

Арын сайхан хангай нутгийн ард иргэд ухаалаг,  ажилч хичээнгүй, юуг ч хийж, ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай, туршлагатай. Гагцхүү тэдний санаа бодлыг сонсож, санал санаачлагад тулгуурлаж, тусалж дэмжиж ажиллах нь чухал юм. Танай аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Эрдэнэбулган хотын төвд улсын чанартай 2 км хатуу хучилттай зам тавих, Булган сумын нутаг дахь Сангийн толгойд төмөр бетон гүүр барих асуудлуудад Засгийн газар онцгой анхаарч санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт үе шаттайгаар тусган шийдвэрлэх бодлого боловсруулан ажиллах болно.

Эрхэм хүндэт Архангайчууд аа,
Арын сайхан хангай нутгийнхан Ардын зураач Н.Чүлтэм, Л.Чуваамэд, Ардын эмч Э.Лувсандагва, Ч.Цэрэннадмид, Ардын багш Д.Чойжилсүрэн, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Д.Ичинхорлоо, Ц.Намсрайжав, Д.Самбуу, Д.Чимэд-Осор болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга зэрэг төр, нийгмийн томоохон нэрт зүтгэлтнүүдийг төрүүлсэн оюуны өндөр чадавхитай, бүтээлч, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд жинтэй хувь нэмрээ оруулсан ард түмэн билээ.

Ахмад үеийнхээ бүтээлч үйл хэргийг өртөөлөн нэр төртэй үргэлжлүүлж яваа Та бүхнийг Засгийн газрын бодлого зорилтыг дэмжиж, их бүтээн байгуулалтын буухиаг орон нутагтаа өртөөлүүлэн, Монгол эх орон,сайхан хангай нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жилүүдийнхээ ололт амжилтуудаа бататгаж, ихийг хийж бүтээхийн төлөө хамтдаа чармайн ажиллахыг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Тяньжины төлөөлөгчид айлчилж байна
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангана
С.БАТБОЛД : Монгол хүн эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай байх ёстой
С.Батболд: Бизнесийн эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлье
ЕРӨНХИЙ САЙД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан