“Сайхан зам болсон байна. Замчид маань богино хугацаанд сайн ажиллажээ. Энэ зам наадамчин олондоо барих сайхан бэлэг боллоо” гэж Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд шинэ замын нээлтийн тууз хайчлахдаа хэллээ. Хүй долоон худаг дахь “Ү”, “Г” зогсоол хүртлэх шороон замд жолооч нар тоос татуулан явдаг байсан бол өнөө жилээс шинэ замаар давхих болж байна. Төв замаас хурдан морины уралдааны бариа хүртлэх 3,6 км автозамыг “Ялгуулсан”, “Пауэр ложистик”, “Төгс зам”, “Цүүрдэл” зэрэг дөрвөн компанийн 100 гаруй замчин Засгийн газраас гаргасан 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 21 хоногт хийж гүйцэтгээд Үндэсний их баяр наадмыгзохион байгуулах комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.
Зам хүлээж авсан Шадар сайд дараа нь Хүй долоон худагийн тохижилтын ажилтай танилцсан юм. Хүй долоон худагийн наадам бэлтгэл 100 хувь хангагджээ. Өөрөөр хэлбэл, Хүй долоон худаг наадамчин олноо хүлээж авахад бэлэн болсон байна. Морь шүдлэх, айрагдсан морьдыг хаших хашаа болон морины зурхай, үзэгчдийн суудал зэргийг засаж, будаж тохижуулжээ. Мөн найман хаалга бүхий хоёр жорлон нэмж барьснаас гадна био жорлон 24-ийг байрлуулсан байна. Монголын урлагийн зөвлөлийнхөн солонгосуудтай хамтран морь барианы газарт гадаадын жуулчдад зориулсан “Соёлын наадам” зохион байгуулдаг уламжлалтай. Тус зөвлөлийнхөн гаднын зочдынхоо хамт Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэлтэй танилцаж таарсан бөгөөд тэд жилийн жилд бие засах газрын асуудал хүндрэлтэй байдаг.
Энэ жил ийм бэрхшээл арилж байгаад баяртай байна гэж байлаа. Хүй долоон худагт 150 гаруй аж ахуй нэгж нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авчээ. Өөрөөр хэлбэл, тэнд хуушуурын 150 гэр барих бөгөөд эхнээсээ гэрээ барьж эхэлжээ. Үүнээс гадна жижиг худалдаа эрхлэх 80 гаруй зөвшөөрөл олгосон байна. Наадамчин олонд үйлчлэх эдгээр аж ахуйн нэгжийн эздийг өнөөдөр цуглуулан уулзаж эрүүл ахуй болоод аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллах талаар зааварчилгаа, зөвлөгөө өгчээ.
Хүй долоон худагт наадмын бэлтгэл эхэлснээс хойш түүвэр цэвэрлэгээг гурван удаа хийж, 48 машин хог зөөж цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, Тохижилт, засвар үйлчилгээний салбар хорооны дарга Ч.Бат танилцууллаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд “Хүй долоон худагт хуурайшилт байгагүй байна. Баяр наадмын өмнөх энэ өдрүүдэд усалгаа сайн хийхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.