Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ШҮЛХИЙНЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.06 /
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улсын Онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулж гоц халдварт шүлхий өвчин, ой хээрийн түймрийн талаар хэлэлцэн шийд гаргав. Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг, Баянбүрдэд хаваржиж байсан малчин Н.Золзаяагийн суурьт 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүлхий өвчний шинж тэмдэг анх илэрсэн. Үүнтэй холбогдуулан хорио цээр тогтоон, хээрийн штаб ажиллаж, өвчтэй малыг устгах, эрүүл малаа урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, өвчний гаралт, тархалтыг зогсоох, ариутгал халдваргүйжүүлэх ажил эхэлсэн байна.

Үүнээс хойш буюу 2010 оны 5 дугаар сарын 14-нөөс тус аймгийн Матад, Баянтүмэн, Халхгол, Булган сумын нутагт шүлхий өвчин 5 удаа голомтлон гарсан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдан, яаралтай хэрэгжүүлэх ажил, зардлын талаар хэлэлцэж Засгийн газарт асуудлаа оруулсны дагуу Засгийн газраас вакцинжуулалт зэрэгт 326 сая төгрөг гаргасан байна. Мөн Ажлын гурван хэсэг газар дээр нь ажиллан холбогдох арга хэмжээг авчээ. Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын тушаалын дагуу 2010 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 3-ны өдөр дуустал Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажилласан тухайгаа Ажлын хэсгийн ахлагч, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дээд дэслэгч М.Энх-Амар танилцууллаа.

Шүлхий өвчний халдвар авсан 1400 орчим малыг устган, булшилж халдваргүйжүүлжээ. Дээрх аймагт малыг вакцинжуулан, үзлэг тандалт хийж,  автомашин, зорчигчдыг ариутган халдваргүйжүүлэх цэг байгуулж, малын шилжилт, хөдөлгөөн, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг шалган нэвтрүүлж, байнгын болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Шүлхий өвчин тараагч цагаан зээрийн шилжилт хөдөлгөөн их, баруун тийш олноороо нүүдэллэж байгаа тухай малчид ажлын хэсгийнхэнд ярьжээ. Иймээс тархалтыг зогсоох үүднээс Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь аймгийн 7,1 сая малыг вакцинжуулах шаардлагатай гэсэн тооцоог ХХААХҮЯ хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Ажлын хэсгийн танилцуулгыг сонссоны дараа Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд дараах үүрэг, даалгавар өгөв.

Энэ дагуу :
• Сүхбаатар, Дорнод аймгийн төл мал болон вакцинжуулаагүй бог мал, Хэнтий аймаг дахь өвчлөмтгий малыг вакцинд хамруулах
• Хэнтий, Сүхбаатар аймгаас үржлийн бус мал, малын гаралтай  түүхий эдийг хот, бусад орон нутагт нийлүүлэхийг зөвшөөрч Дорнод аймгаас гаргахыг хориглох
• Голомтыг устгах, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэмэлт зардлын тооцоог гаргаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх
• Энэ удаагийн вакцин чанаргүй, дархлаа муу тогтоож байгаа гэсэн малчдын яриаг онцгой анхаарч, нэн даруй мэргэжлийн байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулах
• Жил бүр хил дамжин гардаг мал, амьтны гоц халдварт өвчний тандалт, судалгааг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт хийх
• Дээрх аймгийн нутаг дэвсгэрт байгаа 10 гаруй мянган цагаан зээрийн шилжилт, хөдөлгөөнийг хянах боллоо. 

ТӨВ, СЭЛЭНГЭ АЙМАГТ ТҮЙМЭРТЭЙ БАЙНА

Улсын Онцгой комиссын хурлаар мөн ой, хээрийн түймрийн байдлын талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрханы баруун хойд талын Хүрэн морьтын даваа, Ахиа, Сүү заан, Хурхын сүү, Зүүн сүү, Зааны бор энгэр зэрэг газар 50 км-ийн өргөнтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эх хүүхэд ууланд түймэр асч, Онцгой байдал, орон нутгийн нийт 90 орчим хүн  унтраахаар ажиллаж байна. Төв аймгийн Батсүмбэр сумын Арцатын төвгөр, Эрдэнэ сумын Хагийн хөндлөн, Хурхын сүв аманд гарсан түймрийг цурманд оруулсныг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дээд дэслэгч С.Залуухүү мэдээллээ.

Хэдийгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын алба, иргэд зүтгэж байгаа ч орон нутагт хүн хүч хүрэлцэхгүй тохиолдол цөөнгүй гарч байна. Онцгой байдлын ерөнхий газраас Ойн газарт албан бичиг илгээж түймрээс урьдчилан сэргийлэх зэргээр хамтарч ажиллахыг хүссэн ч ямар ч хариу аваагүй тухай хурлын үеэр яригдлаа. Манай улсын 12 аймгийн 42 сумын нутаг хуурайшилтын “нэн аюултай” зэрэгт байгаа бөгөөд 2010 оны 6 дугаар сарын 26-27-ны өдөр 11, 7 дугаар сарын 4-ний өдөр 4 удаа ой, хээрийн түймэр гарч байжээ.

Иймээс хуурайшилт ихтэй, нэн аюултай зэрэглэлд байгаа нутагт байгалийн дагалдах нөөц ашиглах, аялал зугаалга хийхийг хязгаарлах, үүлэнд нөлөөлж бороо оруулах, дархан цаазат газарт эргүүл ажиллуулж, орон нутаг мэдээллээ шуурхай солилцдог байх, түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын албаны ажилтан, иргэдэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түймрийн эзэн холбогдогчийг олж тогтоон нийтэд мэдээлэхийг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо.

2010 он гарсаар 12 аймгийн 40 суманд 73 удаа ой, хээрийн түймэр гарч 3 хүн нас барж, 6 хүн түлэгдэн, 830 гаруй бог, 106 бод мал хорогдсон байна.  866 707 га талбайг хамарч 910 сая төгрөгийн хохирол учруулсан түймрийг  унтраахад Онцгой байдлын албаны 984, Хилийн цэргийн 164 албан хаагч, орон нутгийн 2022 иргэн ажиллажээ. 2009 онд улсын хэмжээнд 15 аймгийн 67 суманд 120 удаа ой, хээрийн түймэр гарч, 405035,1 га талбай шатаж, 605.2 сая төгрөгийн хохирол учирсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд , Онцгой комисс ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
М.Энхболд: Энэ зам наадамчдадаа барих сайхан бэлэг боллоо
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ШАГНАЛАА ГАРДЛАА
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
С.Батболд: Илүү олон асуудлыг шийдвэрлэх зорилт та бүхний өмнө байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан