Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Арвин, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд амаржих газруудын үйл ажиллагаа, тулгарч байгаа хүндрэлтэй танилцан цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон байна.
2010 оны 1 дүгээр сард Нэгдүгээр амаржих газарт нярайн халдвар гарсны улмаас үйл ажиллагааг нь зогсоон эхчүүдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Хоёрдугаар амаржих газар, “Хатагтай”, “Таны төлөө бид” эмнэлэгт шилжүүлсэн. Ерөнхий сайд С.Батболд тухайн үед газар дээр нь байдалтай танилцан их засварт шаардлагатай 2,1 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдсэн юм. Ингэснээр Нэгдүгээр амаржих газар 6 дугаар сарын 18-наас эхчүүдээ хүлээн авч ажиллаж байна.
Цаашид нэг, хоёр, гуравдугаар амаржих газрын барилгыг өргөтгөж 4 дүгээр төрөх газрыг шинээр барихаар төлөвлөж байна. Үүнд нийт 19 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд төсөвт тусгагдсан хөрөнгөөс гадна бусад эх үүсвэр ашиглан ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд салбарын яам, хотын удирдлагад үүрэг болголоо. 4 дүгээр амаржих газрыг хаана барих зэрэг асуудлыг одоогоор эцэслэн шийдээгүй байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.