Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабха-гийн (Ардын танхимын) дарга Мейра Кумар, түүнийг дагалдан яваа төлөөлөгчидтэй 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ Монгол Улс Энэтхэг Улстай олон жилийн уламжлалт, найрамдалт, нөхөрсөг харилцааг хөгжүүлж ирсэн бөгөөд энэ жил “дөрвөн тавын жил” буюу Монгол Улс Энэтхэг Улстай 1955 онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа ч бидний харилцааны түүх мянга гаруй жилийн уламжлалтай юм гэлээ.
Ерөнхий сайд түүнчлэн хатагтай М.Кумарын Монгол Улсад хийж байгаа айлчлал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд том хувь хэмэр болно гэдэгт итгэлтэй байна гээд, парламент, соёл боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэндийн салбарт Монгол-Энэтхэгийн харилцаа өргөжин тэлж байгааг дурдаад, цаашид Энэтхэгийн талтай мэдээлэл технологи, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээлттэй байгаа бөгөөд эдгээр салбарт Монгол Улс Энэтхэг Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, идэвхжүүлэх хүсэлтэй байна гэлээ.
“Далайд гарцгүй Монгол Улсын хувьд мэдээллийн технологийг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой хөгжлийн гарц болох бөгөөд бид монголын мэдээллийн технологийн хөгжлийн төв болох “Цахиуран хөндий”-г байгуулах зорилт тавин ажиллаж байна. Иймээс мэдээллийн технологийн салбарыг амжилттай хөгжүүлж байгаа Энэтхэг улсын туршлагаас суралцах, техникийн туслалцаа авах, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидэнд чухал ач холбогдолтой юм” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Мөн Энэтхэгт суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах, мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх, мэргэжилтэн солилцох сонирхолтой байна гэдгээ уулзалтын үеэр Ерөнхий сайд илэрхийлсэн юм. Хатагтай М.Кумар Монгол Улс нь парламентын ардчиллыг амжилттай хөгжүүлж байгаа орон бөгөөд хоёр орны парламентын түвшний харилцаа, хамтын ажиллагаа, дээд хэмжээний харилцан айлчлалын механизм идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэв.
Тэрээр Монгол Улс бол сонгуулийн тогтолцоо, ардчилал, парламентат ёсыг хөгжүүлж байгаа үлгэр жишээ орон бөгөөд Энэтхэгийн талд Монголын талаас суралцах зүйл их байгааг тэмдэглэлээ. Мөн хатагтай спикер “Манай хоёр улсын харилцаа нь юуны өмнө оюун санааны хэлхээ холбоон дээр тогтдог. Бид улс төрийн харилцан итгэлцэл, харилцан ашигтай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсдэг” гэдгийг онцоллоо.
Уулзалтын үеэр хатагтай М.Кумар Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Энэтхэгийн талын зардлаар Энэтхэгийн их, дээд сургуульд жил бүр суралцуулах монгол оюутны тоог хоёр дахин нэмэгдүүлэх болсноо мэдэгдлээ. Мөн хатагтай М.Кумар хоёр тал цаашид мэргэжилтэй боловсон хүчин сургах, уул уурхай, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой юм гэлээ. Уулзалтын төгсгөлд Хатагтай М.Кумар түүнд болон түүнийг дагалдан яваа парламентын гишүүдэд монгол соёл заншил, урлаг, эрийн гурван наадам гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэдгээ Ерөнхий сайдад илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.