Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4-р сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужид зохиогдож буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтийн хуралдаанд оролцлоо. Ерөнхий сайд С.Батболд улс орондоо ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд тус чуулга уулзалтын нээлтийн үеэр “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Илтгэлдээ ногоон эдийн засаг бий болгох асуудлаар Азийн орнууд бодлого үйл ажиллагаагаа нэгтгэх, дэлхийн улс орнууд эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх шаардлагатайг санхүүгийн хямралын сургамж харуулсан талаар өгүүлэв. Дэлхийн эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд Боаогийн хурал чухал хувь нэмэр болох төдийгүй хүчтэй, эрүүл, өрсөлдөх чадвартай Азийг бий болгоход ч нөлөөлнө гэж Ерөнхий сайд С.Батболд дүгнэлээ.
Мөн хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих, байгальд ээлтэй технологийг ашиглах замаар уул уурхай, төмөр зам, барилгын үйлдвэрлэл зэрэг дэд бүтцийн салбараа хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаагаа онцлон дурдлаа. Ерөнхий Сайд С.Батболдын тавьсан илтгэлийн талаар Боаогийн хурлын зохион байгуулагчид болон оролцогчид байр сууриа илэрхийлэн Монгол Улс байгалийн нөөцөө ашиглан хөгжилд хүрэх зорилтуудаа амжилттай биелүүлэхийг хүсэв.
Боаогийн чуулга уулзалтын нээлтэд Азийн улс орнуудын удирдлага, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий 1000 гаруй хүмүүс оролцлоо. Энэхүү чуулга уулзалтын үеэр “Хөрөнгийн зах зээл: Азийн эдийн засгийн өөрчлөлтийг санхүүжүүлэх нь”, “Их 8-аас 20-ийн бүлэгт шилжих нь: шинэ бүтэц, шинэ дүрэм, шинэ тоглогчид”, “Хүлэмжийн хий багатай эрчим хүч: Азийн бүс нутаг дэлхийг тэргүүлж чадах уу?”, “Өсөлтийн талаар эргэн бодохуй”, “Хэрэглээнд шилжих нь: Азийн загвар” зэрэг сэдвээр салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.