Гамшигт өртсөн малчдад зориулж Япон Улсын Засгийн газрын “Төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сан”, “Өвсний үндэс” хөтөлбөрөөс 999 сая төгрөгийн үнэ бүхий малын тэжээл, гурил зэргийг буцалтгүй тусламжаар өгсөн байна. Тусламжийн бараа ачсан цуваа 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тусламжийг Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн малчдад хүргэх юм.
Дээрх 12 аймагт тус бүр 100 тонн малын хорголжин тэжээл, 40 тонн гурил ноогдож байна. Мөн Япон Улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар аймаг бүрт 45 тонн хорголжин тэжээл, 10 тонн гурил илгээжээ. Цувааг үдэх ёслолд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро болон албаны бусад хүн оролцов.
Хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгасан Япон Улсын Засгийн газарт Шадар сайд М.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Засгийн газар гамшигт өртсөн малчдад зориулж ээлж дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд хохирол багатай даван туулахын тулд нийт 6,8 тэрбум төгрөг зарцуулаад байна. 2010 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд 6,2 сая толгой мал хорогдоод байна.
ТӨВ АЙМГИЙНХАН ТУСЛАМЖИЙН БАРААГАА ХҮЛЭЭН АВЛАА
Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар өгсөн барааг Төв аймаг хүлээн авлаа. УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тусламжийн барааг хүлээлгэн өгсөн байна. Төв аймагт ноогдож байгаа 195 тонн барааг богино хугацаанд сумдадаа хүргэхийг орон нутгийн удирдлагад Шадар сайд даалгалаа. Төв аймгийн 8 сум гамшгийн байдалд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 400 гаруй мянган мал хорогдоод байна. 1000 гаруй малаас ердөө 20-иодхонтой үлдсэн айл ч цөөнгүй байгаа гэнэ.
Цас их орж, эрс хүйтэрснээс эх мал тарга хүч алдан, жилбэ муутай төллөж байна. Төв аймгийнхан гарсан төлийн 60 хувийг 10 хоног тэжээхэд хүрэлцэх сүү, тэжээлийн нөөц бүрдүүлж, өвс, тэжээлийн фонд байгуулан, улсын нөөцөөс хямдралтай үнээр өвс, тэжээл авчээ. Мөн өдөр Шадар сайд М.Энхболд, Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро нар Төв аймгийн Сэргэлэн сумын малчдын гэрээр орж амьдрал ахуйтай нь танилцан тусламжийн бараа өгсөн байна. УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд өмнө нь тойрогтоо ажиллаж байхад Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг сум хүн эмнэлгийн машинтай болох хүсэлт тавьж байсан. М.Энхболд энэ асуудлыг шийдвэрлэж мөн өдөр дээрх сумдын хүн эмнэлгийн эрхлэгч нарт автомашиныг нь хүлээлгэн өгчээ.
Цаашид малчдын эрүүл мэндэд анхаарах, малгүй болсныг нь малжуулах, банкны зээлийн асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх зэрэг чиглэлээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг ирэх гурван 7 долоо хоногт багтан саналаа Засгийн газарт танилцуулахаар төлөвлөсөн байна.