Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол дахь Солонгосын жил”-ийн нээлтийн ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ким Дэ Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд энэ нь олон зууны турш түүхэн хэлхээ холбоотой явж ирсэн монгол, солонгос үндэстний харилцаанд шинэ хуудас нээсэн үйл явдал юм гэв.
Тэрбээр хоёр улсын харилцааг бүхий л салбарт эрчимтэй жигдхэн хөгжүүлэх, юуны өмнө бүрэлдэн тогтож буй хүмүүсийн хоорондын харилцаа, өөрөөр хэлбэл ардын дипломатын харилцааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байна. Солонгос Улс хурдтай хөгжиж байгаа, хөгжлийн менежмент сайтай, өндөр технологитой. Монгол Улс түүхий эдийн баялаг нөөцтэй, хөгжлийн гарц сайтай орон. Эдгээр боломжуудыг харилцан ашиглаж хослуулах нь хөгжлийн амжилтад хүрэх үндэс болно. Мөн чөлөөт худалдааг хөгжүүлэх нь чухал юм. Одоогийн тогтсон харилцаандаа тулгуурлан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бүрэн боломж байгаа хэмээн үзэж байна.
2011 онд танай улсад “Монголын жил” болно. Энэ арга хэмжээ нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх сайхан боломжийг бүрдүүлнэ. “Монголын жил”-ийг зохион байгуулахад танай яамнаас дэмжлэг үзүүлэхийг хүсье. “Монгол дахь солонгоын жил”-ийн хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээнүүд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өндөр дээд түвшний давтамжийг хадгалах, харилцаа, хамтын ажиллагааг агуулга талаас нь анхаарах хэрэгтэй юм.
Хоёр орны соёл, урлагын салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна. Одоо биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж хоёр орны тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх, эмч мэргэжилтнүүдээ солилцох, манай тамирчдыг сургалтад хамруулах, спортын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлд хамтран ажиллах боломж байна” гээд БНСУ-ын баг тамирчид өвлийн олимпод амжилттай оролцсонд баяр хүргэв.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд “Манай хоёр орны ойр дотно байгаа харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өргөжинө гэдэгт найдаж байна. Цаашид уламжлалт харилцаагаа хадгалан гүнзгийрүүлэх учиртай. Монгол Улс үсрэнгүй хөгжих цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай талаас харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө тодорхой саналуудыг тавих болно” гээд Ерөнхий сайдыг соёл, спортын чиглэлд анхаарал тавьж байдагт талархаж явдаг гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.