ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ БАТЛАВ
Оюутолгойн ордын талаар байгуулсан Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернейшнл Холдингс” компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийн биелэлтийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Гэрээний 15.7-д заасан гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хоёр тал биелүүлсэн тул Оюутолгойн ордын талаар байгуулсан Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто интернейшнл холдингс” компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо гэж Засгийн газар үзэв.
Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” нарын хооронд Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулж гарын үсэг зурсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч тал шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллав.
Оюутолгой ордыг ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг ЭБЭХЯ-ны харъяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч, холбогдох шийдвэр гаргалаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр өмнө нь бүртгэгдсэн эдийн засгийн үр ашигтай 25.3 сая тонн зэс бүхий 2.67 тэрбум тонн хүдрийн нөөц дээр тодорхой нөхцөлд ашигтай 19.6 сая тонн зэсийн нөөцөөс 5.7 сая тонн, 810 тонн алтны нөөцөөс 130 тонн, 5905 тонн мөнгөний нөөцөөс 1457 тонн бүхий 706 сая тонн хүдрийн нөөцийг тус тус “эдийн засгийн үр ашигтай” нөөцөд шилжүүлэн нэмлээ. Ийнхүү эдийн засгийн үр ашигтай нөөцийн хэмжээг 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө бүхий 3.38 тэрбум тонн хүдрээр тооцон нэмэгдүүлэв.
“Оюутолгой” ХХК нь тодорхой нөхцөлд ашигтай үлдэж буй 14 сая орчим тонн зэсийн асуудлыг техник, технологийн шинэчлэл, металлийн зах зээлийн үнэ, байгууллагын үйл ажиллагааны зардал багассан тохиолдол бүрт эдийн засгийн үр ашигт тооцоо, тодотгол хийж байхаар болов. Мөн 5 жил тутамд ТЭЗҮ-дээ тодотгол хийж байхыг “Оюутолгой” ХХК-д үүрэг болголоо.
Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Хөрөнгө оруулагч талтай хамтран шалгаж, харилцан тохиролцоонд хүрэв. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,4 тэрбум төгрөг гарснаас хамааралгүй зардлууд болон Оюутолгой төслийн хайгуулын ажлын зардал 508,7 тэрбум төгрөгийг тооцон хаслаа. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч талын хоорондын хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг 1079,7 тэрбум төгрөгөөр тогтоов.
“Рио Тинто” группийн Айвенхоу Майнз Лимитед” компани дахь эзэмшлийн хувь 9,8 хувиас 22,4 хувь болон нэмэгдсэн байна. Оюутолгой гэрээ хүчин төгөлдөр болсноор төслийн бүтээн байгуулалтын болон бараа, бvтээгдэхvvн нийлvvлэх, vйлчилгээ vзvvлэх зэрэг дагасан бизнесийн ажиллагаанд дотоодын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах боломж нээгдэв. Оюутолгойн төслийн бэлтгэл ажил болох бүтээн байгуулалт, барилгын ажлын хугацаанд 4000-5000 хvн ажиллаж, шууд болон шууд бусаар нийт 10000 ажлын байр шинээр бий болно. Төслийн ашиглалтын үе шатанд 2500-3500 хvн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм.
Монгол Улсын уул уурхайн хамгийн том төсөл болох стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар эдийн засаг, санхүү, мөнгөний эргэлт сайжрах, дэд бүтцийн томоохон байгууламж, шинэ хот тосгон баригдаж, хүн амын төвлөрөл багасан, ажлын байр нэмэгдэх зэргээр айл өрх, улс орны амьдралд ахиц дэвшил гарч хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж “Зууны бүтээн байгуулалт” болох бололцоо бүрдлээ.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлтийг тодорхойлох, монголын ард түмэн хойч үед үр ашгаа өгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татан стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эхлэл болж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДСОН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” нарын хооронд Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулж гарын үсэг зурсан. Энэ хугацаанд Ажлын хэсгийн зүгээс Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө буюу гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хангахад шаардлагатай арга хэмжээ авлаа. Үүнд:
А. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийн биелэлтийн талаар:
1. Оюутолгойн ордыг ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ЭБЭХЯ-ны харъяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж дахин хэлэлцэх болсон. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс тавьсан шаардлагын хариуг тус компани 2010 оны 3 сарын 11-нд ирүүлсэн бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж холбогдох шийдвэр гаргав.
2. “Антре гоулд” компанийн эзэмшилд буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр тусгай зөвшөөрлийн талаар “Айвенхоу Майнз Лимитед” компанийн өмнө эдэлж байсан эрхийг гэрээгээр баталгаажуулан “Оюу Толгой” ХХК-д шилжүүлсэн бөгөөд үүгээр энэ нөхцөл биелэгдэж байна.
3. Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг Ажлын байнгын хороонд үргэлжлүүлэн ажиллуулах болсон. Ажлын байнгын хороо “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа болон гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдтэй холбогдох асуудлыг хэлэлцэн холбогдох арга хэмжээ авч ажиллалаа.
4. Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Талууд хоёр талаас нягтлан шалгаж харилцан тохиролцоонд хүрлээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,4 тэрбум төгрөг, үүнээс хасагдаж тооцох дүн буюу “Оюутолгой” төсөлд хамааралгүй зардал, “Оюутолгой” төслийн хайгуулын зардлыг 508,7 тэрбум төгрөгөөр тооцон хорогдуулж Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг 1079,7 тэрбум төгрөгөөр тогтоолоо.
5. Гэрээ хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар Хөрөнгө оруулагчийн хөрөнгөд шилжүүлэн бүртгэсэн зардал, татварын өр, хөнгөлөлтийг холбогдох татварын албаар баталгаажуулах урьдчилсан нөхцөл нь Хөрөнгө оруулагч тал дан ганц өөрийн эрх ашигтай хамааралтай тул гэрээний 15.9-д заасны дагуу Засгийн газарт албан бичгээр хангагдсанд үзэж асуудлыг хойшлуулан гэрээ хүчин төгөлдөр болсоны дараа хийж гүйцэтгэхээр боллоо.
6. “Айвенхоу Майнз Лимитед” компани нь Монгол Улстай давхар татварын гэрээ байгуулсан Нидерландын Вант Улсад “Оюутолгой Нидерланд” компани байгуулан Хөрөнгө оруулагчийн өмчлөлийг шилжүүлэх бүтцийн өөрчлөлт хийсэн болно.
7. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд холбогдох бүх Тал 2009 оны 10 дугаар сарын 6-нд гарын үсэг зурсан.
8. Хөрөнгө оруулагчийн дүрмийг өөрчлөн Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудад бүртгүүлсэн болно. Харин гэрээ хүчин төгөлдөр болсоны дараа компанийн дүрмийн сан, хувь нийлүүлэгчдийн тоо зэрэг өөрчлөлтийг компаний дүрэмд оруулах болжээ.
9. “Оюутолгой” төсөлд хамааралгүй зарим тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн.
10. “Рио Тинто” групп болон “Айвенхоу Майнз Лимитед” компанийн хооронд байгуулсан Хувьцаа борлуулах гэрээний дагуу “Рио Тинто” группийн “Айвенхоу Майнз Лимитед” ХХК-ийн эзэмшилийн хувь нэмэгдэн 22,4 хувьд хүрэв. Цаашлаад ирэх 18 сарын хугацаанд энэ хувь, хэмжээ 46.6 хувьд хүрэх боломжтой юм.
“УТААГҮЙ УЛААНБААТАР” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Засгийн газрын хуралдаанаар “Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хөтөлбөрийг “100 мянган айлын орон сууц” болон авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хамт цогцоор нь хэрэгжүүлэхээр тогтсон байна.
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний болон дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хуулиудын төсөл, үзэл баримтлал болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.гансүх нарт үүрэг болголоо. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахална.
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
“Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүүлэх, чөлөөлөх журам”-ын 11 дэх заалтын “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барих...” гэснийг хасахаар шийдвэрлэв. 9 жил мөрдөж байгаа энэ журмын 11 дэх хэсэгт “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг арилгахад шаардагдах ажиллах хүч, мэргэжилтнийг Засгийн газрын шийдвэрийн дагуу гадаадаас авч ажиллуулах тохиолдолд ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө” гэж заасан байдаг.
Журмыг боловсруулсан 2001 онд нийгэм, эдийн засгийн хөгжил, нөхцөл байдал өнөөдөртэй харьцуулахад харьцангуй ялгаатай байсан, мөн “томоохон төсөл, хөтөлбөр, барилга, байгууламж барих” гэдэгт “Мянганы зам” зэрэг томоохон хэмжээний ажлыг багтаан ойлгож байсан юм. 2001 онтой харьцуулахад барилгын ажил далайцтай өрнөж байгаа энэ үед барилгын бараг бүх компани дээрх заалтын дагуу ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх санал оруулж байгааг бодлого, зохицуулалтын хувьд нэг мөр болгож, өөрчлөх шаардлага тулгарсан.
Нөгөө талаар дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа “томоохон төсөл, хөтөлбөр” мэтээр тайлбарлаж, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлж байгаа. Энэ нь барилга, уул уурхайн салбарт үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилчин бэлтгэх замаар гадаадаас авах ажилтны тоо, хэмжээг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид монгол ажилчдыг түлхүү ажиллуулах Засгийн газрын бодлоготой уялдахгүй байгаа учир ийм шийд гаргалаа.
ТОВЧХОН
• Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
• “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болов.
• “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлоход улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх хилийн боомтын жагсаалт”-д Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтыг нэмэв.
• 2010 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болох “Шувууны томуу болон томуугийн цартахлын асуудлаарх олон улсын сайд нарын 7 дугаар бага хурал. Цаашид авах арга хэмжээ-2010”-т Монгол Улсын Шадар сайд М.Энхболдыг оролцуулах нь зүйтэй гэж үзэв. Бага хурлаар шувууны томуу, томуугийн цартахлын дэлхий нийтийн бэлэн байдал болон Египет Улсын Шарм эль-Шейхэд 2008 оны 10 дугаар сард болсон өмнөх хурлаас гарсан шийдвэр, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцэн Сайд нарын тунхаг бичиг гаргах юм.