Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зориулсан ачаа бүхий БНХАУ-ын Агаарын цэргийн хүчний 6 онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдөр газардлаа. Тус улсын Засгийн газраас манай малчдад буцалтгүй тусламж болгон 10 сая юаны үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн, дулаан хувцас, эд материал, цахилгаан үүсгүүр нийлүүлж байна.
Тусламжийн барааг хүлээн авах ёслолд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Үй Хун Яо болон албаны хүмүүс оролцлоо. “Хэдийгээр БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан, Уйгар зэрэг зарим нутаг цас, зудтай байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгасан нь сайн хөршийн найрсаг харилцааны илэрхийлэл. Тусламж үзүүлж байгаа БНХАУ-ын ард түмэн, Засгийн газарт гүн талархал илэрхийлж, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийг чин сэтгэлээсээ хүсье” гэж Шадар сайд М.Энхболд хэлсэн үгэндээ тэмдэглэв.
“Энэ буцалтгүй тусламж цас, зудын хүндрэлтэй байгаа аймаг, сумдын малчдад учирч болох эрсдэл, хохирлыг бууруулахад ихээхэн тус, дэм болно гэдэгт найдаж байна. БНХАУ-ын Засгийн газраас гадна ӨМӨЗО-ны хил залгаа аймаг, хошууд шууд харилцаагаар багагүй хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж байгаа” гэж тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Үй Хун Яо хэллээ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн бараа ачсан цуваа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өвөлжилт хүндэрсэн аймгуудыг зорилоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.