|
|
ТУСЛАМЖИЙН ЦУВАА ЗАМДАА ГАРЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.01 /
|
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Завхан, Төв аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нийслэлээс хөдөллөө. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын уриалгыг дэмжиж иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын хандив, тусламжаар бий болсон 1 тэрбум 404 сая төгрөгийн үнэ бүхий 2206.5 тонн өвс, тэжээл, гурил, будаа, түлш, эмийн болон хүнсний /4900 гаруй хос эсгий гутал, 300 ширхэг дулаан хувцас, 96 тонн гурил, 36 тонн цагаан болон шар будаа, 6 тонн лаа, 48 мянган хайрцаг шүдэнз, 4.8 тонн ногоон цай гэх мэт/ бүтээгдэхүүн малчдад хүрэх юм. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын зохион байгуулсан хандив, тусламж болох 1059 ширхэг нэмнээ, 873 хос бээлий, 48 хайрцаг хувцас, ноолууран бүтээгдэхүүн, хөнжил, бүтээлэг зэрэг 50 сая төгрөгийн барааг илгээлээ.
Тусламжийн цувааг үдэх ёслолд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлага, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, Улаанбаатар дахь аймгуудын нутгийн зөвлөлийн төлөөлөл оролцов. Цас зудын хүндрэлтэй байгаа аймгуудын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл ихээхэн идэвх гаргаснаас Архангай, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Завхан аймгийнхан онцгой анхаарсан байна.
Малчдад мөнгөн болон эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хөрш хоёр орны Засгийн газар, дотоод, гадаадын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлүүд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад Ерөнхий сайд талархал илэрхийлэв. “Хандив, тусламжийн барааг тухайн аймаг, орон нутгийн удирдлага сум, багтаа хурдан шуурхай хүргэх ёстой. Үүнд УИХ, Засгийн газрын гишүүд, аймгуудын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн удирдлага анхаарч биечлэн оролцох болно.
Цаг агаарын хүнд, хэцүү нөхцөлд малчин түмэндээ тусламжийн бараа хүргэх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажилд оролцож буй жолооч, тээвэрчдэд амжилт хүсье. Цаг зуурын бэрхшээлийг бид хамтдаа даван туулах болно” гэж тэрбээр хэллээ.Тодруулга. 2010 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар манай улсын нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. 7 аймгийн 37 сум гамшгийн, 14 аймгийн 100 гаруй сум зудын байдалтай байна. Улсын хэмжээнд 1 сая 712 мянган мал хорогдоод байгаа бөгөөд зарим сум нийт малынхаа 60 хувийг алдсан мэдээтэй байна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар мал өвөлжилттэй холбоотой төрөл бүрийн арга хэмжээнд 2 тэрбум 207 сая 900 мянган төгрөг зарцуулсан. Мөн өвөлжилт хүндэрсэн 12 аймаг тус бүрд нь 230 сая төгрөгийн санхүүжилт өгөх асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан юм. Орон даяар өрнөж байгаа хандивын аяны дүнд ОБЕГ-ын дансанд 580 гаруй сая төгрөг цугларч, 50 орчим сая төгрөгийн бараа материалын хандив төвлөрөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДРОВ
|
|
Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгов
|
|
|
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 10 САЯ ЮАНЫ ТУСЛАМЖ ИРЛЭЭ
|
|
Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд талархал илэрхийлэв
|
|
УЯАЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР БОЛЛОО
|
|
|
|
|
|
|
|
|