Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин З.Ганхуяг, мөн аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн малчин Ж.Хэнмэдэх нар “Улсын сайн малчин” цол, тэмдгээр энгэрээ мялаалаа. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймагт ажиллан сайн малчны шагналыг гардуулав. Сайн малчдын арга туршлага, малч ухаан бусдад үлгэр дууриал болж байгааг Шадар сайд М.Энхболд үнэлээд өвс, тэжээл гээд шаардлагатай бүхнийг эртнээс бэлтгэж, байгаль, цаг агаарын хүнд нөхцлийг үл ажран малаа онд мэнд оруулж байгаад нь Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэсэн байна.
Сайн малчин З.Ганхуяг удам дагасан малчин бөгөөд 17 жил мал маллаж байна. Тэрээр 2003 онд аймгийнхаа сайн малчнаар шалгарч байсан бол энэ жил “Улсын сайн малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болжээ. 4500 гаруй малтай сайн малчин цаашид малаа чанаржуулж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бодолтой байна. З.Ганхуяг мал сүргээ өсгөхийн зэрэгцээ нэг гар худаг шинээр гарган 4 худаг сэргээн засварлаж, булаг шандын эхийг хашиж хамгаалан хашилт хийж, цөөрөм байгуулан нэг удаа 3-4 суурь мал услах боломжтой болгосон зэрэг олон хийжээ.
Мөн аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн малчин Ж.Хэнмэдэх энэ жил 3500 гаруй мал тоолуулж 2 туслах малчин авч ажиллуулж байна. Тэрээр 2007 онд аймгийнхаа сайн малчин цол хүртэж байсан бөгөөд 20 жил мал маллаж байгаа юм. “Малын хашаа, саравчаа дулаалж, өтөг бууцаа шинэчилэн, хадлан, тэжээлээ хангалттай базаасан нь өвлийг өнтэй давах нэг үндэс боллоо. Гэхдээ хахир хатуу хаврын 3 сар байгааг мартаж болохгүй” гэж сайн малчид ярилаа. “Улсын сайн малчин”-ыг шалгаруулахдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 75 үзүүлэлтээр судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлуулдаг.
Энэ дагуу ХХААХҮЯ-ны комисс дээрх хоёр малчны хотонд очин, ирүүлсэн материалыг бодит байдалтай нь харьцуулж дүгнэлтээ гаргасан байна. Улсын сайн малчид мал сүргээ өсгөхийн зэрэгцээ мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малын чанар сайжруулах, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх, сум, орон нутгийн хөгжилд тодорхой туслалцаа, дэмжлэг үзүүлэх, ажлын байр бий болгох, цөөн малтай малчдыг малжуулах, малаа эрсдлээс хамгаалж даатгуулах, арга барилаа залуу малчдад сурган өвлүүлэх, бэлчээр нөхөн сэргээхэд бусдаас илүү санал, санаачилга гаргасан гэж комисс үзжээ.
Тодруулга :
Энэ жил 32 хүн “Улсын сайн малчин”-аар шалгарсан бөгөөд ихэнх нь удам залгасан малчин. 32 малчин 3 жилд сум, орон нутгийнхаа орлого багатай, цөөн малтай 220 өрхөд 18 мянган мал өгч малжуулсан байна. Мөн 19 мянган мал зах зээлд борлуулж, 9 мянга гаруй малыг үржилд зориулан худалджээ. Нэг малчин гэхэд л жилд дунджаар 28 сая төгрөгийн орлого олж, улсад 186.7 мянган төгрөгийн татвар төлсөн байна. Монгол Улсын Засгийн газар амжилт гаргаж байгаа малчдыг 1992 оноос хойш “Улсын сайн малчин” цол, тэмдгээр шагнаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 322 хүн энэ шагналын эзэн болоод байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.