Хот хоорондын, хотын доторх ярианы тарифыг адил болгов
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт ажиллан тус салбарынхантай уулзав. Ерөнхий сайдын чиглэл болгосноор харилцаа холбооны үйлчилгээний үнэд мөрдөж байгаа хот хоорондын, хотын дотор гэсэн ялгаатай тарифыг тэгшитгэж ижил тарифтай болголоо. Энэ тухай гэрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Монголын цахилгаан холбоо компанийн захирлууд гарын үсэг зурав.
Үүний үр дүнд өмнө нь газар зүйн байрлалаас ихээхэн зөрүүтэй байсан бүх төрлийн ярианы үйлчилгээ аймаг, хот хоорондын гэж ялгалгүй анх удаа ижил түвшинд хүрч, тоон технологийн хуваагдлыг багасгах зорилт нэг алхамаар урагшилсан үр дүн гарлаа. 2 дугаар сарын нэгнээс интернетийн үнийг мөн газар зүйн байрлалаас үл хамаарч ижил тарифт шилжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв. Ерөнхий сайд тус салбарынхантай уулзахдаа интернэтийн урсгалыг нэмэгдүүлэх, үнэ тарифыг хямдруулах, бүх нийтийг компьютержүүлэх зэрэг зорилт амжилттай хэрэгжиж, орон даяар нэвтрүүлэг цацах телевизийн тоог нэмэх, шилэн кабелийн гол сүлжээ үүсгэх зэрэг ажил эрчимтэй өрнөж байгааг хэлсэн үгэндээ тэмдэглэв.
1970-аад оны үед АНУ-ын зүүн эрэгт хэт төвлөрсөн хөгжлийн төвийг саармагжуулж баруун эрэг рүү шилжүүлэх зорилгоор байгуулсан мэдээллийн технологийн кластер бол дэлхий дахинаа Силикон Ваалий буюу Цахиуран Хөндий хэмээн алдаршсан. Өндөр технологийн бизнесийн кластерийг хөгжүүлэх жишиг болсон энэ загвар, стандартаар Монголынхоо Силикон Ваалий-Цахиуран Хөндийг хамтдаа байгуулах санаачилга гаргаж судалж үзэх ёстой. Монголынхоо Цахиуран Хөндий байгуулах газраа нийслэлийн ойролцоо сонгож, их дээд сургуулиудын хотхоныг төвлөрүүлж, технологийн дэд бүтцээр бүрэн тоноглосон сургууль, цэцэрлэг зэрэг орчинг цогцоор нь шийдсэн үлгэр жишээ хот болгон хөгжүүлж болно гэж Ерөнхий сайд хэллээ.
Засгийн газраас боловсролын салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийг нэгтгэж хотын ойролцоо байршуулах бодлоготой Цахиуран Хөндийг уялдуулах, мэдээллийн технологийн боловсрол олгодог тусгай хөтөлбөр бүхий дунд сургууль байгуулахаас эхлээд мэргэшсэн ажилтан бэлтгэх, бакалавр, магистр, докторын зэрэг олгодог сургалтын тогтолцоо байгуулж болно. Энэ дагуу БНЭУ-ын Засгийн газрын 20 сая ам.долларын зээлээр “Аутсорсингийн төв” байгуулах, мэдээллийн технологийн мэргэжлийн, дунд болон Их сургууль байгуулах цогц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэв.
Кластер дахь шинээр үүссэн компаниудийн амжилттай хөгжих нэг үндэс нь хөрөнгийн зах зээл. Учир нь Вээнчер хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа хөрөнгийн зах зээлтэй шууд холбоотой. Манай улсын хувьд кластерийг шинээр хөгжүүлэхээр зорьж буй хөрөнгийн зах зээлтэй уялдуулах нь зөв. Энэ асуудлыг бүгдээрээ судалж шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах ёстой гэж хэлэв. “Монгол Улсын сансарын холбооны үндэсний хиймэл дагуул”, “Мэдээллийн технологийн сургалт үйлдвэрлэлийн хотхон” төслийн хүрээнд улс орныг бүхэлд нь хамарсан өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулах томоохон ажил энэ онд үргэлжлэн хийгдэнэ.
Төсөл хэрэгжсэнээр иргэд мэдээлэл солилцох, нийгмийн олон төрлийн үйлчилгээ хүртэхийн зэрэгцээ гадаад улс оронтой бизнесээ хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх техник, технологийн өргөн боломж бий болох давуу талтай. Сүүлийн жилүүдэд аутсорсингийн чиглэлээр олон улсын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж буй компани цөөн боловч бий болж байгаа нь сайшаалтай. Программ хангамжийн дотоодын зах зээлийнхээ хэрэгцээг манай улсын компаниуд амжилттай хангасаар байгааг зохих ёсоор дэмжинэ. Банкны болон төрөл бүрийн бүртгэлийн систем, вэб суурьтай программ хангамжийг боломжийн түвшинд амжилттай хөгжүүлж байгаа ч чанарын асуудлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Харин вэб контентийн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг компани, байгууллага цөөн байгааг анхаарах хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэлэв.
Төрийн болон хувийн хэвшлийнхний мэдээллийн систем хэт доогуур байгаад дүгнэлт хийх, программ хангамж, мэдээллийн үйлчилгээний салбарын өсөлт төдийлөн ахихгүй байгаагийн учир шалтгааныг сайн судалж арга хэмжээ авахыг тэрбээр үүрэг болголоо. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбараа түшиглэн мэдлэгт тулгуурласан нийгмийг бий болгох асуудлыг төрийн бодлогоор дэмжинэ. Үүнд энэ салбарынхны үүрэг оролцоо, идэвхи санаачилга, хариуцлага чухал үүрэг гүйцэтгэнэ. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх зорилтыг хангахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлого, зохицуулалтын болон зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүлж бусад улс орнуудаас хоцрохгүй байхыг онцлов.
Улс орны кодчлол, төрийн цахим ойг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийгдсэн ч нийт иргэд, албан байгууллагыг нэг мөр ойлголттой болгох, нэгдсэн журмаар мөрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх ажил хүлээгдэж байна. Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог төгөлдөржүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөн, хаягжилтын систем, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг боловсронгуй болгох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүнд суртлыг арилгах, банк, санхүү, даатгал, халамжийн үйлчилгээ зэргийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулахад мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологи, шийдлийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бий гэж Ерөнхий сайд хэлэв.
Цаашид энэ салбарын давуу талуудыг төрийн бодлогоор яаж дэмжих вэ гэсэн салбарын цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, ингэхдээ эрдэмтэн судлаачид, бусад улс орны туршлага, хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагын санал дүгнэлтийг чухалчилан авч үзэхийг Ерөнхий сайд үүрэг болгов. Цахим гарын үсгийн хууль, Цахим хэлцлийн хууль зэрэг багц хуулийн төслийг эцэслэн Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих, хөдөөгийн харилцаа холбоо, интернэтийн үйлчилгээг 2012 он хүртэл хөгжүүлэх тусгай хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, уялдаа холбоо бодлого, зохицуулалтын арга хэмжээгээр дэмжих, Засгийн газраас баталсан салбарын томоохон хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс орныг хамарсан нэгдсэн нэг том мэдээллийн систем, төв байгуулж болох эсэх асуудлыг судалж шийдвэрлэх чиглэл өгөв.
Мэдээлэл, холбооны сүлжээний шинэчлэлт, өргөтгөлийг үргэлжлүүлэх, интернэтийн урсгалыг нэмэгдүүлэх, үнэ өртгийг хямдруулах, өндөр хурдны утасгүй интернэт, хөдөлгөөнт телевиз зэрэг шинэ төрлийн үйлчилгээг өрсөлдөөн, зохицуулалтын орчноор дэмжих, хөдөө орон нутагт интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим боловсрол, онлайн сургалт, цахим эмчилгээний нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, хэрэглээ үйлчилгээг нэвтрүүлэх, программ хангамж, гадаад дотоод аутсорсинг, оюуны багтаамж бүхий үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэх, төрийн үйлчилгээ, төрийн байгууллагуудын дотоод ажил, албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлага байгааг Ерөнхий сайд хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.