Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит 5 дугаар хуралдаан болж олон чухал асуудал хэлэлцэн шийдвэр гаргав.
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.01.20 /
Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд боловсролын салбарынхантай уулзсан уулзалт дээр хэлсэн үгэндээ “Бид дээд боловсролын үнэлэмжийг дээшлүүлж, энэ салбарт эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийхийг амьдрал Та биднээс нэхэж байна. Юуны өмнө өөрчлөлтийг төр өөрөөсөө эхлэх ёстой. Төрийн өмчийн 40 гаруй сургуулийг нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийж, чанартай боловсрол олгодог томоохон сургуулиуд болгох шаардлага байна” хэмээн онцлон тэмдэглэсэн билээ. Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэхүү асуудлыг хэлэлцэн тогтоол гаргаж төрийн өмчийн зарим их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож дор дурьдсанаар өөрчлөн зохион байгуулахаар болов.

Үүнд:
•    Улаанбаатарын их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Гааль, эдийн засгийн дээд сургуулийг МУИС-д;
•    Соёлын дээд сургууль,  Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио, телевизийн дээд сургуулийг СУИС-д;
•    Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг ШУТИС-д  тус тус нэгтгэхээр шийдвэрлэв.

Мөн:
•    МУИС-ийн харъяа Завхан аймаг дахь Эдийн засгийн сургууль, Орхон аймаг дахь сургуулийг МУИС-ийн салбар;
•    ШУТИС-ийн харъяа Орхон, Сүхбаатар, Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийг ШУТИС-ийн салбар;
•    Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС)-ийн харъяа Архангай аймаг дахь Багшийн коллежийг МУБИС-ийн салбар;
•    ЭМШУИС-ийн харъяа Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллежийг ЭМШУИС-ийн салбар;
•    СУИС-ийн харъяа Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллежийг СУИС-ийн салбар;
•    МУБИС-ийн харъяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг Ховд аймаг дахь Ховдын их сургуулийн салбар болгон өөрчлөх болов.

Түүнчлэн:
•    ХААИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийг МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд нэгтгэх;
•    ХААИС-ийн Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургуулийг Ховд аймаг дахь “Хөгжил” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэгтгэх;
•    Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг татан буулгах;
•    Үйлдвэрлэл, урлалын сургууль, Монгол-Солонгосын техникийн коллеж, Улаангом коллежийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулах;
•    Монгол-Солонгосын техникийн коллежийн харъяа Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг зогсоож Монгол-Солонгосын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн салбар сургууль болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

Ерөнхий сайд сургуулиудыг нэгтгэх үйл ажиллагаа зөв бөгөөд  чухал юм. Сургалтын чанар яваандаа дээшилнэ. Ижил мэргэжлээр давхардуулан сургадаг доголдол арилна. Сургалт эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоо сайжирна. Нэгтгэх үйл ажиллагаа нь сургуулиудын статусын хувьд нээлттэй хэвээр үлдэх зарчмыг баримтлах ёстой.

Иймээс шинэчлэлийнхээ эдийн засаг, эрх зүйн оновчтой орчныг бий болгож, эерэг, сөрөг талуудыг нь  онцлон анхаарч харгалзан үзсэний үндсэн дээр багш, оюутан, иргэд, олон нийтэд зөв ойлголт төрүүлэх чиглэлд сайтар ажиллах хэрэгтэй. Ингэснээр төрийн өмчийн 42 сургуулийг 16 болгон цөөрүүлэх боломж бүрдэнэ гэсэн үүрэг өглөө. Энэхүү арга хэмжээг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгалаа. Үүнд:

•    Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллах хэм хэмжээ тогтоосон зохицуулалтыг шинээр тусгах;
•    Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагыг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, бүс нутаг, нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн гаралтын түвшинг харгалзан цагдаагийн төв байгууллагын дарга аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн байгуулах;
•    Цагдаагийн төв байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутаг дэвсгэрийн болон төрөлжсөн цагдаагийн байгууллага, харъяа албадын зохион байгуулалтын бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга батлах;
•    Цагдаагийн албан хаагч хүч хэрэглэхгүйгээр үүргээ гүйцэтгэх боломжтой бол биеийн хүч, гардан тулааны мэх хэрэглэхийг хориглох замаар биеийн хүч, гардан тулааны мэх хэрэглэх ерөнхий хүрээ хязгаарыг зааж өгөх;
•    Аймгийн төвөөс бусад суманд 5-аас жил ажиллаж байгаа цагдаагийн зарим албан хаагчдад ажилласан 5 жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож байх, түүнчлэн тэдгээрийн эхнэр /нөхөр/-ийг орон нутгийн байгууллагаас ажлаар хангаагүй нөхцөлд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож эсхүл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тусламж олгож байх;
•    Албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй болсон бол албан хаагчдад гэмтлийн зэргийг нь харгалзан 3 жил хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;
•    Аймгийн төвөөс бусад суманд алба хааж байгаа цагдаагийн албан хаагчдад хүнсний хангалт олгох;
•    Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа бүрэн эдэлж чадаагүй цагдаагийн албан хаагчдад албан тушаалын цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал, нийтээр амрах баярын өдөр, шөнө, илүү цагаар болон хоног бүрийн амралтын өдөр ажилласан цагдаагийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол албан тушаалын цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зэрэг заалт орлоо.

Бензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг шинэчлэв
                    
Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас “Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав.

УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас:

•    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж буй 90 хүртэл октантай автобензинд  онцгой албан татвар “0” байсныг 120.000 төгрөг болгож;
•    90 ба  түүнээс дээш октантай автобензинд 80.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 90.000 төгрөг болгож;
•    Дизелийн түлшинд 30.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, гаалийн албан татвар “0” байсныг 5 хувь болгон 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ногдуулах;
•    Алслагдсан боомтоор орж ирж буй дизелийн түлшинд 49.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгох;
•    Бусад автобензинд ногдох онцгой албан татваруудыг мөн “0” болгохоор шийдвэрлэв.

2 дугаар сарын 14,15 шинийн нэгэн

Монгол зурхайн /Төгсбуянтын цаг тооны бичиг/ тооцоогоор Цагаан сарын баярын хаврын тэргүүн шар бар сарын шинийн нэгэн нь аргын тооллын 2010 оны 2 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд тус тус тохиож байна. Өөрөөр хэлбэл, 2010 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн  Бямба /долоо хоногийн амралтын өдөр/ гарагт хаврын тэргүүн сарын битүүн, 14-ний өдрийн Ням /долоо хоногийн амралтын өдөр/ гарагт шинийн нэгэн, 15-ны Даваа гарагт шинийн нэгэн, 16-ны өдрийн Мягмар гарагт шинийн хоёрон таарч байна.

Эл асуудлыг хуралдаанаар хэлэлцээд холбогдох хуулиудыг үндэслэн 2010 оны 2 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдийг Цагаан сарын баярын амралтын өдөр байхаар тогтов.

 Товчхон:

•    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн 2009 оны 12 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд ҮАБЗ-д оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.
•    БСШУ-ны сайд Ё.Отгонбаярыг 2010 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн Департаментын урилгаар АНУ-д айлчлуулах нь зүйтэй гэж үзэж, айлчлалын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
•    ХБНГУ-ын Мюнхен хотноо 2010 оны 2 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулах “Олон улсын аюулгүй байдал” сэдэвт бага хуралд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдыг оролцуулахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар шийдэв.
•    Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгох” талаар хийж байгаа ажлынхаа явцаас танилцуулав.
•     Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нийгмийн даатгалын салбарын өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх арга
хэмжээний тухай танилцуулав.
•    Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3 дахь заалтыг үндэслэн хурдан морины шигшмэл болон бүсийн уралдааны 2010 оны хуваарийг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД САЙХАН БИЧИГТЭНД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
ЕРӨНХИЙ САЙД АМБАН ЗАХИРАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
Монголын силикон ваалий-цахиуран хөндий байгуулна
Шинэ стандарт нэвтрүүлэхийн тулд сайд нар Европын улсуудад захидал илгээнэ
Ерөнхий сайд цан цохин 3631 дэх арилжааг эхлүүлэв
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан