Ерөнхий сайд “Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээ нэгдсэн чуулганы хуралдаанд танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ өвөлжилт хүндэрсэн аймгуудад дэмжлэг үзүүлэх, нөхцөл байдлыг судлах зорилгоор холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллуулж шуурхай арга хэмжээ авч, тэдний саналыг Засгийн газрын шийдвэрт тусгах арга хэмжээ авсан болно.
Улсын нөөцийн өвс, тэжээлийн гуравны хоёрыг малчдад үндсэн болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, малын эм, биобэлдмэлийг тусламжаар өгч, цаг хүндэрсэн сумдад эмнэлгийн түргэн тусламжийн машин, цахилгаан станц улсын нөөцөөс гаргаж, зам давааны цас арилгах, отрын малчдад эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж зарим аймгийн Засаг даргын Тамгын газарт нийт 2,207.9 мянган төгрөг олголоо.
Хилээр мах гаргах боомтын тоог нэмэгдүүлж, өвс нэвтрүүлэх зорилгоор шинээр түр боомт нээв.
Малчдад туслах хандивын хөдөлгөөн өрнүүлж, мал өвөлжилтийн нөхцөл байдлыг гадаад орон, хандивлагч байгууллагуудад мэдээлж тусламж дэмжлэг хүсэх зэрэг арга хэмжээ авлаа. Мал өвөлжилтийн ажлыг шуурхай зохицуулах үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ахалсан Улсын онцгой комисс хариуцан өвөлжилтийг даван туулах олон талт арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, малын тэжээл үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх, нийслэлд мах борлуулах ажлыг зохион байгуулах, өвс, тэжээл хүргэх, цаг үеийн байдлыг судлах, малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх ажлыг шуурхай зохицуулан ажиллаж байна.
12 аймгийн 155 суманд өвөлжилт хүндэвтэр байгаа мэдээ аймгуудаас ирсэн. Ажлын хэсгийн очиж ажилласан дүгнэлтээр 2010 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар мал өвөлжилтийн нөхцөл байдлыг улсын хэмжээгээр авч үзвэл 7 аймгийн 29 сум зудын гамшгийн хэмжээнд хүрсэн, 6 аймгийн 35 суманд өвөлжилтийн нөхцөл зудын хэмжээнд, 14 аймгийн 74 сум зудархуу байдалтай гэсэн дүгнэлт гарлаа. Цаана нь өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй 12 аймгийн 75 сум байна.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээгээр 1.5 сая орчим толгой мал хорогдсон гэсэн мэдээ гарлаа. Үүний дотор 109.0-299.0 мянга хүртэл малын хорогдолтой байгаа Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Дундговь, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад онцгой анхаарал хандуулах шаардлагатай боллоо. Мал өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын нутгийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, яам, агентлаг, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, иргэд, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын зүгээс малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэн идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газар дэмжин талархаж байна.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал гэсэн ардынхаа мэргэн үгийг санаж малчдад туслах энэ хөдөлгөөн, санаачилгыг цаашид улам идэвхжүүлж, байгууллага, иргэн бүр энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцож манай улсын эдийн засгийн гол салбар мал аж ахуйг зудаас хохирол багатай гаргахад туслахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний бие нийт иргэддээ хандан уриалсан. Засгийн газар мал өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээгээ цаашид үргэлжлүүлэхийн хамт Төрөөс малчдад болон хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр анхааран ажиллах болно. Мөн Монгол мал хөтөлбөрийг дэмжиж батлан хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн үндэслэл, ач холбогдлын талаар товч танилцуулая.
2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мал өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдын мэдээллийг сонсоод цаашид авах арга хэмжээний талаар нэмж шаардагдах 5.666.5 /таван тэрбум зургаан зуун жаран зургаан сая таван зуун/ мянган төгрөгийг 2010 оны улсын төсвийн “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргах нь зүйтэй гэж үзсэн билээ.
“Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь өвөлжилт хүндэрсэн аймгуудад олгох санхүүжилтийг 2010 оны улсын төсвийн “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас 3 тэрбум 760 сая төгрөг гаргах саналыг Улсын Их Хуралд оруулж байгаа юм. Өвөлжилт хүндэрсэн 12 аймаг тус бүрт 230.0 сая төгрөг олгож өвс, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч малчдад олгох, эмнэлгийн үйлчилгээг малчиддаа хүргэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахад зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа болно. Цаашид цаг агаарын байдлын улмаас бусад аймагт өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзан үзэж энэ хөрөнгөнөөс 1 тэрбум төгрөгийг Засгийн газрын мэдэлд үлдээж зарцуулах эрхийг олгуулах саналтай байгаа болно.
“Монгол мал” хөтөлбөрт зарцуулах хөрөнгийг гаргах зөвшөөрөл авч зарцуулаад, Засгийн газар уг хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх замаар шийдвэрлэх болно.
Энэ тогтоол гарснаар мал өвөлжүүлэх, цаашдаа хаваржуулах ажлын зохион байгуулалтыг сайжруулж, малчдад чиглэсэн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах үүрэг, хариуцлага аймаг, сумын бүх шатны удирдлага, ажил хариуцсан ажилтнуудад ногдож байгаа болно. Ингэснээр мал өвөлжилтийн талаар авч буй удирдлага, зохицуулалт, үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, одоогийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх болно гэв. Үүний дараа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултанд хариулав. УИХ “зөвшөрөл олгох тухай” тогтоолыг хэлэлцэхээр боллоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.