Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд санхүү, эдийн засгийн салбарынхантай уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.21 /
С.БАТБОЛД : ТӨСӨВ БАТАЛДАГ ХУГАЦААГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллаж санхүү, эдийн засгийн салбарынхантай уулзав. Шилжилтийн түвшнээс гарч эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх боломж манай улсад байна. Иймээс ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөлтөө тодорхой хийх нь маш чухал  байгааг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ эхэнд тэмдэглэв. Гэхдээ төлөвлөгөө гэхэд хэцүү мөрөөдөл мэтийн зүйл бичээд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бодлогын ямар орчин хэрэгтэйг мартдаг зуршлаасаа салахгүй бол олон сайхан зорилт цаасан дээр үлдэнэ гэдгийг Ерөнхий сайд анхааруулав. Ирэх 2011 оны төсвийг боловсруулж эхлэхээс өмнө ойрын жилүүдийн хөрөнгө оруулалтын бодлогыг  чамбай, нухацтай боловсруулах нь чухал байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.

Үүний тул  гадаад, дотоодын, хувийн хэвшлийн, зээлээр хийгдэх хөрөнгө оруулалтын мэдээллээ нэгтгэж,  салбарын яамд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулж бэлтгэхийг Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагад үүрэг болголоо. Ирэх оны эхээр зохион байгуулах “Монголын эдийн засгийн чуулга уулзалт”-аар эдийн засгийн хөгжлийн гол бодлого, санхүүжилтийн зарчим, сүүлийн 20 жилийн эдийн засгийн өөрчлөлт, ирээдүйн хөгжлийн стратеги, том төсөл хөтөлбөрийн бодлогын уялдааг хангахад санаачилгатай оролцох ёстойг Ерөнхий сайд анхааруулав.

Цаашид илүү хурдацтай, хөгжлийн зөв замаар явахын тулд одоо мөрдөж байгаа төсвийн бодлогодоо томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болсоныг Ерөнхий сайд тэмдэглэв. Зөвхөн төсвийн бодлогоор бүгд шийдэгдэхгүй ч нийгэм, эдийн засгийн олон асуудал төсвөөс хамааралтай учир шинэчлэлийг хэд хэдэн үндсэн чиглэлээр хийх ёстой гэж Ерөнхий сайд томъёолжээ. Төсвийг УИХ-аас баталснаас хойш хугацаанд ирэх оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбогдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалтыг явуулах зэрэг бүх бэлтгэл ажил хийгдэж дуусахаар тооцон төсвийг батлах хугацааг өөрчлөх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.

“Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийг батлан гаргаснаар уул уурхайн салбараас хамааралтай өнөө үед төсвийн зарлагыг хязгаарлаж, энэ салбараас орж ирэх орлогын тодорхой хэсгийг тогтворжуулалтын санд хуримтлуулан, орлого буурсан үед төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлж байх зохицуулалт бий болно гэж Ерөнхий сайд тэмдэглэв. Орон нутгийн удирдлагад төсвийн хөрөнгийг зарцуулах эрх мэдлийг түлхүү өгч, орон нутагт тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг хамт шилжүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэлэв. 
          
Төрийн болон нийгмийн үйлчилгээг иргэдэд хүргэх нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлж, хөрөнгө оруулалтыг үзэмжээр, хэн нэгэн албан тушаалтанд олдсон харьцангуй давуу байдлаар шийдвэрлэдэг зарчмыг халах ёстой. Аль ч шатанд хөрөнгө оруулалтын хуваарилалт нь тогтсон стандарт, аргачлалын үндсэн дээр тэгш хуваарилагддаг шинэ тогтолцоог бий болгох нь чухал байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Төсвийн байгууллагад хамгийн их хүндрэл учруулж байгаа тендерийн асуудлыг нэг тийш шийдэх. Үүний тулд тендерийг шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай, шуурхай болгох. тендер дагасан авлига, хээл хахуулыг ч цэгцлэх болсон тухай иргэд, бизенс эрхлэгчдийн санал, гомдлыг бодолцохыг Ерөнхий сайд анхааруулав.

Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчлөх, ялангуяа захиалагчийн хяналт, холбогдох стандартыг сайжруулах талаар Сангийн яам судалж, холбогдох төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөллийн санал бодлыг тусгаж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхийг даалгав. Бонд гаргах, бондын орлогыг ашиглах нь гадаад зах зээлээс хөрөнгө  босгох нэг арга, хэрэгсэл. Одоогоор бондыг гол төлөв төсвийн орлогын алдагдлыг нөхөх, банк, санхүүгийн байгууллагын активыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор гаргаж байгааг Ерөнхий сайд буруу гэж хэлэв. 

Хөрөнгийн эх үүсвэрийг хөгжлийн зориулалтаар ашиглахгүй байгаа энэ арга, хэлбэрээ өөрчилж хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан бондын эрэлт хэрэгцээг наад зах нь 2-3 жилийн өмнө урьдчилан төлөвлөдөг байх, борлуулалтын орлогоор хөгжлийн төслүүдийг санхүүжүүлдэг байх нь чухал. Азийн бондын зах зээлд Монгол Улсын нэрийн бонд өнөөг хүртэл арилжаалагдаагүй байгаад дүгнэлт хийхийг Ерөнхий сайд анхааруулав. Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах болсоны нэг учир шалтгаан нь дутагдаж болох хөрөнгө, хаанас хэрхэн бүрдүүлэх, хөрөнгө босгох арга хэмжээг эртнээс бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх зорилготойг ойлгож , хэрэгжүүлээгүй явж ирсэнээ анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд сануулав.

Хил, гааль, гадаад худалдаатай холбоотой нэгдсэн нэг стандарттай болох нь манай улсын хөгжлийн нэг чухал үзүүлэлт гэж Ерөнхий сайд үзэж байна.
Ингэснээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, тогтсон нэг стандарт, журмаар хурдан шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй болно. Мөн үйл ажиллагааны давхардал арилж, цаг хугцаа, орон тоо хэмнэн, гадаад худалдааг хөнгөвчлөх бодлого зорилтод өөрчлөлт гарч үр дүнд хүрнэ гэж Ерөнхий сайд хэлэв. Гадаад худалдааг хөнгөвчлөх, хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх чадварыг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг шинэ өнцөгөөс харж, олон улсын түвшний хил, гаалийн үйлчилгээг нэг дор хөнгөн, шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлсэн “Цогцолбор боомт”-ыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажил хийхийг холбогдох байгууллагад даалгалаа.

Татвар, гаалийн байгууллагын ажилтнуудтэй холбоотой авилга, хээл хахууль, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл багасч байгааг Ерөнхий сайд сайшаагаад  цаашид ч шинэчлэлийн чиглэлээр хийх ажил их байгаа. Эрхэлж байгаа ажлын онцлог, байгууллагын хяналт , шалгалтын тогтолцооноос хамаарч авлигад өртөх эрсдэл өндөр гэж судлаачид үзсээр байгааг сануулав. Монгол Улсын өмнө бий болж байгаа асар их боломж, цаашдын хөгжлийн хүрч болох амжилтад гадныхан ихээхэн итгэл найдвар тавьж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хамтдаа зөв сэтгэж, зөв бодож, идэвх санаачлагатай ажиллан амжилтад хүрнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Шадар сайд солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.23
Үйлдвэржүүлэлтийн жилийн хөтөлбөр үр дүнтэй болсон гэж ажлын хэсгийнхэн дүгнэлээ
Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчилж, шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай болгоё
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДЛӨӨ
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ШАДАР САЙД М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан