Дотоодын түүхий эд, нөөц боломжинд тулгуурласан, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор яг нэг жилийн өмнө Монгол улсын Засгийн газраас 2008 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарласан билээ. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий” ажлын хэсгийнхэн өнгөрсөн нэг жилийн ажлын хэрэгжилт, цаашид хэрхэн хамтран ажиллах, анхаарах зүйлүүдээ дүгнэж ярилцлаа.
Тус жилийн хүрээнд: “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулсан төдийгүй “Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” тухай хуулийг баталсан. “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, “Үйлдвэр технологийн паркын тухай” хууль, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр” гэх зэрэг эрхзүйн шинжтэй томоохон баримт бичгүүдийг батлуулаад байгаа юм.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Үйлдвэржүүлэлтийн жил” нэг жилийн хугацаатай зарлагдсан боловч энэ нь ингээд дуусаж байгаа биш юм. Энэ жил монгол орныг үйлдвэржүүлэх үндэс, хөрс суурийг тависан жил байлаа. Тиймээс энэ жил хийсэн ажлын алдаа дутагдлаа анхаарч, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, эхлүүлсэн арга хэмжээг цаашид маш үр дүнтэй тасралтгүй авч явах ажил биднийг хүлээж байна гэдгийг тэмдэглэн хэллээ. Тэрээр өнгөрсөн нэг жилийн ажлын алдаа оноогоо дүгнэн хэлэлцээд, зээлийн баталгааны сан байгуулах, лизингийн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа анхааруулж, цаашид хийх ажлын чиглэл өглөө.
Энэ жил жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр улсын төсвөөс 30,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн бүс болон бүх аймаг орон нутгуудад хуваарилж, үйлдвэр аж ахуй байгуулах, өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажилласан. Тус хөрөнгийг өмнөх жилүүдэд улсын хэмжээнд нэг тэрбум төгрөгөөр баталдаг байсан бол Үйлдвэржүүлэлтийн жилийн хүрээнд аймаг тус бүрд тэрбум төгрөгийн зээл олгогдож байгаа нь энэ жилийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг бөгөөд энэ нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсоныг ажлын хэсгийхэн онцоллоо.
Зээл олголт улсын хэмжээнд 97 хувьтай байгаа бөгөөд 1559 аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд 397 үйлдвэр шинээр байгуулагдаж, 1162 жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөж, нийтдээ 5500 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Зээлийн эх үүсвэр хэдий оройтож шийдэгдсэн ч улсын хэмжээнд хөнгөлөлттэй зээлийн сүлжээ бий болж, иргэд аж ахуйн нэгжийн дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхол бий болж, төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа идэвхжиж, зээлийн 80 орчим хувь нь бодитой хэрэгжсэн бөгөөд үйлдвэржүүлэлтийн жилийн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжсэн байна.