Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Мэргэжлийн сургуулиудад техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолд Ерөнхий сайд С. Батболдын хэлсэн үг
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.11 /
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоны дараа УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Монгол хүн бүр ажилтай болох ёстой” гэж цохон тэмдэглэсэн. Энэ бодлогыг амьдралд хэрэгжүүлэх чухал эхлэл тавьж буй арга хэмжээнд оролцож байна. Өнөөдөр Техник, технологийн коллежид мэргэжлийн сургуулиудад техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Мэргэжлийн боловсролын салбарт дан ганц Засгийн газар үйл ажиллагаа явуулах биш, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлохыг зорьсон юм.

Монгол хүнээ ажлын байртай болгохын тулд шинэ аж үйлдвэржилтийн бодлогыг бид дэвшүүлж байгаа. Оюу толгойн орд газрын араас ашигт малтмалын бусад ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж шинээр зэс хайлуулах, барилгын материалын, төмөр, коксын зэрэг нэмүү өртөг бий болгосон олон үйлдвэр ажиллаж эхлэх нь шинэ аж үйлдвэржилтийн бодлогын цөм байх болно. Дан ганц уурхайнууд биш олон боловсруулах үйлдвэрүүд, тэдгээрийг дагалдах үйлчилгээний төслүүдийг эхэлснээр жижиг дунд үйлдвэрлэл бодитойгоор хөгжих өргөн бололцоо нээгдэнэ. Үүнийг дагасан ажлын байрууд бий болох учиртай.

Ойрын таван жилд уул уурхайн олборлох, боловсруулах салбарт шинээр 21184 ажлын байр бий болох тооцоотой байна. Эдгээр шаардагдах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсрол сургалтад Засгийн газар болон олон улсын байгууллагын зүгээс ихээхэн анхаарал тавьж байна. Үүнд:

- Хууль эрх зүйн орчинг шинэчиллээ. “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулийг шинэчлэн баталж, мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийг байгууллаа

- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохоор боллоо

- Монгол улсын Засгийн газраас Мэргэжлийн боловсролын сургалтын салбарт сүүлийн 3 жилд  3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,  20 гаруй сургуулийн  хичээлийн байр, дадлагын газарт  засвар, өргөтгөл хийлээ. Үр дүнд нь Мэргэжлийн боловсролын салбарт суралцагсдын тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2009-2010 оны хичээлийн жилд 63 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд 44.6 мянган сурагч суралцаж,  хөдөлмөрийн зах зээлийг дэмжих сургалтаар 15,3 мянган  хүн  шинээр мэргэжил эзэмшсэн  байна. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд мэргэжлийн боловсрол эзэмшигчид тухайн сургуулиа төгсч гараад ажлын байртай болох үзүүлэлт өндөр байна. Улсын дунджаар хүн амын ажил эрхлэлтийн төвшин 61,8 хувь байхад мэргэжлийн боловсролын байгууллагыг төгсөгчдийн ажил эрхлэлт 64-70 хувь байгаа нь эрэлт хэрэгцээтэйгийн илэрхийлэл юм. Улсын статистикийн мэдээлэлээс үзэхэд машин тоног төхөөрөмжийн операторч, угсрагчдын дундаж цалин аж ахуйн бусад салбарт  ажиллагчдын дундаж цалингаас  даруй 30 хувиар өндөр байна. Мөн судалгаанаас харахад уул уурхай эрчим хүч барилга, газар тариалангийн  салбарт зарим нарийн мэргэжлийн ажилчид улсын дунджаас хоёр дахин илүү цалин авдаг түвшинд хүрлээ. Гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудаас ч энэ салбарыг ихээхэн анхаарч байна.

- Азийн хөгжлийн банкнаас орон нутгийн 6 Мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийн  хичээлийн байрыг сэлбэн засах,  тоног төхөөрөмжөөр хангахад зориулан 3.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийж байна.

- АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжаар  25 сая ам. долларын төсөл 2008 оноос хэрэгжиж,  энэ оны 9 дүгээр сард энэхүү төслийн санхүүжилтийг 22.1 сая ам.доллараар нэмэгдүүллээ. Мөн шинээр 15  Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын орчинг сайжруулж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр ханган, загвар төв болгохоор болж байна.

- Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Японы Ядуурлыг бууруулах сангаас   хамтран хэрэгжүүлсэн  “Хөдөлмөр эрхлээгүй залуучууд, насанд хүрэгчдийн мэргэжлийн албан бус сургалтын төсөл”-д нийт 2100 гаруй хөдөлмөр эрхлээгүй залуучууд, насанд хүрэгчдийг барилгын хамгийн их эрэлт хэрэгцээтэй найман мэргэжлийн чиглэлээр сургаж байна. Энэ сургалтанд хамрагдсан иргэд 104 барилгын компани, аж ахуйн нэгжид  дадлага хийж,  барилгын салбарт ажиллах ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Уг төслөөр 467.5 мянган ам. долларын өртөг бүхий  500 гаруй төрлийн 4100 гаруй орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, хичээлийн тавилга, хэрэгсэлийг нийлүүлжээ.

Өнөөдөр бидний гардуулж буй тоног төхөөрөмж хөдөө орон нутгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дадлагын баазыг орчин үеийн болгож, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэн гаргахад томоохон ахиц гаргана гэдэгт итгэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
Өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийв
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009.12.11
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГИЙН ХЭЛСЭН ҮГ
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан