Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордоны Их танхимд болж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хороон дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илтгэл тавилаа. Тэртээх 20 жилийн өмнө “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлан гаргасан өдөр болсон даруухан цуглаан бид бүхний дурсан тэмдэглэж байгаа түүхт үйл явдал, Монголын нэн шинэ үеийн Ардчилсан хөдөлгөөний эхлэл байсан. Нэг үзэл суртал бүхий хаалттай нийгэмд ирж яваа шинэ цаг үеийг мэдрэн цуглаан санаачлан зохион байгуулж оролцон айдас түгшүүр, эмзэглэл болгоомжлолоо залуу насны эр зоригоор ялж, ардчилсан хөдөлгөөний холбоо, эвсэл, нам байгууллагыг үүсгэн байгуулсан хүмүүст Ерөнхий сайд талархал илэрхийлэв.
Нөхцөл байдал хурцадсан тэр үед АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх “хүч хэрэглэж болохгүй” гэсэн зарчмыг тууштай баримталж, талууд асуудалд уян хатан, нухацтай хандаж, хэлэлцээрийн ширээний ард суун монголчуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн хамтын шийдлийг олсон гэдгийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв. Монгол Улсад ардчилал, ил тод байдал хэрэгтэй гэдгийг нийтээрээ мэдэрч байсны нэг илрэл нь МАХН-ын залуу гишүүд, эрдэмтэд эргэлтийн шинжтэй баримт бичиг боловсруулан намын онц их хурал хуралдуулж, шинэ мөрийн хөтөлбөр, дүрмийг батлуулах шаардлага тавьж байсныг ч Ерөнхий сайд илтгэлдээ дурьдлаа.
Өнгөрсөн 20 жилд ардчилсан өөрчлөлтийг дэмжиж, шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн тогтолцооны үндсэн институцийг тэргүүлж ирсэн үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хувиасаа болон нийт ард иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж, Монгол Улс ардчилалд эргэлт буцалтгүй орсон нь ардчилсан өөрчлөлтийн 20 жилд олсон хамгийн том амжилт. 1990 оноос хийсэн бүх судалгаагаар Монголын ард түмэн ардчилсан сонголтоо байнга зөв гэж үзэн, үүндээ хэзээ ч итгэл алдарч байгаагүйг Ерөнхий сайд онцлон С.Батболд тэмдэглэлээ.
Цаашид иргэдийн улс төрийн ухамсар, ардчилсан соёлыг төлөвшүүлснээр ардчиллаа улам бэхжүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.
Ардчиллын соёл, бүтээлч ухамсрыг төлөвшүүлэхдээ ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлсийг тайлбарласан онол, судалгааны материалыг сургалтын хөтөлбөрт тусгаж, ардчилсан нийгмийн давуу талыг хүүхэд, залуус, нийт иргэдийнхээ ухамсарт төлөвлшүүлэх нь ардчиллыг бэхжүүлэх ажлын нэг чухал хэсэг. Хүний эрхийн хэрэгжилт, ардчилсан соёл, ухамсрын төлөвлшилт нь гэр бүлийн түвшинд хамгийн их бүрэлдэх учир гэр бүлийг дэмжихэд онцгой анхаарах нь чухал гэж Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ монголчууд Азид анх удаа Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийж чадсаныг тэмдэглээд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, идэр есийн хүйтэн, өлсгөлөн гээд хүнд бэрхийг үл ажран ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан журмын нөхөддөө талархал илэрхийллээ. Мөн улс үндэстнээ гэсэн монгол хүний уужуу тайван ухаанаар хандан, хүчирхийлэл хэрэглэлгүй буулт хийж дэмжсэн тухайн үеийн нам, засгийн удирдлагууд, олдсон түүхэн боломжийг алдахыг хүсэлгүй тууштай дэмжсэн ард түмэндээ баярлаж байгаагаа илэрхийллээ.
Өнгөрсөн 20 жилд олсон амжилт, өнөөгийн өндөрлөгт хүрсэн бүхэн Ардчилсан нам эрийн цээнд хүрч, улс орныхоо эрт, эдүгээ, одоо, ирээдүйн өмнө хариуцлага хүлээж чадах, эв нэгдэлтэй улс төрийн том хүчин болсонтой салшгүй холбоотой гэж намын дарга Н.Алтанхуяг онцлон тэмдэглэв. Ардчилсан нам эв нэгдэлтэй байсныхаа хүчинд 20 жилийн түүхэнд анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болж чадсан. Цаашид Монгол орноо дэлхийн түвшинд хүргэх том зорилготой, чадвартай, шинэ цагийн ардчилал, шинэчлэл, хөгжлийн төлөө улам бүр хүчин зүтгэх болно гэж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.