НЭГ. Ардчилсан хувьсгал өрнөж Ардчилсан хүчнүүд байгуулагдан ялалтад хүргэсэн эхэн үе
Хоёр хөршийн геополитикийн түшиц газар мэт орших Монгол орон ертөнцөөс тусгаар, дорой буурай амьдралтай ард түмэн нь коммунизмын үзэл суртлын колоничлогдсон орон шиг мөлхөж байсан тэр үед дэлхий даяараа коммунизмийн эсрэг өрнөсөн их өөрчлөн байгуулалттай дуу хоолойгоо нэгтгэн Монголчууд бид Азид анх удаагаа ардчилсан хувьсгал хийсэн юм. Улаанбаатар хот, Ховд Хөвсгөл аймагт эрх чөлөөний төлөө тэмцэл өвлийн идэр есийн жаврыг сөрөн байж дуу дуугаа авалцан өрнөж эхэллээ.
1988 оны 12-р сарын 10. Бат-үүл, Амарсанаа, Цогтсайхан нарын байгуулсан “Шинэ үе” нэртэй нууц бүлгэм байгуулагдав. Тэд ухуулах хуудас бичгийн машинаар цохин Улаанбаатарын төвийн байрнуудын цонх, хаалганд шөнийн цагаар нааж байлаа.
1989 оны 11-р сарын 26-нд МАХН-ын Төв Хорооноос зохион байгуулсан “Залуу уран бүтээлчдийн II зөвлөгөөн”-нд оролцсон залуучууд ээлж дараалан индэрт гарч нам засгийг хурцаар шүүмжиллээ.
1989 оны 1-р сард Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж Ерөнхий зохицуулагчаар С.Зориг сонгогдсон бол 1989 оны 12-р сарын 28-ны өдөр Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсанаа зарлалаа.
1989 оны 12-р сарын 7. Ховд хотод Багшийн дээд сургуулийн оюутан багш нараас зохион байгуулсан жагсаал боллоо. Энд анх удаа “Улс төрийн товчоо огцор” гэсэн шаардлагыг ил тод тавьлаа.
Ийнхүү ард түмний хувьсгалт хөдөлгөөн улам бүр зохион байгуулалттай болон нягтарч 1990 оны 1-р сарын 24-ний өдөр МоАХ-аас Сүхбаатарын талбайд зохион байгуулсан цуглаанд олон мянган хүн оролцов. Дараахан нь МАХН-ын 15 эрдэмтэн өөрийн намын ТХ-д ил захидал бичиж намынхаа алдааг шүүмжлэв.
1990 оны 2-р сарын 17 түүхэн өдөр МоАХ-ын анхдугаар их хурал хуралдлаа. Улс төрийн шинэ үеийн ардчиллын төлөөх намууд төрөн гарч
1990 оны 2-р сарын 17-нд Монголын Ардчилсан нам байгуулагдсанаа зарлалаа.
1990 оны 3-р сарын 2 гэхэд Монголын социалист демократ нам байгуулагдав. Энэ үед Шинэ дэвшилтэт холбоо байгуулагдсанаа зарлав.
1990 оны 3-р сарын 4-ний өдөр МоАХ, АСХ, ШДХ болон Оюутны холбооноос хамтарсан цуглаан зохион байгуулж МАХН-ын Төв Хороо Засгийн газарт тодорхой шаардлагууд тавив. Энэ цуглаанд 90000-100000 хүн оролцож Монголчууд ардчилал шинэчлэлийг анхнаас нь дэмжсэний илэрхийлэл юм.
1990 оны 3-р сарын 7-нд МоАХ-аас зохион байгуулж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлан Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавьсны дүнд МАХН шаардлагыг бүрэн хүлээн авч УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
Ийнхүү идэр есийн хүйтэнд эхлүүлсэн бидний тэмцэл амар замаар амжилтанд хүрээгүй. Бид эх орон, эрх чөлөөнийхөө төлөө Ардчиллын хонхыг цохиж, идэр есийн жихүүн хүйтэнд жагсч, өлсч даарч байсан. Гэвч бидний зориг мохоогүй. Бидний эрх чөлөө, шударга ёсонд итгэх итгэлийн гал мөхөөгүй юм. Бид бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөлгүй байж төв Азийн Ардчилсан Монгол улсыг бүтээх их үйлсийг манлайлж чадсан юм.
- Ямарч цус асгаруулалгүйгээр тайван замаар Монголчууд ардчилсан хүчнүүдийн удирдлаган дор цагаан морин жилийн хувьсгал ийнхүү яллаа. Энэ үйл хэрэг
- Монголын ард түмний хамтын тэмцэл эрх баригч хүчний зарим улс үндэстнээ гэсэн холч бодолтой удирдлагуудын дэмжлэгээр ийм амжилтанд хүрсэн юм. Энэ бол манай ард түмний амны хишиг хувь заяа байлаа. Эрх чөлөө шударга ёс, Ардчиллын үнэт зүйлсийг эх орондоо баталгаажуулахын төлөө энэ биеэ харамгүй зориулсан “Ардчиллын алтан хараацайнууддаа” аливаад уужуу тайван хандаж асуудлыг энхийн замаар шийдсэн тэр үеийн төр бол засгийн зарим удирдлагуудад, Ардчилсан үзэл санааг алдаж болохгүй боломж мөн гэдгийг ойлгож дэмжсэн нийт ард түмэндээ дахин дахин баярлалаа.
ХОЁР. Ардчилсан хувьсгалын үр дүн, сургамж
Цагаан морин жирийн ардчилсан хувьсгалын ачаар Монголын ард иргэд үг хэлэх эрх чөлөөтэй боллоо шашин шүтэх бишрэх эрх чөлөө бодитойгоор хэрэгжлээ. Хэвлэн нийтлэх эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй боллоо мал сүрэг орон байр үйлдвэр заводдаа эзэн болж хувийн өмчтэй байх эрх чөлөө эзэндээ ирлээ жирийн иргэд хэнд ч дэлхийтэй танилцах гадаад паспортыг чөлөөтэй олголоо. Энэ бүхнийг баталгаажуулсан Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан юм. Олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч олон намын тогтолцоо бодит биелэлээ оллоо.
1990 оны 5-р сарын 20-25-нд Улсын дээд шүүхэд МАХН , МоАН, МСДН, МҮДН, Ногоон нам, Монголын социал демократ нам гэсэн зургаан нам хууль ёсны эрхээ баталгаажууллаа.
1990 оны 7-р сарын 22-нд Дэлхийн жишигт нийцсэн чөлөөт Ардчилсан сонгуулийг анх удаа бүх нийтээрээ явууллаа. Ардын их хурлын 430 депутатыг сум, хороо болгоноос мажоритар системээр сонгон байнгын ажиллагаатай парламентад улс төрийн намуудын эзлэх хувийг хувь тэнцүүлэх журмаар тодруулсан юм. Ийнхүү энэ анхны чөлөөт сонгуулиар Улс төрийн гурван шинэ нам парламентийн нийт суудлын 40 гаруй хувийг авсан юм.
Нам төвтэй Улс төрийн тогтолцоог эгнэгт халж Ардын их чуулган хуралдаж Үндсэн хуулиас “МАХН-ын удирдан чиглүүлэх үүрэг”, ба “Монгол улс социализм байгуулах зорилттой” зэрэг заалтыг хасав. Нярайлсан эхнэртээ нэгдлийн даргаас бараанк хонь гуйж цохуулдаг үе түүх болон үлдлээ. Сумаас нийслэлд ирэхдээ зөвшөөрөл зам явах авдаг хяналтын систем устлаа. Хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлсэний төлөө шоронд хоригдож цөллөгт явдаг цаг үе түүх болон үлдлээ, Монголд Ардчилал ийнхүү эргэлт булцалтгүй ирж иргэдийн маань магнай тэнийлээ. Энэ үйлсийг бүтээлцсэн дэмжиж оролцсон хүн бүрт 20 жилийн ойн босгон дээрээс дахин дахин халуун баяр хүргье.
ГУРАВ. Ардчилсан хувьсгалын сургамж, ардчилсан хүчний бэхжилт
Ард түмэн анх удаа чөлөөт сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож Монгол орон парламентийн засаглалтай орон боллоо. Эрх баригчид цөөнхийн төлөөлөл сөрөг хүчний дуу хоолойг сонсдог боллоо. Тоталитар дэглэмээс ангижирч парламент ёсонд суралцаж төлөвшүүлэх ажил өрнөлөө. Эдгээр ажлыг хийж амжуулсных нь төлөө 1996 онд ард түмэн шинэ ардчилсан хүчинд засгийн эрхийг өглөө. Ардчилсан холбоо эвслийн шинэ засгийн газар
- Эдийн засгийг лебиралчлах, үнийг чөлөөлөх
- Гааль татварын тогтолцоо, бодлогыг илүү прогматик болгох
- Өмч хувьчлах зэрэг зах зээлийн тогтолцоонд шилжих зайлшгүй арга
хэмжээнүүдийн эхний алхамуудыг хийлээ.
- Чөлөөт хэвлэлийг бодитойгоор хөгжүүлэх бодлогыг боловсруулж тавилаа.
Шинэ ардчилсан хүчнүүдийн туршлагагүй байдал, хоорондын эв нэгдэлгүй тархай бутархай байдлаас шалтгаалж олон удаа засгийн газраа огцруулж байсан төдийгүй 2000 оны сонгуульд парламентад ганц хоёрхон суудал авч байсныг санах хэрэгтэй. Гэтэл эрх баригчдын буруутай ажиллагааны үр дүнд авилгал цэцэглэж ард түмний татвараар гараа угаагчид дураар дургих шимтэй хөрс бий боллоо. Хууль шүүх хүчний байгууллагууд эрх баригчдад эрээ цээргүй үйлчилж эхэллээ. Мөнгө хөрөнгө эрх мэдэлгүй жирийн иргэдэд хатуу ханддаг боллоо. Ардчилсан хүчнүүд энэ байдлыг бодитойгоор үнэлэн цэгнэж хүчээ нэгтгэхгүйгээр амжилтанд хүрэхгүй гэдгийг ойлгож олон намын нэгдлээс бүрдсэн хүчирхэг Ардчилсан нам байгуулагдлаа. Энэ бол ардчиллын түүхэн ач холбогдол бүхий 2 дахь том давалгаа болсон юм.
Гэвч АН-ыг бодитой ажил хийж ард түмний итгэлийг биелүүлэхийн оронд дарга, ширээ сандлын төлөө дотооддоо тэмцэж олон удаагийн огцролтуудыг зохион байгуулсаны хар гайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа. Бас 2004 оны УИХ-ын сонгууьд ч ялагдсан юм. Гэвч АН-ын тулгуур гол хэсэг тууштай гишүүд дэмжигчдийн хүчээр зорьсон зорилтоосоо шантралгүй эх орныхоо бүтээн байгуулалт ирээдүйн төлөө, иргэдийнхээ, гишүүдийнхээ төлөө бодитой зүйлийг хамтран хийх түүхэн шийдврүүдийг гаргаж ард түмнийхээ сайн сайхан хийж бүтээхийн төлөө анх удаа хамтарсан Засгийн газарт орсон юм.
Ингэхдээ:
- Авилгалтай тэмцэх
- Төрийн хүнд сурталыг арилгах
- Үйлдвэржүүлэлтийг жинхэнэ утгаар нь эхлүүлэх үүний тулд гадны хөрөнгө оруулалтыг хүчтэй татах
- Монгол хүний үнэлэмжийг өндөрт тавих
- Дэлхийн глобалчлалаас хоцролгүйгээр хөгжлийн хурдийг гүйцэх олон том зорилтуудыг тавьсан боловч МАХН-ын эрх баригч хүчин гэрээгээ дангаар цуцалж АН-ын засгийн газрыг золигт гарган нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй Улс төрийн элдэв эрээвэр хурайвар хүчнүүдээс бүрдсэн их эвслийн нэртэй тоглоомын Засгийн газар байгуулсан нь ард түмнийг хямралын байдалд орууллаа.
ДӨРӨВ.Хамтын хүчээр хөгжил дэвшилд
АН анх удаа дангаар 2000 оны УИХ-ын сонгуульд оролцож хичнээн том луйвардуулсан ч парламентад 27 суудалтай боллоо. АН Ардчиллыг бий болгож хөгжүүлж, хамгаалж буй намын хувьд Улс эх орны ирээдүйн хөгжил иргэд гишүүдэд маань хэрэгтэй гэсэн бүх санал уриалгыг нухацтай хэлэлцэн хүлээн авч МАХН-тай хоёр дах удаагаа хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Ингэснээр
- Олон жил хийж чадаагүй Оюу-Толгой гэрээ батлагдав.
- Олон түмэн эх орныхоо гурил будааг хэнээс ч гуйлгүй хэрэглэх боллоо.
- Аж үйлдвэржилт зам харгуйн бүтээн байгуулалт газар сайгүй өрнөж эхэллээ.
- Дэлхий Монгол улсыг цаг алдалгүй чих ээ дэлдийлгэн сонирхож эхлэв.
- Хоёр хөршийн явцуу сонирхол биш 20, 30 хөгжингүй орны хөрөнгө технологи Монгол оронд байрших сайхан үе эхлэв. Таван тогой ухаа худаг ураны нөөц Хөшөөтийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх сан ч байгуулагдлаа. Монгол орон маань бидний л эх орон Бидний улс төрийн талцлаас иргэд баяжихгүй эх орон хожихгүй нь үнэн билээ. Эвлэлдэн нэгдэж их амжилтанд хүрэх шийдвэр бүхэн бидний ухаарал ололт үндэсний минь баялаг юм. Бид энэ баялагаа элдэв шалдир балдир шалтгаанаар сүйтгэж болохгүй. Иймээс улс төрийн намууд иргэн бүр үүний төлөө хамтдаа тэмцэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа энэ баярын индэр дээрээс хэлэхэд таатай байна. Монгол улс дэлхийд цойлон хөгжих эрин үе ойрхон байна.
ТАВ.Зорилт
Бидний энэ өндөрлөгт хүрсэн бүхэн АН эрийн цээнд хүрч улс орныхоо эрт, эдүүгээ, одоо, ирээдүй өмнө хариуцлага хүлээж чадах эв нэгдэлтэй Улс төрийн том хүчин болсонтой салшгүй холбоотой. Ардчилан хүчин өнгөрсөн хорин жилд аугаа их бахархам түүхийг хатуу ширүүн сорилт тэмцлийн дунд даван туулсан баримтаас цухасхан дурьдахад ийм байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг эзэн Чингисийн энэ үгийг АН хэлэх эрхтэй эзэн Богд Чингисээ дэлхийд дуурсгуулсан гавъяагаа ч бид эдлэх эрхтэй. Манай нам эв нэгдлийнхээ хүчинд хорин жилийн түүхэнд анх удаа Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж чадлаа. Бид Монгол орноо дэлхийн түвшинд хүргэх асар том зорилготой тийм чадвартай шинэ цагийн ардчилал шинэчлэл хөгжлийн төлөө улам бүр хүчин зүтгэж ажиллах болно.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Ардчилсан Монгол Улс үүрд мандан бадрах болтугай.