Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт авах арга хэмжээний талаар тогтоол гаргалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол гаргалаа.
Тогтоолоор:
• Улсын нөөцөөс гаргаж аймгуудад олгох малын эм, биобэлдмэлийн хуваарь, улсын нөөцийн салбар цэгт нэмж байршуулах өвс, тэжээлийн тоо хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлын тооцоо, улсын нөөцөөс аймгуудад олгож, нөхөн бүрдүүлэх автомашин, дизель станцын хуваарь, улсын нөөцийн зарим салбараас өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад худалдан борлуулах өвс, тэжээлийн хуваарийг батлав.
Үүний зэрэгцээ:
• Малчид нь отор хийж байгаа аймгуудад отрын штаб байгуулж, малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх ажил, үйлчилгээнд зарцуулагдах нэмэлт зардлыг гаргах
• Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд машин олгох
• Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаандэл-Уул хэмээх газраар нэг удаагийн арга хэмжээ болгон өвс, тэжээл нэвтрүүлэх хилийн түр гарцыг бий болгох
• Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтоор өвс, тэжээл, мал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох асуудлыг БНХАУ-тай тохиролцох
• Төвийн бүсэд аймаг дундын отрын бэлчээр шинээр байгуулан тусгай хэрэгцээнд авах асуудлыг судлан 2009 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулах
• Орон нутагт бэлтгэсэн стандарт, чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг батлан хамгаалах, хилийн цэрэг, нийслэлийн төсвийн байгууллагад гэрээгээр нийлүүлэх, бэлтгэсэн махыг тээвэрлэх ажлыг өвс, тэжээлийн тээвэртэй уялдуулах арга хэмжээ авах,
• Отор нүүдлээр өөр аймгийн нутагт өвөлжиж байгаа малчид, гэр бүлийнх нь гишүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг аймгуудын удирдлагатай хамтран зохион байгуулах, шаардлагатай газарт төвөөс мэргэжлийн эмч нарын баг ажиллуулахыг холбогдох яам, агентлаг, албан тушаалтнуудад үүрэг болгов.
Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:
• Малыг орон нутагтаа болон бусад аймаг, сумын отроор өвөлжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх
• Мал өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг хангалтгүй зохион байгуулсан, өвлийн отрыг урсгалаар нь орхигдуулсан сумдын удирдлагад хариуцлага тооцох
• Улсын нөөцөөс гаргаж, малын эм, биобэлдмэл болон худалдан борлуулж байгаа өвс, тэжээлийг сумдад хуваарилан малчдад ямар нэгэн дамжлагагүйгээр шууд хүргэх ажлыг зохион байгуулах
• Отрын штабыг 2010 оны 4 дүгээр сар хүртэл ажиллуулах
• Ямаа, үхрийн махаар уламжлалт аргаар борц бэлтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах
• Бэлтгсэн махыг хадгалах, хамгаалах, гарал үүслийг тодорхойлох арга хэмжээ авах
• Бэлтгэсэн махны төрөл, тоо хэмжээ, чанарын талаар үнэн зөв мэдээлэл өгч, дотоод, гадаадын зах зээлд нэгдсэн зохион байгуулалттайгаар борлуулах ажлыг зохион байгуулахыг даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.