Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.11 /
Газар тариалан болон мал аж ахуйн салбарын
ажлын явц, үр дүн, тулгамдсан асуудлын талаар

Улсын Их Хурлын дарга,
Эрхэм гишүүд ээ,
         
Монгол Улсын Засгийн газар хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө тариалангийн нийт талбайн ердөө 30 гаруй хувийг ашиглаж, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй техник, тоног төхөөрөмж хуучирч, технологийн шаардлага хангахгүй болсоноос хэрэгцээт буудайн дөнгөж 24.9 хувь, хүнсний ногооны 47.0 хувь, төмсний 86.0 хувийг тус тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байлаа.

Үндэсний хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд дараахь арга хэмжээг Засгийн газраас тодорхой бодлого, төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүллээ. Үүний үр дүнд дээрх байдал үндсээрээ өөрчлөгдөөд байна.

Юуны өмнө газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээхтэй холбогдсон хэд хэдэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлэн батлуулсны дүнд импортоор авч байгаа хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, улсад болон гурилын үйлдвэрүүдэд худалдан авсан буудайнд урамшуулал олгож, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарим хэсгийг хүнсний буудайн нөөц хэлбэрээр байршуулсан зэрэг нь гурилын үнийг тогтворжуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарын аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр болов.

Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор тариалан эрхлэгч 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 7.8 мянган тонн шатахуун, 23.3 мянган үр, 1000 тонн эрдэс бордоо, 225.2 тонн ургамал хамгаалалын бодис олгож дэмжлэг үзүүлсний үр дүнд төлөвлөсөн хэмжээндээ тариалалтыг явуулж, 2008 онд 256.4 мянга, 2009 онд 269.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэв.

“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 ангиллын нийтдээ 560 ширхэг зүтгэх хүчний трактор, 115 ширхэг үр тарианы комбайн, 380 ширхэг хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин импортоор авч нийлүүлэх ажлыг зохион байгуулсны үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй зүтгэх хүчний тракторын 65 хувь нь шинэчлэгдээд байна. Тариалан эрхэлж байгаа жижиг аж ахуйн нэгж, иргэдийг техник, технологийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор 11 аймгийн 22 суманд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын нэгжийг байгуулснаар 4000 гаруй ногоочдын гар хөдөлмөрийг механикжууллаа.

Бүх сумдад Агропарк байгуулж, 30 тоннын багтаамжтай зоорь, 24 метр квадрат талбайтай хүлэмж, бага оврын тракторын иж бүрдэл олгов. Өрхийн аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах зорилтын хүрээнд дунд оврын 98 тракторыг төмсний иж бүрдлийн хамт, бага оврын 104 тракторыг хадлангийн иж бүрдлийн хамт тус тус нийлүүлэх ажлыг зохион байгууллаа.
 
“Ногоон хувьсгал” хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 940 га-д тариалах төмс, хүнсний ногооны үрийг 8.0 мянган өрхөд олгосон нь орлого багатай өрхийн амьжиргаанд зохих нөлөө үзүүлсний зэрэгцээ төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг 12-16 хувиар өсгөлөө. Улаанбаатар хотод хүлэмжийн төрөлжсөн аж ахуйн нэгж байгуулах зорилгоор нийт 43.2 мянган метр квадрат талбай бүхий 310 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж олгосон нь таримлын нэр төрөл нэмэгдэх, зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ өсөх нөхцлийг бүрдүүллээ.

Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төсөл сонгон шалгаруулж 19 аймгийн 78 аж ахуйн нэгж, хоршоо, иргэнд нийтдээ 920 сая төгрөгийн урт хугацаатай зээл олгож, жимс, жимсгэний талбайг 300 га-гаар нэмэгдүүлж, нийслэлийн Хан-Уул дүүрэгт 20 га талбай бүхий суулгац үйлдвэрлэх эх цэцэрлэг байгууллаа. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд услалтын систем шинээр барих, сэргээн засварлах ажилд улсын төсвөөс 10.8 тэрбум төгрөг зарцуулж усалгаатай талбайн хэмжээг 2008 онд 8.8 мянган га-гаар, 2009 онд 5.3 мян.га-гаар нэмэгдүүлснээр нийт талбайн хэмжээг 35.0 мянган га-д хүргэлээ.

Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний үр дүнд 2009 онд 392.9 мянган тонн үр тариа, үүнээс 389.1 мянган тонн буудай, 156.0  мянган тонн төмс, 81.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, жилийн хэрэгцээт буудайны 97.0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдлээ. 

Цаашид буудай, гурил, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшинд хүрч, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтад хүндрэл учирч болзошгүй байгаатай холбогдуулан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд үр тарианы албан татварыг жилийн туршид 5 хувиар тогтоож байсныг 2009 оны 12 дугаар сараас эхлэн 15 хувь, төмс болон гурилын татварыг сарын ялгаагүйгээр 15 хувь болгон тус тус нэмэгдүүлэх саналыг үйлдвэрлэгчид, асуудал хариуцсан яамнаас гаргаж байгааг судалж байна. Саяхан атрын 50 жилийн ойг төвлөрсөн байдлаар бус орон нутагт тэмдэглэлээ. Сэлэнгэ аймагт болсон уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд миний бие оролцож тариаланчдынхаа баяраас хуваалцаж, урам хайрлалаа.

Одоо Та бүхэнд мал аж ахуйн салбарын ажлын явц, үр дүн, тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулъя.

Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд 43,3 сая толгой мал тоологдсон бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 14.8 сая мал төллөж, 13.9 сая төл бойжиж байна. Мэргэжлийн байгууллагаас хийсэн сүргийн эргэлтийн тооцооноос үзвэл 48,2 сая гаруй мал өвөлжихөөр байна. Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлийн 5.4 сая мал өөр аймаг, сумын нутагт отор хийж байна. Засгийн газар Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон малчин өрхийг орлогын албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг Улсын Их Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
 
Мал аж ахуйн салбарын 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Засгийн газар 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, “Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 221 дүгээр тогтоол гаргаж, орон нутагт хүргүүлэн хэрэгжилтийг зохион байгуулав. Засгийн газар 1,0 сая тн байгалийн хадлан, 176,9 мянган тн үйлдвэрийн болон гар тэжээл бэлтгэх даалгаврыг аймаг, нийслэлд өгч ажиллалаа. Хамгийн сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 957,2 мянган тонн өвс, 124,0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл бэлтгэсэн  байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын холбогдох мэргэжлийн хүмүүсийн оролцсон ажлын хэсэг энэ оны 9 дүгээр сард Дундговь аймгийн 5, Өмнөговь аймгийн 6, Өвөрхангай аймгийн 8, Баянхонгор аймгийн 6, Говь-Алтай аймгийн 9, нийт 5 аймгийн 34 сумын гангийн байдлыг тогтоож дүгнэлт гаргасан.

Энэ дүгнэлтээр дээрх аймгуудын нийт нутгийн 50-80 хувь нь гантай, 20-40 хувь нь гандуу байгааг харгалзан Засгийн газар “Мал өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан авах нэмэлт арга хэмжээний тухай” Засгийн газрын 296 дугаар тогтоол гаргаж, 5 аймгийн улсын нөөцийн 10 цэгт 2.3 мянган тонн өвс, тэжээл татан байршуулахад шаардагдах тээврийн зардалд зориулан 393,8 сая төгрөг, отроор яваа малчдад эрүүл мэнд, нийгмийн болон төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах нэмэлт зардалд зориулан 7 аймагт 208,0 сая төгрөг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, бэлчээрийн нөөцтэй боловч усан хангамж хүрэлцээгүй 5 аймгийн 12 суманд худаг гаргахад шаардагдах 149,4 сая төгрөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны төсвийн багцаас тус тус гарган санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэж, хэрэгжүүлэх арга хэмжээ авлаа.

Мөн холбогдох яамд хамтран судалж 2009-2010 оны өвөл, хаварт улсын тусгай хамгаалалттай 20 газарт 9 аймгийн 39 сумын  680,4 мянган мал, хилийн зурвас нутагт 8 аймгийн 29 сумын 1225 өрхийн 517,5 мянган мал тус тус түр хугацаагаар отроор оруулж өвөлжүүлж, хаваржуулах асуудлыг шийдвэрлэн отор нүүдлийг зохион байгуулж байна. Аймаг дундын тусгай хэрэгцээний отрын бэлчээр нутгийн нийт 577.3 мянган га талбайд мал өвөлжүүлж хаваржуулах боломж, нөөцийг судлан Дорноговь аймгийн Малах, Баянхонгор аймгийн Бор Аргалант, Завхан аймгийн Багахайрхан, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутагт 8 аймгийн 450,0 мянга гаруй малыг өвөлжүүлэх гэрээ хэлцэлийг хийж, отор нүүдлийг зохион байгуулж байна.

Орон нутгийн хэмжээнд отор нүүдлийг зохион байгуулах чиглэлээр зохицуулалт хийж ажилласны дүнд одоогийн байдлаар Дундговь, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Завхан, Төв, Сүхбаатар аймгуудаас нийт 1789 өрхийн 662.1 мянган малыг гадны аймаг, суманд отор нүүдлээр өвөлжүүлж, хаваржуулах асуудлыг зохицуулан шийдвэрлээд байна.

Манай улс хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах 42419 худагтай. Үүнээс 35982 худаг нь ашиглагдаж байна. Энэ нь нийт малын 50 хувийг усаар хангах боломжтой гэсэн үг юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бэлчээр усжуулах зорилгоор 2017 он хүртэл жил бүр 1000 худаг шинээр гаргахаар төлөвлөсөн бөгөөд үүнд жилд 14.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон байна. 2009 онд бэлчээр усжуулах арга хэмжээний хүрээнд 3,8 тэрбум төгрөгөөр 16 аймаг, отрын бүс нутагт шинээр 216 худаг барьж байгуулахаас одоогийн байдлаар 180 гаруй худаг барьж, нийт ажлын 83,3 хувийг гүйцэтгэсэн мэдээтэй байна. Мөн газрын доорх усны хайгуулыг 400,0 сая төгрөгөөр 5 аймагт хийж, ус гаргах боломжтой цэгийн тоог 300-аар нэмэгдүүлээд байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас үнэлгээ хийсэн дүнгээс үзэхэд 2009-2010 оны өвөл, хаврын нийт бэлчээрийн 35,0 хувь нь нөөцтэй буюу өөрийн аймаг, сумын малаас гадна тодорхой тооны малыг отроор оруулж өвөлжүүлэх боломжтой, 10,0 хувь нь отор нүүдэл зохион байгуулахгүй орон нутагтаа малаа өвөлжүүлэх бололцоотой, 30,0 хувь нь бэлчээрийн багтаамж 1-5 дахин хэтэрсэн, 25,0  хувь нь бэлчээрийн багтаамж 5-аас дээш дахин хэтэрсэн байна.

Бэлчээр, хадлангийн талбайн хөнөөлт шавьж, мэрэгчидтэй тэмцэх ажлын хүрээнд 2009 онд бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх арга хэмжээг нийт 465.0 мянган га талбайд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүллээ. Үүний үр дүнд урьдчилсан байдлаар 11 аймгийн 69 сумын бэлчээрийн даац багтаамж 360,0 мянган га-гаар нэмэгдэх боломжийг бүрдүүлээд байна. 

Мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох шинжилгээнд 2009 онд давхардсан тоогоор нийтдээ 46.3 сая мал хамрагдаж, 6,3 тэрбум төгрөг зарцууллаа. Энэ жил мал, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн дотор Засгийн газрын 297 дугаар тогтоол гаргаж, мал, мах экспортлох хилийн боомтуудын тоог 7-гоор нэмэгдүүлж нийт 19 боомт болгосон, нийтдээ 680,0 мянган толгой үржлийн малыг экспортлох тооны хязгаарыг аймгуудад өгч, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, 88 иргэн, аж ахуйн нэгжийг сонгож тусгай зөвшөөрөл олгоод байна. Гэвч одоогийн байдлаар 4540 үржлийн болон таваарын адуу, 650 толгой үржлийн хонь экспортолсон мэдээтэй байна.

Улсын хэмжээнд жилд 85.0 мянган тонн тураг мах үйлдвэрлэх хүчин чадалтай мал нядлах 32 үйлдвэр байдгаас 18 нь сүүлийн 3 жилд үйл ажиллагаа тогтмол эрхэлж байна. 2009 онд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт урд жилүүдийнхээс нэмэгдэх хандлагатай байна. Одоогийн байдлаар үхрийн мах 5,7 мянган тонн, адууны мах 5,6 мянган тонн, нийт 11,3 мянган тонн мах экспортлоод байна.

Манай улс гадаад худалдааны харилцаатай орнуудаас ОХУ, БНКазУ, БНХАУ, Япон, Украйн Улс, Арабын БН Эмират улстай мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах болон малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн хорио цээрийн нөхцлүүдийг харилцан тохиролцон хэлэлцээр, протокол байгуулаад байна. Мал, мах экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, шаардлагыг хангах зорилгоор 2009 онд “Монгол Улсаас ОХУ-д үржлийн болон хэрэглээний хонь, ямаа экспортлох мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загварыг эцэслэн тохиролцлоо.

Мөн ОХУ-д мал, мах гаргах үйлдвэрүүдийг аттестатчлах болон холбогдох зарим боомтын нөхцлийг тохирч дүгнэлт гаргах зорилгоор ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын албаны шинжээчдийг Монголд 3 удаа урин ирүүлж, нийт 12 махны үйлдвэрийг аттестатчлан улмаар Завхан аймгийн Арц суурийн боомтын хорио цээр, мал эмнэлэг ариун цэврийн нөхцөл импортлогч орны тавьсан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хамтарсан шалгалт хийлээ. Мөн 2009 онд БНХАУ-тай “Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарим бүс нутгийг шүлхий өвчнөөс тайван статустай болгох тухай дүгнэлт гаргуулахаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад асуудал тавиад байна. Мал, мах экспортлох гол нөхцөл бол мал эрүүл байх, мал эмнэлэг, хорио цээрийн сайн нөхцөлтэй байх, орчин үеийн технологи бүхий, олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэртэй байхыг сонирхогч талууд тавьж байна. Иймд Засгийн газраас сум, дүүрэгт ажиллаж байгаа мал эмнэлэг болон үржлийн анхан шатны нэгжийг бэхжүүлэх, чадавхижуулах талаар тодорхой асуудал боловсруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өгөөд ажиллаж байна.

Одоогийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймаг, Увс аймгийн зүүн болон зүүн хойд талын сумд, Төв аймгийн зүүн урд талын сумд, Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говийн сумдад мал өвөлжилтийн байдал хүндрээд байна. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаас анхааруулснаас үзэхэд Завхан, Говь-Алтай аймагт зудын байдал онцгой хүндэрч болзошгүй байгааг болон Өвөрхангай, Дундговь, Баянхонгор, Өмнөговь аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг Засгийн газрын ажлын хэсэг томилон ажиллуулж судаллаа. Түүнчлэн Дундговь, Төв аймагт миний бие ажиллаж орон нутаг өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр явж танилцсан болно.

Мал өвөлжилтөд үүссэн нөхцөл байдлыг судалсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг холбогдох яам, агентлаг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар 2 удаа хэлэлцэж, өвс, тэжээл улсын нөөцөөс гаргаж худалдах, нөхөн байршуулах, малын эм, биобэлдмэл олгох, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол гаргалаа. Цаашид өвөлжилтийг хэрхэн зохион байгуулах, малчдад төрийн болон нийгмийн үйлчилгээг сайжруулах асуудлыг Засгийн газар зөвхөн тогтоол гаргаснаар хязгаарлахгүй, мөдхөн болох аймаг, нийслэлийн Засаг дарга нарын зөвлөлгөөний үеэр үргэлжлүүлэн зөвлөлдөж, үүрэг даалгавар өгөх болно.

Цаашид мал аж ахуйн салбарт дараахь арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна:

• 2010 оныг “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх жил болгон, уг бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;
• Мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлж, малын зарим халдварт өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлж, хөрш болон сонирхогч орнуудад мал, мах экспортлох нөхцлийг хангах шаардлага гарч байна. Ийм нөхцлийг бүрдүүлэхгүйгээр бидэнд хэдэн ч сая мал, хичнээн ч мянган тонн мах байгаад эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй болох нь харагдлаа. Энэ хүрээнд Улсын Их Хурлын зарим гишүүдийн боловсруулсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурлаар батлахыг Засгийн газар дэмжиж байгаа болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийв
“НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ” ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд залуучуудын чуулга уулзалтад оролцов
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО
Мэргэжлийн сургуулиудад техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолд Ерөнхий сайд С. Батболдын хэлсэн үг
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009.12.11
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан