Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.13 /
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗАРТ  “АТАР IV АЯН” ӨРНҮҮЛЭХ ТАЛААР СУДЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОВ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллав. Ерөнхий сайд С.Батболд “ХХААХҮЯ-ны үйл ажиллагааны үзэсгэлэн-танилцуулга”-тай танилцсаны дараа салбарын ажилтнуудын төлөөлөл болон аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзлаа.

“Атрын  III аян”-ы хүрээнд төрөөс газар тариалангийн салбарт 53,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь үр дүнгээ өгсөн. Цаашид ийм их хэмжээний дэмжлэг, туслалцаа удаан үргэлжлэх боломжгүй учир аж ахуй эрхлэгчид бий болгосон техник, санхүү, үрийн нөөцөө ухаалгаар захиран зарцуулж, арвижуулан өсгөх бодлоготой ажиллахыг Ерөнхий сайд сануулав.

Эдийн засгийн хямралын нөлөөгөөр зарим салбарын үйлдвэрлэл буурсан ч  мал аж ахуй 10, газар тариалан 30, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8 орчим хувиар өсөхөөр байна. Амжилтаа бататгаж, өсгөхийн тулд уламжлалт арга барил, зохион байгуулалтаас гадна шинэ менежмент, арга технологийг өргөн далайцтай нэвтрүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд С.Батболд онцлов.

Байгаль, цаг уурын хувьд ижил төстэй Канад зэрэг орноос суралцах зүйл  их. Гэхдээ тэдний туулсан замаар явах биш, харин бэлэн туршлага, стандартаас нь шуурхай, үр бүтээлтэй суралцах арга замыг хаа хаанаа бодох ёстойг Ерөнхий сайд санууллаа. Тэжээлийн ургамлын тариалалт эрс багасч, өвлийн цагт орон нутагт малын тэжээл хомсдож байгаад анхаарч, бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, хүмүүст үүрэг болгов.

270 мянга га талбайтай Халх голын сав газарт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлж, экспортын зориулалттай таримал тарьж гадаадад гаргах, Хятад, Солонгосын хойгийн зах зээлийг хангах төсөл хэрэгжүүлэх, Халх голын сав газарт “Атрын IV” аяныг эхлүүлэх, хөдөө аж ахуйн эдэлбэр газар болгох асуудлыг судлаж танилцуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөн, үр ашгийг нь нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд эрчимжсэн мал аж ахуй чухал. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх бус харин сайжруулах замаар малчдын нийгмийн асуудлыг түлхүү анхаарах, хот , суурин газрын ойролцоо суурин, хагас суурин эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх чиглэлийг яам, орон нутгийн удирдлагууд баримтлах нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, худаг, уст цэгийн тоог нэмж, оготно, мэрэгчидтэй тэмцэх зайлшгүй шаардлага байгааг Ерөнхий сайд хэлээд эрчимжсэн мал аж ахуйн  болон газар тариалангийн бүс нутгийг зааглан тогтоох талаар яамнаас өнөөг хүртэл ямар нэгэн бодлого, төлөвлөгөө гаргаж Засгийн газарт танилцуулаагүй байгааг анхааруулав. Малчид түүхий эдээ борлуулах гэж ченжийн гар харж суух биш, хөдөлмөрөө хоршиж нөхөрлөл, хоршоо байгуулан хамтын хүчээр зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг орлоготой сайхан ажиллах боломж байгааг ч сануулав. 

Хөдөө аж ахуйн түүхий эдийг арилжаалах биржийн сүлжээ бий болгох, мал, малын түүхий эд болон малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах оновчтой тогтолцоо бий болгоход ХХААХҮЯ  анхаарч, бэлтгэлээ сайтар хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мал сүргээ эрүүлжүүлсэнээр бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Байгалийн бэрхшээлийг даван гарах шинэ техник, технологи,тооцоо судалгаа, арга зүйг өргөн нэвтрүүлэх цаг болсон. Үүний тул эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын чадавхи, нөөц бололцоог ашиглах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн харъяаллын асуудлыг ч авч үзнэ. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт даатгалын тогтолцоо бий болгон хөгжүүлэх, өргөжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ХХААХҮЯ тодорхой санал, санаачилга гаргах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгийнхээ төгсгөлд хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарын удирдлага, нийт хамт олонд хандан ойрын жилүүдэд :
-Өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, орчин үеийн технологитой үйлдвэрлэлийн төвийг 21 аймаг, томоохон хот сууринд  бий болгон хүн амыг баталгаатай мах, сүүгээр хангах
-Газар тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр, “Атрын III аян”-ы зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, Халх голын сав газарт экспортын чиглэлээр “Атрын IV аян”-ыг эхлүүлэх санаачилгыг судалж, шийдвэрлэх
-Мал аж ахуй, газар тариалангийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог чанаржуулах, одоо ажиллаж байгаа хүмүүсийг шинэ технологи, менежментийн арга ухаанд давтан сургах
-Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн орчин үеийн аргачлалыг эрчимтэй нэвтрүүлэх талаар тодорхой бодлого, төлөвлөгөө боловсруулах үүрэг, чиглэл өгөв.

Ерөнхий сайд С.Батболдыг үг хэлсэний дараа уулзалтад оролцогсод салбараа төлөөлж санал, бодлоо илэрхийлэв. 

Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Түмэнгэрэл сумдын дарга нарыг төлөөлж хэлсэн үгэндээ төр, засгаас малчид, мал аж ахуйн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Гэхдээ түүхий эдийн үнэ ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, малчид банкны барьцаанд орсон. Малгүй, орлогогүй, эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ хангалтгүй учир иргэд төв, суурин газар олноор шилжиж байгааг санууллаа. Цаашид төр, засгаас бүсийн нэмэгдэл, урамшуулал олгох, бэлчээрийн харилцааг зохицуулсан бие даасан хууль гаргах, орон нутагт эрх мэдлийг нь өгч, хүчтэй Засаг даргатай, хариуцлагаа ч тэр хирээр хүлээдэг тогтолцоо бий болгохыг хүсэв.

Ховд аймгийн Дарви сум хэдийгээр төсвийн орлогыг биелүүлдэг ч дээрээс татаж авч дахин хуваарилдагаас орлогын төлөвлөгөө биелүүлэх сонирхол бусад сумын адил бага болж байгааг ч сануулав. “Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь уул уурхайгаас дутахгүй хөгжил, дэвшил авчирна” гэж Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор Б.Бямбаа хэллээ. Үүний тул хамгийн гол нь орчин үеийн шинжлэх ухаан, технологид суурилж, салбарын хүний нөөц, эрдмийн чадавхийг ашиглах хэрэгтэй гэж тэрээр үзэж байна. 

Академи шинжлэх ухаан, технологийн ололтыг малчны хотонд, тариалангийн талбайд ойртуулахын тулд малчид, тариаланчидтай амьд холбоо тогтоон ажиллана. Гэхдээ эрдэмтэд, судлаачдын оюуны үнэ цэнэтэй бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, жинхэнэ хэрэглээ болгоход санхүүжилт дутмаг байгааг ХАА-н шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Бямбаа Ерөнхий сайдад дуулгалаа.

Мөн уулзалтад ХАА-н Хоршоологчдын холбооны дэд тэргүүн Д.Чулуунбат санал, бодлоо илэрхийлж төвөөс алслагдсан нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодод Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл олдохгүй байгаад анхаарахыг  хүсэв. Мөн гишүүн хоршооныхоо бүтээгдэхүүнийг борлуулсан тохиолдолд НӨАТ-аас чөлөөлж байх нь Хоршоологчдыг дэмжих нэг бодит хэлбэр гэж тэрээр үзэж байна. Хоршоологчид тухайн орон нутагтаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа учир цаашид дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар 2009 оныг ололт, амжилт дүүрэн үдэж байна. Тухайлбал :

Мал аж ахуйн салбарт :
-“Малчдын талаар төрөөс баримтлах бодлого” бичиг баримтыг УИХ-аар батлуулсан.
- Малчдыг хүн амын орлогын албан татвараас чөлөөлсөн.
-“Монгол мал” хөтөлбөрийг боловсруулсан.
-Өвөлжилтийн мэдээгээр нийт мал сүрэг 48,2 сая толгойд хүрсэн.

Газар тариалангийн салбарт :

-“Атрын III аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн зорилтыг бүрэн биелүүлсэн.
-2009 онд 392,9 мянган тонн үр тариа, 156,0 мянган тонн төмс, 81,4 мянган тонн хүнсний ногоо хураан авч дотоодын хэрэгцээт гурилын 97, төмсний 100, хүнсний ногооны 50 хувийг хангах боломж бүрдүүлсэн.
-Газар тариалангийн техникийн шинэчлэлийг 65 хувьд хүргэсэн.

Боловсруулах үйлдвэр, Жижиг, дунд үйлдвэрийн салбарт :

-“Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр боловсруулж батлуулан, хөтөлбөрийг танилцуулах хандивлагчдын Дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр 30,0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4500 ажлын байр бий болгосон.
-Томоохон 40 гаруй үйлдвэр ашиглалтад оруулсан зэрэг  амжилтаар 2010 онтой золгож байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллагсдын 60 гаруй хувийг тогтмол ажлын байраар хангадаг юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ-СЕМИНАРЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Засаг дарга нарын семинар болж байна
ЕРӨНХИЙ САЙД САХИЛГА, ДЭГ ЖУРАМ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ, ХҮРЭХ ҮР ДҮН” УУЛЗАЛТАНД ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбарт ажиллав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН “ДЭД БҮТЭЦ БА ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан