Аймгуудад мах, сүүний үйлдвэр байгуулах бодлого боловсруулна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг дарга нарын сургалт, семинарт 2009 оны 12-р сарын 14-нд оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ “...Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засаг дарга, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах төлөөллийн байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Та бүхний нягт хамтын ажиллагаа, бүтээлч санаачилгаас улс орон, аймаг орон нутгийн хөгжил, ажлын хувь заяа, иргэдийн амьжиргаа шууд шалтгаална гэдгийг ямагт бодолцон ажиллах ёстой. Засгийн газар “Хүний хөгжил”-ийн төлөө бодлого боловсруулан хэрэгжүүлж, иргэдээ ажил, орлоготой, боловсролтой болгох зорилт тавьж байна.
... Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Монголын төр иргэндээ ойрхон байж, тэдний төлөө анхаарал халамжаа хандуулдаг байх нь чухал. Засгийн газар ил тод, нээлттэй, шуурхай байж, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэхийг үйл ажиллагааныхаа үндсэн зорилт хэмээн тодорхойлсон билээ. Иргэд юу юунаас илүүтэйгээр төрийн зарим байгууллага, албан тушаалтнаас жирийн иргэдэд хандах ялгавартай хандлага, тэдний ажил үйлчилгээнд саад болсон хүнд суртал, чирэгдэл, хүндрэл, төрийн албан хаагчдын ажил хэргийн мэдлэг, мэргэжлийн чадвар дутмаг, хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэлгүй байгаад ихээр бухимдаж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд хөшүүн хойрго, санал хүсэлтийг нь сонсдоггүй, ажил хэргийн болон захиргааны удирдлагаар хангаддаггүй, халамж үйлчилгээг хүнд нь хүргэдэггүйг хүмүүс шүүмжлэх боллоо. Энэ бүхнийг засаж залруулах, хариуцлагаа өндөржүүлэх шаардлагыг хаа хаанаа биелүүлэх хэрэгтэй байна.
…Төрийн албаны төдийгүй Монгол Улсын нэр хүндийг авлига, хээл хахуулын асуудал унагаж байна. Нийгмийн хөгжлийн хурдацыг албан тушаалтнуудын хүнд суртал, шударга бус байдал хойш нь чангааж байна. Хурдан нь удаанаа ялан дийлэх болсон өнөө үе биднээс үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийнхээ хурдыг нэмж ажиллахыг шаардан сануулах болов.
Төрийн захиргааны ажлын арга барилыг шинэчлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тэдний хандлага, сэтгэлгээг өөрчлөх шаардлага тулгарлаа. Боловсон хүчнийг таарч тохирох ажлын байран дээр нь байршуулах асуудал чухал юм. Удирдан зохион байгуулах авъяасгүй, мэдлэг чадваргүй хүнийг найз нөхөд, улс төр, танил тал харан албан тушаалд томилох нь төрийн нэр хүндэд муугаар нөлөөлөх боллоо. Тиймээс боловсон хүчнийг сонгож шалгаруулдаг хууль, эрх зүйн хэм хэмжээг ил тод болгож мөрдөх хэрэгтэй.
...Аймгуудын удирдлагууд та бүхэн намар болохоор өвөлжилтийн бэлтгэлийг 90-ээс дээш хувьтай хангасан мэдээг Засгийн газарт ирүүлдэг. Тун удалгүй түрүүчийн цаснаар өвс тэжээл нэхэж эхэлдэг. Энэ жил ч ийм үйл явдал давтагдаж байна. Ганц удаа өвөл болж байгаа биш шүү дээ. Иймэрхүү арга барилаар бид асуудлыг шийдэхгүй. Үүнийг л төр, захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын ажил дутагдаад байна гэж хэлээд байгаа юм.
Аймгуудын эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй байдаг болохоор тус салбарын тогтвортой өсөлтийг хангахын төлөө онцгойлон анхаарах хэрэгтэй. Мөн мал аж ахуйг аливаа эрсдлээс хамгаалах, бэлчээрийн даацад тохирсон тоотой, өндөр ашиг шимтэй мал сүргийг бий болгож, мах, түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг зүй зохистой хөгжүүлэх асуудал цогцоор тавигдах болов. Тиймээс Засгийн газар 21 аймагт мах, сүүний үйлдвэр байгуулах талаар цогц бодлого боловсруулж ирэх оноос эхлүүлэхээр төлөвлөж байна...
...Манай улсын эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж эхэллээ. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг олгоход орон нутгийн удирдлагуудад эрх мэдлийг түлхүү олгосон. Энэ нь тухайн бүс нутагт оршин амьдарч байгаа иргэдийн эрх ашигт нийцүүлэхтэй холбоотой эрх мэдэл билээ. Гэтэл иргэд аймаг орон нутгийн удирдлагуудаа ашигт малтмалын орд газрын зөвшөөрөлтэй холбогдуулан ихэд шүүмжлэх болсон. Тиймээс ашигт малтмалтай холбогдох аливаа зөвшөөрлийг олгохдоо иргэдийн оролцоотой шийдэж, байгаль орчныг хамгаалах бодлоготой нягт уялдуулах асуудлыг анхаарах хэрэгтэй байна.
..Улсын төсвийн хөрөнгийг зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд үр ашигтай зарцуулахын зэрэгцээ барилга байгууламж, хөрөнгө оруулалтын ажилд тавих хяналтыг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Урьд өмнөх сургамжаас харахад тендер будилдаг, чадваргүй гүйцэтгэгчээр чанаргүй ажил хийлгээд дараа нь дахиад л мөнгө нэхдэг зуршил түгээмэл бий. Үүнийхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй нь ажил хариуцсан хүмүүсийн ажилдаа ямар сэтгэлээр ханддагийн илрэл юм. Нөгөө талаар хариуцлагын тогтолцоо илт үгүйлэгдэж буйг харуулж байгаа хэрэг.
...Хөгжлийн өнөөгийн түвшингээс эргэн харахад олон жилийн өмнө бий болгосон төвлөрөл нь зарим талаар чөдөр тушаа болж эхэлжээ. Энэ нь улс орны хөгжил, шийдвэр гаргах ажлын хурдыг сааруулж, асуудлыг шийдвэрлэхэд төвөг учруулж байна. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Төвлөрлийг сааруулах асуудлыг засаг захиргааны эрх мэдлийн төвлөрөл, төсөв санхүүгийн төвлөрлийн чиглэлээр авч үзэж болох юм...” хэмээн хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.