Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг буурууллаа
Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварын тархалт буурсантай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагад тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс гамшгаас хамгаалах өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ хэвээр мөрдөж халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах, хүн амыг томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварын эсрэг вакцинаар хангах, дархлаажуулалтын арга хэмжээг шуурхай зохион байгуулж халдварын тархалтын байдлыг 7 хоног тутам Засгийн газрын ажлын хэсэгт мэдээлж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгалаа.
Вирусын халдварын тархалт бүрэн зогсоогүй байгаатай холбогдуулан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд халдварын тархалтын байдалд хяналт тавьж холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүлийн түвшинд эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгав. Монгол Улсад 2009 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн байдлаар томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн халдвар авсан нь лабораториор батлагдсан 1162 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэлд 793, орон нутагт 369, нас барсан хүний тоо 23 байна. Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсанаас хойшхи хугацаанд нийт 10 удаа хуралдаж 62 асуудал хэлэлцэн шийдвэрлэснээс 60 нь биелж, 2 асуудал хэрэгжих шатандаа байна. Ажлын хэсэг дараахи томоохон ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
• Гамшиг, нийтийг хамарсан өвчлөлийн үед эм, вакциныг улсын бүртгэлгүй оруулах асуудлаар “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”–д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар батлуулав.
• Зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбогдуулан “Шударга өрсөлдөөнийг хориглох тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна.
• Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх оношлуур, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгалын бодисын жагсаалтыг Засгийн газрын 335 дугаар тогтоолоор батлуулав.
• Улсын онцгой комиссын 2009 оны 11 дүгээр сарын 5–ны өдрийн 06 тоот тогтоол гарч орон нутгийн галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргав.
• Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,Онцгой байдлын ерөнхий газарт тус бүр нэг ширхэг ариутгалын ДУК машиныг улсын нөөцөөс олгуулав.
• Зэвсэгт хүчин, онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг байгууллагын албан хаагчид болон нийслэлийн ерөнхий боловсролын 108 сургуулийн сурагчдын эрүүл мэндэд хяналт тавих зорилгоор зайнаас биеийн халуун хэмжигч худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр болох 60.0 сая төгрөгийг шийдвэрлүүлж, холбогдох газруудад хуваарилан олгоод байна.
• Улсын клиникийн төв эмнэлэг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Нялхсын клиник сувилал, “Ачтан Элит”, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нийт 255 ор дэлгэн ажиллуулах, оюутны хотхонд 3, Сувилахуйн сургууль дээр 1, нийт 4 эмнэлгийн нэгжийг нээн ажиллууллаа.
• Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугмаар нийт 270000 хүн тун вакцин орж ирэхээс эхний ээлжийн 100.000 хүн тун мөн Засгийн газрын тендерээр орж ирэх 60.000 хүн тун вакцин энэ сард багтаж орж ирнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийлүүлэх дараагийн 170.000 хүн тун вакциныг 2010 он гарсны дараа оруулж ирэхээр холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.
• “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд зарим иргэдийг аарц, чацаргана, нэрс, аньс зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр хангах арга хэмжээг зохион байгуулах зэрэг арга томоохон хэмжээнүүдийг авсан боловч халдварын тархалт тууштай буурахгүй байсан учир Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанд хэлэлцүүлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгаж, авсан зарим арга хэмжээг өөрчилсөн Засгийн газрын 343 дугаар тогтоолыг батлуулав.
• Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 6 барааны зах, хүнсний дэлгүүрийг хэвийн үйл ажиллагаанд оруулж, эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан холбогдох байгуулагууд хяналт тавин ажиллав. Ариутгал, халдваргүйтгэл, вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг авсны үндсэн дээр орон нутгийн галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлж, зорчигчдын биеийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж ажиллав.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойшхи хугацаанд цогц арга хэмжээнүүдийг авсны дүнд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 5 дахин, амбулаторийн нийт үзлэг 10 дахин буурсан, мөн тандалт судалгааны дүнгээс үзэхэд өвчтэй хүүхдийн тоо, түргэн тусламжийн дуудлагын хувь, утсаар зөвлөгөө авах хүний тоо, эмнэлгийн орны ачаалал багасч эмнэлэгүүдэд шинээр нэмж дэлгэж ажиллуулсан орны ашиглалт 20 хувьтай байна.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдвал:
• Монгол Улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагад тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх
• Эрүүл мэндийн салбарын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ хэвээр мөрдөж халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах, хүн амыг томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн эсрэг вакцинаар хангах, дархлаажуулалтын арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварын тархалтын байдлыг 7 хоног тутам Засгийн газрын ажлын хэсэгт мэдээлж байх
• Вирусын халдварын тархалт бүрэн зогсоогүй байгаатай холбогдуулан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд халдварын тархалтын байдалд хяналт тавьж холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүлийн түвшинд эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвартай тэмцэх талаар мэргэжлийн байгууллагуудаас авах арга хэмжээг уялдуулан зохицуулах зэрэг ажлуудыг Засгийн газрын ажлын хэсэг хийж гүйцэтгэхээр боллоо.
Товчхон:
• УИХ-ын гишүүн Су.Батболд, Р.Амаржаргал нарын санаачлан боловсруулсан Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар боллоо.
• УИХ-ын гишүүн Д.Загджав, З.Алтай, Б.Батбаяр, Г.Баярсайхан, Р.Буд, Д.Кекүшюзан Батбаяр, Х.Жекей. Д.Хаянхярваа. Ц.Цэнгэл. Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулсан “Хязгаарлагдмал казиногийн тухай” хуулийн төслийг Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй тул “Хязгаарлагдмал казиногийн тухай” хуулийн төслийг дахин боловсруулах шаардлагатай гэсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.
• Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт”-ын нэг дэх хэсэгт “Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын төв байр, гадаадын иргэнийг түр саатуулах байр” гэж нэмж тогтоол гаргахаар болов.
• Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжиж, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
• 2009 оны эхний хагас жилд гарсан ой, хээрийн түймрийг унтраах, гол мөрөн, нуурын усанд осолдсон хүмүүсийн цогцсыг эрэн хайх, цас цэвэрлэх зам гаргах, хүн, малын гоц халдварт өвчний голомтыг устгах зэрэг байгалийн аюулт үзэгдэл, гамшиг ослын үеэр ажилласан аврагч, эмч нарын томилолт, үйл ажиллагааны нэмэгдэл зардалд зориулж 233.668.155 / хоёр зуун гучин гурван сая зургаан зуун жаран найман мянга нэг зуун тавин таван/ төгрөгийг Сангийн сайдын төсвийн багц дахь төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахаар шийдвэрлэв.
• “Ардчилал, хүний эрхийн өдөр” 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг орон даяар тэмдэглэхээр Засгийн газрын тогтоол гаргахаар болов. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийн загвар, тодорхойлолт, олгох журмыг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
УИХ-ын шинэ ордны барилгын ажлын явцтай танилцав
УИХ-ын шинэ ордны барилгын ажлын явцын тухай асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулсантай холбогдуулан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболдыг томиллоо.
Түүнчлэн:
• УИХ-ын ордон барих ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, барилгын зураг төсвийг 2010 оны 5 дугаар сард багтаан бэлэн болгох, мөн оны 6 дугаар сараас барилгын ажлыг эхлуулэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч, барилгын ажлын явцыг эрчимжүүлж ажиллахыг ажлын хэсэгт даалгав.
• Кувейт Улсын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн санхүүжилтээр баригдах УИХ-ын шинэ ордны төслийн тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Эдийн Засгийн хөгжлийн Кувейтын сан хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу төслийн хэрэгжилтийг ерөнхийд нь хариуцаж хянах үүрэг бүхий Төслийн Удирдах зөвлөлийн үүргийг Ажлын хэсэгт хариуцуулахаар шийдвэрлэв.