Засгийн газрын ажлын хэсэг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын өвөлжилттэй танилцав. 100 гаруй мянган малтай, 2510 хүнтэй энэ сумын нутгийн 90 хувь нь гантай зусчээ. Өвс ногоо ургаагүй, ердөө малчид 5 тн өвс, 5 тн гар тэжээл л бэлдсэн гэж сумын Засаг дарга Д.Баянжаргал ярив. Одоогоор 20 тн тэжээл, 40 тн өвс авах хэрэгтэй юм байна. Энэ нь малчдын ирүүлсэн захиалгын нийт дүн бөгөөд цаашид тоо нь нэмэгдэх бололтой. Сумын нутгийн ихэнх хэсэг цасанд дарагджээ. Цас цоохортлоо ч мал идэх өвс бараг байхгүй, дээр нь өөрийн сумын болон Завханы оторчид нүүдэллэн дайрч өнгөрөхдөө нутгийнх нь арай гайгүй хэсгийг талхлаад улам хүндрүүлж буй тухай малчид ярьж байна.
Өнөө жил тус сумын 40000 мал Архангай аймгийн нутагт оторлож байгаа. Тэднийг эргэж тойроход бензиний зардал их гардаг. Малчид малаа хонин толгойд шилжүүлэн нэг богийг 77 төгрөгөөр тооцон билчээр ашигласны төлбөр хийж байгаа. Хамгийн бага нь 93000, дээд тал нь 217000 төгрөг тушаасан байна лээ. Үүний хажуугаар өвөлжөө бууцанд нь буусан тохиолдолд эзэд нь манай малчдаас бас 200 мянган төгрөг нэхдэг. Архангай аймгийн болон сумдын удирдлагууд нь манай малчдыг сайхан хүлээж авч байгаа ч малчидтай нь учраа олоход бэрхшээл үүсдэг. Цас орж эхэлмэгц манай сумын малчид бод малаа ялган суурилж, Архангайн сумдаар оторлохоор авч явсан юм. Одоо ч зарим малчид тийш отрын нутаг хайн нүүсээр байна. Сумынхаа нутагт байгаа малчдаараа 14 хоногт нэг удаа тойрч ордог гэж Засаг дарга Баяржаргал ярилаа.
Ажлын хэсгийнхэн Архангай аймгийн Хангай сумтай залгаа Гурванбулагийн нутгаар оторлож байгаа хэд хэдэн айлаар оров. Малчин Р.Батчулуунтай уулзахад “Өөрийн хэдэн мал дээр айлуудын адууг суурьлан малладаг. 1500 адуу оторлож явна. Цастай, бичээр хомс хүндхэн л байна. Маргаашнаас нүүнэ” хэмээн хуучиллаа. Эдний оторлож буй тэр хавьд нийтдээ 4500 адуу суурилжээ. Цааш явж Хангай сумын нутгийн захад отроор нүүдэллэн ирж буй малчин Б.Батцогттой уулзав.
Тэрээр нутгаасаа 5 айлын 200 гаруй үхэртэй гарч, дөрөв дэх нүүдлээ хийн энд 100 гаруй км зам туулан ирж байна гэж ярилаа. Бид гэрээ барихад нь туслаад дараагийн айлыг зорив. Гурванбулаг сумын нэгдүгээр багийн малчин Д.Гунгаадэндэвийнхээр орлоо. Эднийх нутгаасаа 5 дахь нүүдлээ хийж, 200 гаруй км замыг туулан ирсэн байв. Хоёр айлын нийлсэн 287 үхэртэй юм байна. Удахгүй дахиад нүүнэ, арай цас багатай газар очно гэж тэр ярилаа. Энэчлэн очсон малчин айл бүгд ойр ойрхон нүүдэл хийж, малаа онд мэнд оруулахыг хичээж яваагаа ярьж байна. Тэд хавартай золгомогц буцаад нутаг руугаа нүүдэл хийнэ. Сүүлийн жилүүдэд зун нь гантай болохоор өвс тэжээл базааж чадахаа больсон аж. Тэгээд цас орвол отроор нүүхээс өөр аргагүй болдог, харин хүн бүл муутай хэсэг нь нутагтаа хэдэн богтойгоо үлддэг юм байна. Нутагтаа үлдсэн малчин айлууд цастай өвлийг давахад хэцүүхэн байгааг ч харлаа.
Сумын төвд Засаг дарга, түүний тамгын газрынхантай уулзав. Энэ сумынхны хувьд мал иргэдийнх нь амьжиргааны цорын ганц эх үүсвэр болдог юм байна. Тиймээс малчид нь бидний орсон зарим сумынхан шиг малаа нядалж, мах бэлтгэдэггүй аж. Сумын хамгийн хүнд асуудал бол ус юм. Уулархаг, цэвдэг хөрстэй, голгүй газар сумын төвөө байгуулсан юм байна. Тиймээс 17 км явж, Хар усны голоос ус авдаг, тэр нь өнөө жил ширгэж хатаад бараг усгүй болжээ. Сумын Засаг дарга өвс тэжээлээс гадна ус зөөх машин, гүн өрмийн худаг хэрэгтэй байгаагаа хэллээ. Ялангуяа усны хайгуул хийлгэмээр байна гэж тэр хэллээ.
2006 оноос хойш өвсний гарц муугаас хадлан авч чадахаа больсон юм байна. 11 дүгээр сараас тус суманд цас зуд нүүрэлж, 500 мал хорогджээ. Багууд нь холбоогүй болсон, антеныг нь сольчихвол ашиглаж, малчдынхаа 50 хувьтай хэл авалцах боломжтойгоо ярихад бидэнтэй хамт аймгаас яваа албаны хүмүүс энэ асуудлыг шийдвэрлэж өгөхөө амлалаа. Дахиад цас орвол тус сумын малчдын хувьд гарцгүй болох аюул нүүрэлжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан Т.Нэргүй мэдээллээ.