Засгийн газрын ажлын хэсэг нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын өвөлжилтийн байдалтай танилцав.
Баянбулаг нь тал хээрийн бүсийн жижиг сум юм. 2057 хүн амтай, 137000 малтай ажээ. Тус аймгийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй 2 сумын нэг юм байна. Сүүлийн 3 жил хүрэхгүй хугацаанд 100 гаруй өрх айл хот, суурин бараадахаар шилжсэн тухай Засаг дарга Л.Баясгалангомбо дурьдав. Цахилгаан эрчим хүчний эх булаггүй болохоор жижиг бизнес эрхлэх боломжгүй хэмээн эндхийн хүмүүс ярьж байлаа. Энэ нь шилжилт хөдөлгөөнд их нөлөөлдөг бололтой. Сүүлийн 3 жил зуншлага муу болжээ. Үүнээс болоод өвс хадлан бэлтгэхэд хүндрэл үүссэн байна. Өнөө жил 34 тн өвс, тэжээл бэлджээ. 6912 мал отроор байгаагийн 2910 нь Архангай аймгийн сумдын нутагт буй ажээ.
11 дүгээр сарын 15-наас 7 хоног цас орж зуд турхан нүүрэлсэн байна. Тал газарт 15 см, ууландаа 30 см цас унаж байдал хүндэрмэгц Засаг дарга сумынхаа их эмчийг дагуулан малчдаар орж эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, тэдэнтэй уулзан ярьж хөөрөн, санаа сэтгэлийг нь засч, 5 тн хорголжин тэжээл айлуудад тараажээ. Бас аймгаасаа өгсөн 15 тн өвснөөс боодлыг нь мянган төгрөгөөр малчиддаа борлуулж байгаа аж. Гэвч малчид тоолоод өгөх мөнгөгүйгээс тэр бүр авч чадахгүй байгаа тухай сумын удирдлага ярилаа. Малчид цаг хүндэрмэгц малаа олноор нядалж байгаа бололтой. Ажлын хэсэг тус сумын Хангалын 3 дугаар багийн малчин Д.Ариунбаярынхаар оров. Эдний хотод 3 айл, 800 малтай байжээ. Тэд 500-г нь нядалж, үлдэснийг нь оторлохоор явсан байлаа.
Манай суманд өвлөөсөө хавар нь хүнд байдаг. Тэр үед 60 тн өвс хэрэг болох байх. Одоо бол 10 тн хивэг хэрэгтэй. Тэгээд ч малчид маань махаа борлуулж байж л мөнгөтэй залгаж өвс авах боломжтой болно. Мах борлуулахад хэцүү. Улаанбаатараас сум маань 1000 км зайтай гэж Засаг дарга хуучлав. Ханиад томуу нэг хэсэг ихсэж, түргэн тусламжийн дуудлага олширсон тул эмнэлгийн тэрэгний бензиний төсөв хэтэрсэн байна. Одоогоор 4 сая төгрөгийн асуудал эмнэлгийн төсөв хэтэрснээс үүсээд байгаа гэнэ.
Ахин цас орвол манай сум их хүндэрнэ хэмээн малчид ярьж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ сумын Засаг даргад яг хэдэн тн өвс хэрэгтэйг нарийвчлан гарган аймгийн удирдлагуудад мэдэгдэхийг зөвлөв. Хэрэв өвс өгөхөөр боллоо гэхэд тээврийн зардал, өөрийн өртөг гээд нилээд үнэтэй ирнэ. Тиймээс махны хэмжээ, ангиллыг гаргах, өвс авах мөнгөний боломжийг сайн тооцох хэрэгтэй гэдгийг бас санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан Т.Нэргүй мэдээллээ.