Засгийн газрын ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд очиж өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл сонсов. Энэ суманд 190000 мал 300 гаруй өвөлжөөнд өвөлжиж байгаа аж. Уулархаг нутагтай юм. Цас хоёр удаа оржээ. Одоо 5-25 см цас ихэнх нутгийг бүрхсэн ч 32 тонн өвс, 48 тонн хүчит тэжээл хэрэгтэй гэж Засаг дарга О.Түмэнжаргал хэллээ. Түүний танилцуулснаар малчид 360 тн өвс, 600 тн тэжээл базаасан байна.
Сумынх нь 176 өрх газар тариалан эрхэлж, Өвөрхангай, Баянхонгор аймгийн төвд төмс ногоогоо борлуулдаг тухай ч тэр ярилаа. Ногоочид нь 252 тн төмс, 405 тн хүнсний ногоо өнөө жил хураан авчээ. Эднийхэн сумандаа 5000 мод, бут өнөө жил тарьсан байна. Чацарганы бут цөөнгүйг тарьсан гэж сумын удирдах хүмүүс нэмэж хэлэв. Сумын 3 иргэн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл авч, гутал, нарийн боовны цех ажиллуулж, газар тариалан эрхэлж байгаа ажээ.
Зарим иргэд ногоон тэжээл, хөх тариа, арвай хүртэл өнгөрсөн зун тарьж туршсан байна. Тариа ногоо таригчид Таацын, Нарийны, Арцын голын хөндийг түшиглэн бизнес эрхэлдэг юм байна. Энэ сумын нэг онцлог нь гэвэл өвс тэжээлийн улсын нөөцийн салбартай юм. Дээр нь бүх малынх нь 95 хувь дундаас дээш тарга хүч зун намартаа авсан юм байна. Тиймээс өвлийн хүндрэл тэдэнд тэгтлээ их сэтгэл зовоосон асуудал биш бололтой.
Харин алт тэдэнд бэрхшээл учруулж магадгүй юмуу гэж бодогдлоо. Хайгуулын зөвшөөрөлтэй 16-17 компани энэ суманд бий. Тэд ашиглалтын лиценз авахаар хөөцөлдөж буй аж. Бас газар газрын олон “нинжа” ирж сууришсан юм байна. Тэдэнтэй үгээ ололцоход тун бэрх гэж Засаг дарга хэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан Т.Нэргүй мэдээллээ.