Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны 2003 оны 8-р сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үр дүнг хэлэлцэх хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “...Эрүүл мэндийн салбарын хөгжил-2 төслийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш 6 жил өнгөрчээ. Дээрх зээлийн гэрээнд заасны дагуу 2004-2009 онд Азийн хөгжлийн банкнаас 10,1 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэхүйц валют, Засгийн газраас 3,4 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах үйл ажиллагаанд зарцуулсан байна.
Зээлийн төсөл хэрэгжсэний үр дүнд хөдөө, орон нутагт 35 эмнэлгийн барилга, 73 сумын эмчийн сууц, 27 гүний худаг барьж байгуулсныг орон нутгийн үндсэн хөрөнгөд бүртгэн авчээ. Төсөлд хамрагдсан 5 аймгийн 108 сумын болон сум дундын эмнэлгүүдэд орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлж, орон нутгийн 7.0 мянга гаруй эмч, мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын сургалтад хамруулснаар эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн болон эмчилгээ, оношлогооны чадавхийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Манай Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн нэг асуудал бол орон нутагт эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, эмч, ажиллагсадын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх асуудал байлаа. Азийн Хөгжлийн Банкнаас манай орны нутаг дэвсгэрийн онцлогыг харгалзан хөдөө ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, урамшуулал олгох, анагаахын сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгөх зэрэг бодлогын хүрээний тулгамдсан олон асуудалд тасралтгүй дэмжлэг үзүүлсээр ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Зээлийн гэрээний дагуу Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн 400 гаруй мянган иргэн, түүний дотор 120 орчим мянган эмэгтэйчүүд төсөлд хамрагджээ. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд дээрх 5 аймагт эхийн эндэгдэл 49 пунктээр, 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 2 пунктээр тус тус буурсан нь энэхүү төслийн үр дүнг илтгэн харуулж байна. Одоо “Эрүүл мэндийн салбарын хөгжил-3” төсөл хэрэгжиж байна. Түүнчлэн 4 дэх шатны төслийн бэлтгэл хангагдаад байна” хэмээн онцлон тэмдэглэв. Дараа нь Эрүүл мэндийн сайд С.Ламбаа зээлийн гэрээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.