Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 12 дугаар сарын 5,6-нд Төв, Сэлэнгэ аймагт ажиллав.
Ерөнхий сайд болон дагалдан яваа хүмүүсийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод хүрэлцэн ирэхэд Сүхбаатарын цэргийн хүрээний хүндэт харуул хотын төв талбайд жагсан хүндэтгэл үзүүллээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одонт Сэлэнгэ аймгийг газар тариалангийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан төрийн дээд шагнал “Сүхбаатар” одонг Ерөнхий сайд гардуулж, аймгийн иргэдэд Улсын Их Хурал, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэв.
Ерөнхий сайд дараа нь Монгол Улсад атар эзэмшсэний 50 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцон үг хэлж, “Сэлэнгийн долгио” чуулгын хүндэтгэлийн концертыг үзэж сонирхлоо. Сэлэнгэ аймаг манай улсын газар тариалангийн салбарын нийт бүтээгдэхүүний 60-аад хувийг дангаараа нийлүүлдэг. Энэ онд атар эзэмшсэний 50 жилийн ойн баяраа амжилт дүүрэн угтаж, 210.0 мянган тонн үр тариа, 43.4 мянган тонн төмс, 30.0 мянган тонн хүнсний ногоо, 145.7 мянган тонн хадлан бэлтгэжээ. Энэ нь улсын хэмжээний үр тарианы 60 орчим, төмсний 30, хүнсний ногооны 37.5, хадлан тэжээлийн 18.0 хувийг эзэлж байна гэсэн үг юм.
Ерөнхий сайд С.Батболд 11 дүгээр сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баяндулаан уул” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус үйлдвэр сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, өдөрт 100 бод, 200 бог мал нядлах хүчин чадалтай. Мах, махан бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах, мах загсаах, сэврээх зориулалтын хөргөлтийн системтэй. Үйл ажиллагааг нь электрон системээр бүрэн хянах боломжтой, олон улсын хүнсний ариун цэвэр, аюулгүй байдлын чанарын түвшний стандартад нийцсэн үйлдвэр юм байна. Үйлдвэр ашиглалтад орсоноор 50 орчим хүн ажлын байртай болжээ.
Үүний дараа Ерөнхий сайд дагалдан яваа хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Висдомс Ассетс Холдингс” группын охин компани болох “Шижир Интернейшнл” ХХК-иар оров. Тус компани 2006 онд байгуулагдсан. Монгол Улсад анх удаа дэлхийн түвшний Биотехнологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилт тавьж, олон улсын стандарт бүхий эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн цогцолбор барьж ашиглалтад оруулсан байна.
10 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, зүрх, хорт хавдар, үрэвсэл болон дархлааны өвчнийг анагаах 6 төрлийн бүтээгдэхүүний технологи боловсруулан 100 гаруй оронд борлуулах юм байна. 139 ажлын байр шинээр бий болгож, жилд 155.3 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулан 94.7 сая ам долларын цэвэр ашиг олохоор төлөвлөжээ. Одоогоор 60 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортод гаргахад бэлэн болгожээ. Ерөнхий сайд С.Батболд хөдөө орон нутагт ажиллах томилолтоо Төв аймгийн Жаргалант сумын cүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжлүүлэв.
Үйлдвэрийн барилгыг шинээр барьж, Итали, Чех, Голланд, Герман зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. Үйлдвэр хоногт 5-10 тонн шингэн сүү боловсруулж, бүтээгдэхүүн хийх хүчин чадалтай. Сүү хүлээн авч хөргөхөөс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж савлагдан гарах хүртэлх бүх үйл ажиллагаа автоматаар битүүмжилсэн нөхцөлд хийгддэг нь энэ үйлдвэрийн онцлог юм. Одоогоор Европын холбооны улсад мөрдөж буй сүү боловсруулах технологийн дагуу сүү, тараг, аарц, цөцгий, цөцгийн тос зэрэг 6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Төр засаг зөв, зүйтэй бодлогоор дэмжээд өгвөл аливаа зүйлийг хийж болдгийг эдгээр үйлдвэр харуулж байна. Цаашид бүх аймаг мах, сүү, газар тариалангийн бүтээгдэхүүнээр өөрийнхөө хэрэгцээг хангах сайхан эхлэл тавигдлаа. Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын асуудал болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тал дээр онцгой анхаарах болно” хэмээн Ерөнхий сайд С.Батболд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.