Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
АНУ-ЫН МСК-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 12 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙН ТУХАЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАГА ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.10 /
Эрхэмсэг ноён Элчин сайд аа,
Хатагтай, ноёд оо,

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Элчин сайд Жонатан Эдлтон Танд талархал илэрхийлэхийн ялдамд Монголын ардчиллын 20 жилийн ой тохиож буй өдөр энэхүү сайхан мэдээг дуулгаж байгааг ихээхэн бэлгэшээн хүлээн авч байна. 

Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн зарчимд тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаагийн нэгэн томоохон илрэл бол АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци Монгол Улсад 284.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийг 5 жилийн хугацаанд олгохоор 2007 оны 10 дугаар сард манай улсын Засгийн газартай “Мянганы сорилтын гэрээ” байгуулсан явдал юм. Чингэснээр, Монгол Улс МСК-тай гэрээ байгуулсан дэлхийн 18 улсын нэг болсон билээ.

Тодорхой учир шалтгааны улмаас энэ оны 4-р сард МСС–ийн хүрээнд хэрэгжүүлж байсан зарим төслийн чиглэлийг өөрчлөн манай улсын эдийн засаг, нийгмийн салбарт ач холбогдол бүхий бусад төслүүдэд шилжүүлэх тухай Монголын талын хүсэлтийн талаар миний бие Гадаад харилцааны сайдын хувьд энэ оны 6 сард АНУ-д айлчлалын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтай уулзахдаа ярилцаж, мөн саяхан Ерөнхий сайдын хувьд хатагтай Клинтонд захидал  илгээж байсныг та бүхэн мэдэх билээ. Манай хүсэлтийг Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах зөвлөл 9 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэж, эхний ээлжинд 50 сая ам.долларыг одоо хэрэгжиж байгаа эрүүл мэнд, техник мэргэжлийн боловсрол, хот орчмын бэлчээрийн менежмент гэсэн 3 төслийг өргөтгөхөд зарцуулах шийдвэр гаргасныг та бүхэнд өмнө нь мэдээлсэн.

МСК нь үүссэн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч одоо хэрэгжүүлж байгаа төслүүдийг өргөтгөөд зогсохгүй манай зүгээс санал болгосон агаарын бохирдол, ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ болон бүс нутгийн авто замын хөгжилд холбогдох шинэ төслүүдийн үнэлгээг энэ ондоо багтаан хийж, тус корпорацийн Удирдах Зөвлөл өчигдрийн хурлаараа Монгол улсын Засгийн газартай 284.9 сая ам. долларын компакт гэрээг шинэчлэн баталсанд Монголын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн манай ардчиллын 20 жилийн ойг тохиолдуулан Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон мэндчилгээ ирүүлсэн байна. Энэ мэндчилгээндээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга манай улсыг “дэлхий даянд шинэ тутам үүсэн бэхжиж буй ардчиллын үлгэр жишээ болсоор байна. Монгол Улс ололт, амжилтуудаа бататгасаар, ардчиллыг бэхжүүлсээр ирсэн” гэж тэмдэглэсэн байна. Энэхүү шийдвэр нь АНУ-ын зүгээс манай улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг бүхий л талаар дэмжиж, бид бүхний ололтыг өндөрөөр үнэлж байгаагийн нэгэн тод илрэл болж байна. Элчин сайд Танаар уламжлан хатагтай Төрийн нарийн бичгийн дарга болон АНУ-ын засаг захиргаа, ард түмэнд гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Түүнээс гадна, АНУ-ын МСК, Монголын МСС болон манай холбогдох яамдад шуурхай ажилласанд нь талархал илэрхийлье.

Эдгээр шинэ төслийг хэрэгжүүлэхэд 3 жилийн хугацаа үлдсэн учир төслүүдээ хэрэгжүүлэхэд бүхий л хүч, бололцоогоо дайчилж, төслүүдийг амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГИЙН ХЭЛСЭН ҮГ
МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИ 188 САЯ АМ ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТАЛЛАА
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.09
Зээлийн гэрээний үр дүнгийн талаар хэлэлцэв
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан