2009 оны 12 дугаар сар 07 Улаанбаатар хот
Энд хүрэлцэн ирсэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ерөнхий сайдын албыг хүлээж авснаас хойш би Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллагуудын ажил байдалтай танилцаж, эрхлэн хариуцаж буй салбар хүрээний тулгамдсан асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, холбогдох төр засгийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр Та бүхэнтэй уулзаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох экологийн аюулгүй байдлыг хангах, тэр дундаа хүрээлэн байгаа орчныг хамгаалах, баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого хэрэгжилтийг хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд та бүхэн хүчин зүтгэж байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд энэ салбарт нийгэм, эдийн засгийн харилцааны шинэ нөхцөлд тохирсон хууль эрхийн актыг бий болгож цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Байгаль хамгаалах олон нийтийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд бий болж идэвхитэй үйл ажиллагаа өрнөж байна. Байгаль орчинг хамгаалах асуудал дээр алдаа гаргасан улс орон ямар сүйрэл, хохирол амсдагийг бусдын жишээ харуулж байна. Бид энэ алдааг давтах учиргүй. Харин ч сургамж авах ёстой. Тэгвэл Та бид нэн даруй юу хийвэл зохистой вэ? Хийж хэрэгжүүлж буй бүхэн минь ямар үр дүнтэй байна вэ? Энэ бүгдийн талаар ярилцъя. Та бүгдийн санаа, бодлыг бас сонсъё.
“Бид дэлхийгээ өвөг дээдсээсээ өвөлж аваагүй, харин үр хүүхдүүдээсээ зээлдэж байгаа” гэсэн эртний зүйр үг бий. Өнөөдөр дэлхийн улс орнууд өөрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль орчны даац, чадавхид нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гарган хамтран ажиллаж байна. Хөгжилтэй орнуудад хөгжлийнхөө хэтийн төлвийг байгаль орчны үнэлгээтэйгээ нягт уялдуулан хийж, хүрээлэн буй орчны үзүүлэлтээр хөгжлийнхээ ирээдүйг ч дүгнэж байна. Энэ үзүүлэлт манай улсад ямар байна вэ? Тодорхой алхамууд хийгдэж буй боловч салбарын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэхэд хангалтгүй үзүүлэлт харагдаж байна. 2008 онд АНУ-ын Еэлийн Их сургуулиас гаргасан Хүрээлэн буй орчны үзүүлэлтээр Монгол Улс нь дэлхийн улс орнуудын дунд 100 дугаарт жагсаж байгаа нь сайн үзүүлэлт биш юм.
Манай орны байгаль орчныг хамгаалах хяналтын тогтолцоог олон улсын стандартад бүрэн нийцүүлэх шаардлага нэн чухлаар тавигдаж байна. Экологийн чанд хатуу стандарт, хэм хэмжээ тогтоох нь бизнесийн салбарын хувьд шинэ технологи нэвтрүүлэх, алдагдалгүй ажиллах, нөөцийг зохистой ашиглах хөшүүрэг болох учиртай. Нөгөөтэйгүүр экологийн стантартад нийцэх нь олон улсын зах зээлд нэвтрэх зайлшгүй нөхцөл болоод байна. Ийм стандартын шаардлагыг хэрэгжүүлэхэд төрийн оновчтой хяналт, зохицуулалт, нөгөөтэйгүүр иргэд, иргэний нийгмийн идэвхитэй оролцооны зохистой харилцан уялдаа нэн чухал гэдгийг олон улсын туршлага харууллаа.
Хүрээлэн буй орчныг бохирдуулсны төлөө ногдуулах хариуцлагын тогтолцоо хангалтгүй, эсвэл хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл ард иргэдийн зүгээс их гардаг. Манай улс цөөнгүй тооны хууль тогтоомж баталж, улс орнуудын олон талт гэрээнд нэгдэн орсон байдаг. Ийм байтал хуулийг хэрэгжүүлэхээсээ илүү тунхаглал хэлбэртэй болгох нь буруу юм.
Хатагтай, ноёд оо
Юуны өмнө дэлхий даяар нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж эхлэх нь бидний нэн тэргүүний зорилт болж байна. Энэ асуудлаар тодорхой зорилт дэвшүүлэхээр удахгүй Конпенхаген хотноо дэлхийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Өнгөрсөн 100 жилд дэлхийн агаарын температур 0.7 градус цельсээр нэмэгдсэн бол Монгол орны хэмжээнд энэ нь гурав дахин их буюу 2,1 градус цельсээр дулаарч, хур тунадас 7 орчим хувиар буурчээ.
Үүний улмаас цөлжилт эрчимжиж, бэлчээрийн даац муудах, мөстөл хайлж, мөнх цэвдэг гэсэх, нуур, гол ус, булаг шанд олноор ширгэх, зарим ан амьтаны тоо толгой эрс цөөрөх зэргээр байгаль орчны төлөв мэдэгдэхүйц доройтож байна. Мөн хүчтэй цасан ба шороон шуурга, үер, ган зудын давтагдал нэмэгдэж, гарах хохирлын хэмжээ жилээс жилд өсч, улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хүндрэл, бэрхшээл үзүүлэх боллоо. Манай оронд байгалийн гамшиг, цаг агаарын аюултай үзэгдэлүүд үлэмж их хэмжээний хохирлыг бий болгож байна. Үүний хүн ам, эдийн засагт учирч буй эрсдлийг багасгах үндсэн нөхцөл нь гамшигт үзэгдлийг эртнээс урьдчилан мэдээлэх, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэж, хамгаалах бүх талын арга хэмжээг цаг алдалгүй авахад оршино.
Ингэж чадвал хохирлын хэмжээ буурдаг гэдгийг энэ оны 9 дүгээр сарын сүүлчээр манай оронд ажиглагдсан хүчтэй цасан шуургыг урьдчилан сайн мэдээлсэнээр хохирол багатай давсан жишээнээс дүгнэлт хийж болно. Өөрөөр хэлбэл бид гамшиг болсны дараа ихээхэн хөрөнгө зарцуулан байж хохирлыг арилгадаг арга барилаасаа салж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах шинэ менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дээрх зорилтыг хангахын тулд ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд технологийн шинэчлэлийг дэс дараатай хийж, орчин үеийн өндөр хүчин чадалтай тооцоолон бодох техникийг ашиглах замаар цаг агаарын урьдчилсан мэдээ, нарийвчлалыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн хандлагыг аль болох эртнээс тандах, шийдвэр гаргагчдыг зохих мэдээллээр хангаж байх шаардлагатай.
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд аймаг, сум, орон нутгийн удирдлага, ард иргэд онцгой анхаарч ажиллах нь чухал гэдгийг хэлье. Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн нэг тулгамдсан асуудал болох цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх ажлыг илүү үр өгөөжтэй, хурдтай зохион байгуулах явдал чухал байна. Өнөөдөр эс амжуулбаас маргааш эргэж засахын аргагүй, эргэлт буцалтгүй үйл явц байгаль дэлхийд явагдаж байгааг анхаарвал зохилтой.
Сүүлийн 16 жилд цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн хэмжээ үлэмж нэмэгдлээ. Нийт газар нутгийн 70 гаруй хувийг цөлжилт ямар нэг хэмжээгээр хамрах болсон байна. Өөрөөр хэлбэл ихэнх аймаг орон нутгийн байгаль орчинд тодорхой хэмжээгээр өөрчлөлт бий болж, эх оронд маань экосистемийн гажуудал үүслээ. Одооноос эхлэн аймаг, орон нутгаар цөлжилтийн аюул, төлвийг тооцож, түүнтэй тэмцэх арга хэмжээний төлөвлөлт гаргаж хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг, чиглэл болгож байна.
Цөлжилттэй тэмцэж буй өнөөгийн бодлогоо боловсронгүй болгож, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Үүнд хөрөнгө оруулалтыг хөрс хамгаалах, эрх зүйн орчинг сайжруулах, шинжлэх ухаан, технолгийн ололт, уламжлалт мэдлэгийг өргөн ашиглах, сургалт, сурталчилгаа, ард, иргэдийн оролцоог дээшлүүлэхэд чиглүүлэх, мөн энэ талаар гадны дэмжлэг туслалцаа авах, туршлага судлах, энэ чиглэлээр бүс нутгийн хэмжээнд авагдаж буй арга хэмжээнд хамрагдах, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх бодит арга хэмжээг хэрэгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй.
Байгалийн баялгийн хамгийн чухал мөртлөө манайд хамгийн хямд, үрэн таран ашиглаж байгаа баялаг бол ус мөн. Эрс тэс, хуурай уур амьсгалтай манай орны хувьд усны нөөцийг хамгаалах, түүнийг зөв зохистой ашиглах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь нэн тэргүүнд шийдвэрлэх чухал асуудлын нэг мөн. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан үүсэж буй ус, чийгний хомсдол нь манай орны үндэсний аюулгүй байдалтай ч холбогдоно. Үндэсний хөгжлийн цогц бодлогод заасан “Усны талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж Усны үндэсний хөтөлбөр”-ийг шинэчилж боловсруулан батлуулах ажил удаашралтай явагдаж байгаад холбогдох хүмүүс дүгнэлт хийгээрэй.
Усны асуудалд хайнга хандаж болохгүй. Нийслэл хотын ундны усны эх үүсвэрийн нөөц багасаж, шинэ эх үүсвэрийн тухай асуудал гарч байхад тусгай хамгаалалтын газар, усны эх үүсвэрийн ой савуудад газар ихээр олгож буйг таслан зогсоохыг шаардаж байна. Хур тундасны усыг хуримтлуулах усны нөөцийн цогцолборыг Орхон, Туул, Хэрлэн, Сэлэнгэ гол дээр барих тухай асуудалд манай эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Дахин шинэ говиудыг бий болгочихвийдээ гэсэн үзэл бодол цөөнгүй бий. Энэ асуудлыг эргэж нэг авч үзэж, 7 хэмжиж, нэг огтлохын ухаанаар хандах нь зүйтэй. Монгол Улсын усны бодлогыг нэгтгэн, нэг цонхонд оруулмаар байна.
2012 онд багтаан ойн өвчин, хортонд нэрвэгдсэн талбайг үндсэнд нь эрүүлжүүлж, ойн нөхөн сэргээлтийг тогтвортой нэмэгдүүлэхийг хэрэгжүүлэх ёстой. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх гол арга болно. Ойг хамгаалах, таримал ойн хэмжээг нэмэгдүүлэх замаар нийт ойн сангийн талбайг ихэсгэх, хэрэглээний чанар багатай модон түүхий эд, унанги, мөчрийг өндөр технологиор боловсруулж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэгцээгээ хангах шаардлагатайг зориуд тэмдэглэж байна.
Манай орны түймэрт өртсөн ойн талбай 1.3 сая га, хортонд нэрвэгдсэн ойн талбай 950.0 мянган га байгаа ба жилд дунджаар 465.0 мянган га талбай ойн түймэрт өртөж байгаа мэдээг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Түймрээс хамгаалах нь орон нутгийн удирдлагуудын үндсэн үүрэг гэдгийг хатуу сануулж, энэ ажилд урамшуулал, хариуцлагын механизмыг хэрэглэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газарт даалгаж байна.
Эдийн засгийн том төслүүдийг хэрэгжүүлэхэд багагүй хэмжээний технологийн ус хэрэглэнэ. Уг үйлдвэрлэлийг дагаж тосгон суурин бий болно. Тэнд мөн ахуйн болон ундны ус их хэмжээгээр шаардагдана. Тэндээс гарах бохир ус, хог хаягдалыг зохицуулах, энэ бүгд тухайн газар нутгийн экологийн даацад хэрхэн нөлөөлөхийг үнэлэх гэх мэтийн олон асуудал ургаж гарна. Цаашдаа олон хүний нүүдэл суудал шаардсан хот суурин шинээр бий болгох томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ уур амьсгал өөрчлөгдөх чиг хандлагыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай болж байна.
Монгол улсын хөгжлийн түвшингийн өнөөгийн шатанд бид байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгохоос өөр аргагүй байна. Ингэхдээ аль болох байгаль орчинд хор хохирол багатай аргаар нөөцийг ашиглаж, амьд байгалийн өөрийн жамаараа нөхөн сэргэж байх нөхцлийг хангасан үйл ажиллагаа явуулах ёстой. Дахин дурдахад өнөөдөр дэлхий дахинд нөөцийн хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх явдал аж ахуй, бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг тодорхойлох гол үзүүлэлт болоод байна. Ялангуяа эрчим хүч, усны хэрэглээ, материал зарцуулалт багатай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх явдлыг дэлхийн бүх улс орнууд нэн тэргүүний зорилгоо болгожээ.
Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж багагүй хугацааг ардаа орхисон хэдий ч эдийн засаг, нийгэмд үзүүлж буй эерэг хандлагаас илүү байгаль орчин, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хандлага, үр дагавар нилээд байгаа нь нууц биш билээ. Цаашид орд газруудыг ашиглахад экологи-эдийн засгийн хувьд хэр ашигтай байх, ашиглаж буй техник технологи нь байгаль орчинд халгүй байх, ашигласан газраа бүрэн нөхөн сэргээх чадамжтай эсэхийг харгалзан олборлолт явуулах эсэхийг сайтар төлөвлөн шийдвэрлэдэг байя.
Улс орны бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг нэгдсэн цогц байдлаар, бүс нутгаар, олон улсын стандарт жишгээр байгаль орчны стратегийн үнэлгээг бүсүүдээр яаралтай хийж эхлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдээс гадна хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд идэвхитэй оролцож нөхөн сэргэдэггүй байгалийн нөөц баялагийг ашиглаж байна. Тэд эргээд нөхөн сэргээлт хийдэггүйгээс гадна хамгийн бүдүүлэг технологи хэрэглэж байгаа нь эдийн засаг-нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Нөхөн сэргээлтийн хариуцлагын тогтолцоог эргэн харах шаардлагатай. Нөхөөн сэргээлт хийснээс торгууль төлөөд явсан нь ашигтай тогтолцоо яавч байж боломгүй.
Өнгөрсөн жилүүдэд тохиолдсон гашуун сургамжийг дахин давтахгүй байхын тулд алт олборлолтын үйл ажилгаанд мөнгөн ус, цианит натри ашиглахыг хатуу хориглосон боловч энэ талаар сум, аймгийн түвшинд тавих хяналт, шаардлага хангалтгүй байна. Хууль бусаар алт олборлох химийн хорт бодис ашиглах явдлыг бүрэн таслан зогсоож чадаагүй байгааг аймаг, сумын Засаг дарга нар, улсын мэргэжлийн хяналтын байцаагч нарт дахин хатуу анхааруулж байна. Хариуцлагын тогтолцоо үйлчлэхгүй байна. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ёстой албан тушаалтнууд үүргээ биелүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх нь зүйд нийцнэ.
2009 онд шинээр батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” болон бусад хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан байгаль, түүх, экологийн ач холбогдол бүхий газруудын хил заагийг тодорхой болгож, уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар салбарын яамд үйл ажиллагаагаа нэгтгэх нь чухал байна. Ногоон хөгжил, өсөлт, эдийн засгийн үзэл санаа манай хөгжлийн ирээдүйн нэг чухал чиглэл байгаа юм. Байгаль орчинтой зохицож, тогтвортой хөгжихийн тулд АНУ болон Герман тэргүүтэй Европын Холбооны орнууд, НҮБ эрчим хүчний үйлдвэрлэлийг аажмаар сэргээгдэх эх үүсвэрийн үйлдвэрлэл рүү шилжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг урамшуулсан бодлогыг нэвтрүүлж эхэллээ.
Дэлхийн даяар органик хоол хүнсний үнэ өсч хөдөө аж ахуй, байгалийн гаралтай бүтээгдэхүүний шинэ зах зээл, боломжүүд үүсч байна. Иймээс ногоон эдийн засаг манай хөгжилд шууд үр нөлөө авчирна. Энэ талын ажлыг идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжлийн яаманд үүрэг болгож байна. Байгаль орчиноо хамгаалах, органик үйлдвэрлэлийг дэмжих, НҮБ-аас зарласан Дэлхийн Ногоон Эдийн засгийг хөгжүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсад тогтвортой хөгжлийг дэмжих талаар бодитой алхмуудыг хийх цаг болсон. Тухайлбал, зарим оронд амжилттай хэрэгжиж буй “Ногоон зөвшөөрөл” болон “Ногоон тамгатай бүтээгдэхүүн” хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж бодож байна.
Ингэснээр барилга барих компани нь экологийн хамгийн сайн стандартад нийцсэн төсөл гаргавал, эсвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл түүнийг бүртгэх, татвар ногдуулах зэрэг асуудал дээр нэн тааламжтай нөхцөл, хөнгөлөлт үзүүлдэг болъё. Үүнээс санаа авч Улаанбаатарын агаарын бохирдлоос хамгаалахын тулд иргэдэд урамшуулал үзүүлснээр сайн үр дүнд хүрч болох юм. Энэ талаар тодорхой тооцоо судалгаа гаргахыг салбарын яаманд даалгаж байна. Гурван R (REDUCE, REUSE, RECYCLE) буюу хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах зарчмыг дэмжин үндэсний стратегийг хэрэгжүүлж, хүрээлэн буй орчны цэвэр аюулгүй байдлыг хангахад зохицон хог хаягдлын менежментийг бий болгох зэрэг асуудлыг нэн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг сааруулж, хог хаягдал, химийн хорт бодисын менежментийг сайжруулах нь үйлдвэржилтийн бодлогыг үр дүнтэй, иргэдийнхээ сайн сайхны төлөө хэрэгжүүлэх угтвар нөхцөл мөн. Гэтэл нилээд олон аймгийн төв, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийн ажиллагаа доголдсон, технолгийн хоцрогдолд орсон, хог хаягдлыг зайлуулах, устгах, ангилан ялгаж, эргүүлэн ашиглах арга технологи нэвтрээгүй яриа төдий байна. Иймд Засгийн газрын үйлдвэржүүлэх бодлоготой зэрэгцүүлэн “байгаль хамгааллын дэд бүтэц” буюу шингэн хаягдал цэвэрлэх байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулах, хатуу хог хаягдал, химийн хорт бодисыг байгаль орчинд халгүй аргаар зайлуулах, арга ажиллагаа, технологийг нэн яаралтай нэвтрүүлж бодит ажил хэрэг болгъё.
Нийслэл хотын агаарын бохирдол тэвчиж болшгүй хэмжээнд хүрсэнийг хүн бүхэн мэдэж, мэдэрч байгаа. Олон жил энэ асуудал яригдаж байгаа боловч, олигтой үр дүн гараагүй. Юуны түрүүнд агаарын бохирдлыг бууруулах эдийн засгийн, урамшууллын болон албадлагын бүхий л аргыг хослуулан хэрэглэх эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх шаардлагатай. Агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах талаар авсан арга хэмжээ, төлөвлөгөөнийхөө талаар ойрын хугацаанд Засгийн газарт илтгэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын, Эрдэс баялаг, эрчим хүчний, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.
Биологийн төрөл зүйл, амьтан, ургамлыг хамгаалах, өсгөж үржүүлэх талаар мэдэгдэхүйц үр дүнтэй ажил зохион байгуулах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэнтэй ч хуваалцахгүй үүрэг гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Сүүлийн 10 орчим жилийн дотор манай оронд элбэг нөөцтэйд тооцогдож байсан тарвага, цагаан зээр, хэрэм, баавгай зэрэг агнуурын амьтад эрс ховордлоо. Ургамлын нөөц ч жилээс жилд хомсдож, байгалийн ургамлыг түүж ашиглах, экспортлох хэмжээ нэмэгдэх хандлагатай байна.
Гаалийн байгууллагын мэдээгээр байгалийн ургамал, ан амьтаны түүхий эдийг хууль бусаар хил нэвтрүүлэхтэй холбогдсон зөрчил нэмэгдэх боллоо. Ховордсон биологийн төрөл зүйлийг хамгаалахын оронд агнах, барих зөвшөөрлийг олгох арга саамыг Монголчилсон ур ухаанаар хайж олж цагаа үрж суудаг мэтээр харагдаж болохгүй биз дээ. Бэлчээр сүйтгэгч үлийн цагаан оготоно үржиж байгаа нь байгалийн зохицуулалтыг эвдэж буй хүний оролцооны үр дагвар юм. Шийдвэртэй алхамууд шаардагдаж байна. Шонхор шувуу, үнэг, хярс агнах, барихыг 2 хүртэлх жилийн хугацаагаар хориглох асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх үүрэг өгч байна.
Ер нь цаашдаа биологийн нөөцийг хамгаалах ажлыг тэдгээрийн экологийн болон эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхтэй хослуулан хөгжүүлэх бодлогын шинжтэй шинэчлэл хэрэгтэй байна. Байгалийн бүс бүслүүрийн онцлог, газар зүй геологийн өвөрмөц тогтоц, ховордсон амьтан, ургамал бүхий экосистем, байгалийн үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах зорилгоор тодорхой нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалтанд авч хамгаалах нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгаль хамгааллын аргын нэг билээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт газар нутгийн 14.1 хувь буюу 21.7 сая га газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авчээ. Эдгээрийн хамгаалалтын менежмент горим, дэглэмийг сахиулах, хяналт шалгалт, судалгаа шинжилгээнд жил бүр дунджаар 1.0-1.2 тэрбум төгрөгийг Засгийн газраас зарцуулж байна. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 48.8 хувь нь дархан цаазат, 41.5 хувь нь байгалийн цогцолборт, 9.3 хувь нь байгалийн нөөц, 0.45 хувь нь дурсгалт газрын ангилалд хамрагджээ. Эдгээр ангиллаас өчүүхэн хувийг дурсгалт буюу байгалийн дурсгалт, түүх соёлын дурсгалт газар эзлэж байна. Тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг жинхэнэ утгаар нь “тусгайлан хамгаалахад” асуудлын гол нь оршиж байна. Хэрэгжилт, хяналт, хариуцлага хангалтгүй байгаа нь нууц биш.
Дархан цаазат Богд-Хан уулын амууд болон Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “аялал жуулчлалын зориулалтаар” гэсэн нэрийн дор олгогдсон газар ашиглах зөвшөөрөл тэдгээртэй холбогдсон хууль зөрчсөн үйл ажиллагаа, зөрчлүүдийг сайтар шалган тогтоож таслан зогсоох арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж байна. Ийм хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсооход УМХЕГ, ЦЕГ бусад хууль хяналтын байгууллагын оролцоо, идэвх санаачлага ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Цаашдаа дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтанд авах газрын жагсаалтыг нэн түрүүнд гаргаж, ашиг олох зорилгоор эвдэн бусниулж сүйтгэгдэж байгаа эртний хүний оромж, отог сууц, сүг зураг, хадны бичээс буган ба чулуун хөшөө, булш бунхан, хот суурингийн үлдэгдэл, хэрэм балгас, уламжлалт зан үйлтэй холбоотой уул, овоо тахилга бүхий газрыг хамгаалахад анхааралаа хандуулахыг үүрэг болгож байна. Эдэлж эвдэж хэзээ ч амжина. Харин эргүүлж сэргээхэд асар их цаг хугацаа, хүч хөрөнгө шаардагдах болно гэдгийг ямагт санаж явах ёстой. Тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлалын үйл ажиллагааг бодлогоор дэмжин үндэсний хэмжээний “хөрөнгө оруулалт” болгох чиглэлээр тодорхой ажлыг нэн яаралтай зохион байгуулж дорвитой хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэх үндэслэл боловсруулж Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд аялал жуулчлалын асуудлыг оруулсан явдал нь тохиолдолын хэрэг биш юм. Дэлхийн улс орнууд үйлдвэржсэн эдийн засгаас мэдээлэлд суурилсан үйлчилгээжсэн эдийн засагт шилжиж, нийгэм эдийн засгийн өсөлт, хөгжилтөд аялал жуулчлалын салбарын эзлэх хувь хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Газар шороог ухаж төнхөлгүйгээр, мод ургамал огтолж сүйтгэхгүйгээр, ховордсон ан амьтан агнаж намнахгүйгээр ашиг орлого олж болох шавхагдашгүй нөөц бүхий байгалийн баялаг бол цэнгэг агаар, цэвэр ус, онгон дагшин газар, байгалийн гоо үзэсгэлэн юм.
Уудам газар нутагтай, цөөн хүн амтай, түүх соёлын баялаг уламжлалтай, нүүдлийн соёл иргэншлийг сонгодог хэлбэрээр нь хадгалж үлдсэн цөөхөн улс орны нэг учир Монголд аялал жуулчлал түүний дотор экологийн аялал жуучлал хөгжүүлэх өргөн бололцоо байна. Аялал жуучлалаас олох ашиг орлогод анхаарал тавихын зэрэгцээ аялал жуучлалын дэд бүтэц бий болгох явцад байгаль орчин хамгаалах шаардлагатай зөрчилдөх, зарим газар хэт бөөгнөрөл үүсч газар талхлах, аялал жуучлалын нэрийдлээр өөр бизнес эрхлэн хууль зөрчих байдлыг арилгах учиртай. Түүнчлэн гадны жуулчдын сонирхолд нийцүүлэн соёл уламжлалын зохиомол хэлбэр үүсдэг зэрэг бусад улс оронд элбэг тохиолддог гажуудлаас сэргийлэх талаар анхаарч байх учиртай.
Аялал жуулчлал нь валютын нөөц, иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх эх үүсвэр, байгаль орчныг хамгаалах арга зам болохын хувьд төр засгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон түлхэц өгдөг салбар билээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэдээгээр аялал жуулчлалын 452 аж ахуйн нэгж, 326 зочид буудал, 340 жуулчны бааз энэ салбарт үйл ажиллагаа явуулж, олон мянган ажлын байрыг бий болгож байгаа.
Монгол Улсын аялал жуулчлалын салбар нь бүхэлдээ хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгуурласан. Цаашид жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшил дангаараа асуудлыг шийдвэрлэх бололцоогүй. Нэн тэргүүний ач холбогдолтой хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын асуудлыг Засгийн газрын байгууллагууд шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын суурь дэд бүтцийг бий болгох, гадаад сурталчилгаа, аялал жуулчлалын бүс нутагт бүтээгдэхүүн хөгжүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
Аялал жуулчлалыг дэд бүтцийн хөгжил, төлөвлөлттэй уялдуулан түүх, соёл, байгалийн үзмэрүүдэд тулгуурлан бүсчлэн хөгжүүлэх бодлого баримтлах, БСШУЯ-тай хамтарч соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Соёлын салбарыг хөгжүүлэн монгол гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёл, урлаг, музей, археологи, угсаатан судлал, зан үйлийн өвөрмөц онцлогийг тусгасан соёлын үйлчилгээг үзүүлэх замаар аялал жуулчлалын үйлчилгээний нэр төрөл хэмжээг нэмэгдүүлэн Монголын өвөрмөц онцлогтой аялал жуулчлалын имиж бий болгох хэрэгтэй байна.
Гадаад сурталчилгааг өнөөдрийг хүртэл хувь компаниуд голлон хийж ирсэн. Салбарын яамнаас 200 сая төгрөг гадаад сурталчилгаа, гадаад үзэсгэлэн яармагт зарцуулагддаг нь хангалтгүй. Гадаад сурталчилгаанд хөрөнгөө зөв, зохистой хэмжээгээр зарцуулснаар мөнгөө богино хугацаанд аялал жуулчлалын байгууллагуудын татварын орлогоор буцааж авна гэсэн хялбар ойлголт биелэлээ олох хэрэгтэй. CNN, ВВС гэх мэт алдартай сувгуудаар Монгол Улсын брэндийг дэлхийд сурталчилах, түүний тулд оновчтой лого, лозунг бүхий реклам, маркетингийн аялал жуулчлалын кампанийг зохион байгуулъя. Монголын давтагдашгүй түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудын тухай дэлхийн соёлын өв болсон урт дуу, хөөмийг оруулж орчин үеийн технологи ашигласан шилдэг видео зураглал, рекламын уралдааныг гадаад, дотоодод зохион байгуулан жуулчдыг эх орондоо татаж тоог эрс нэмэгдүүлэх талаар санаачлагаа өрнүүлмээр байна. Манайд ирж байгаа жуулчдын тоо хангалтгүй байна. Тиймээс жуулчдын тоог 2015 онд гэхэд 1 сая хүргэх, үүний дотор өндөр хөгжилтэй орнуудын жуулчдын тоог 150 мянган болгох зорилтыг дэвшүүлж ажиллах хэрэгтэй. Бололцоо, боломж байна. Гагцхүү идэвхи санаачлага, сэтгэл дутагдаад байна уу даа.
Монгол улсын аялал жуулчлалын салбарыг ийнхүү хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд аялал жуулчлалын үндсэн бүсүүдийн зам, тээвэр, харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах асуудал юм. Улаанбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтий, Ховд гэсэн аялал жуулчлалын гол 6 бүсэд улсын төсвөөр болон гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, томоохон цогцолборуудыг байгуулах эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулж танилцуулахыг БОАЖЯ-д үүрэг болгож байна. Мөн гол зах зээлийн орнууд руу хийх нислэгийн тоо, давтамжийг үе шаттай нэмэгдүүлэх, нислэгийн тийз, зардлын үнийг бууруулах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, тусгай мэргэжлийн сургуулиудад дунд шатны үйлчилгээний ажилтнууд бэлтгэх, аялал жуулчлалын их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинэчилж олон улсын түвшинд хүргэх, аялал жуулчлалын сурталчилгаа, маркетингийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хөтөлбөр гарган хэрэгжүүлъе.
Жуулчны улирал богино, дэд бүтэц муу зэрэг сул талтай манай оронд жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор гол зах зээлийн орнуудын иргэдийн визийг хөнгөвчлөх зэрэг цогц арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхийг холбогдох яам, газруудад үүрэг болгох болно. Энд яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох тал дээр та бид идэвхитэй хамтран ажиллах ёстой. Учир нь байгалийн аюулгүй байдал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манай үндэсний дэвшлийн баталгаа юм. Бид үүнийг хамтдаа хийж чадна.
Анхаарал тавьсанд баярлалаа.