УЧИРСАН ХОХИРЛЫГ 370 САЯ ТӨГРӨГӨӨР БАРАГДУУЛНА
Увс аймгийн “Увс-Дулааны станц”-д гарсан гэмтлийн улмаас төсөвт болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан хохирлыг барагдуулахад шаардлагатай 370 сая төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нөөц сангаас гаргахаар тогтлоо.
Цаашид хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг дулаанаар байнга, найдвартай хангах зорилгоор “Увс-Дулааны станц”-ын эзэмшилд байгаа газар доорх шугам, сүлжээ болон станцыг орон нутгийн өмчлөлд эргүүлэн авах талаар судалж, танилцуулахыг Увс аймгийн Засаг даргад үүрэг болголоо. Засгийн газрын нөөц сангаас гаргасан 370 сая төгрөгийн тодорхой хувийг станцыг эзэмшигч аж ахуйн нэгжээр буцаан төлүүлэх арга хэмжээ авахыг судлах нь зүйтэй гэж хуралдаанаас үзсэн байна.
Нөөц сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, гүйцэтгэлийн тайланг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгалаа. 2011 оны 1 дүгээр сарын 17-нд Увс аймгийн “Увс-Дулааны станц”-д гарсан техникийн гэмтлийн улмаас Улаангом хот хөлдөхдөө тулж аваарийн байдалд шилжсэн байсан юм.
Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу салбарын яам, Эрчим хүчний газар Ажлын хэсэг гарган станцын 2 дугаар зуухны ул ширэм, явах ангийн суурь, үнс татах ковшийн засварыг богино хугацаанд иж бүрэн сольсон. Мөн хотын төв шугамд байсан усны томоохон алдагдлыг илрүүлж, хэрэглэгчдийг дулаанаар хангаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
АВРАГЧ, АЛБАН ХААГЧДЫН ТОМИЛОЛТ, УРАМШУУЛЛЫН ЗАРДЛЫГ ОЛГОНО
Өнгөрсөн оны сүүлийн хагаст гарсан гамшгийн голомтод ажилласан аврагч, албан хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд зориулж хуулийн дагуу 194 сая 357 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Манай улсын хэмжээнд тохиолдсон хүчтэй салхи, шуурга, аадар бороо, аянга, хүн, малын гоц халдварт өвчин, үер, үйлдвэрлэлийн осол, аюулт үзэгдэл, цас зудын голомтод Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 2270 албан хаагч ажиллаж 55 хүний цогцос гарган, 233 хүний амийг аварч, иргэдийн эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинг хамгаалах ажилд хүчин зүтгэжээ.
2010 оны сүүлийн хагас жилд ой хээрийн түймэр гэхэд л 12 аймгийн 32 суманд 51 удаа гарч 149 123 га талбай шатаж үлэмж хэмжээний хохирол учирсан байна. Өнгөрсөн онд Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Завхан, Төв, Хэнтий аймагт гарсан ой хээрийн түймэр, тарваган тахлын халдвартай тэмцэх болон шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөр, халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан 1 тэрбум 700 сая 352 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Нөөц сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, тайланг Онцгой байдлын ерөнхий газарт энэ оны I улиралд багтаан ирүүлэхийг дээрх амйгуудын Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгав.
ЕГИПЕТ УЛСААС 47 ИРГЭНЭЭ ТАТЖЭЭ
Арабын Бүгд Найрамдах Египет Улсад нэн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тус улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд яаралтай арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох байгууллагад чиглэл болгосон юм. Энэ дагуу манай улс 47 иргэнээ татаж Кайр хотод үлдэхээр өөрсдөө шийдэн, өргөдлөө өгсөн 4 оюутныг 3 хүүхдийн хамт Элчин сайдын яамны хамгаалалтад авчээ.
Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцэн Кувейт Улсын зардлаар Эль Кувейт хотод хүргэсэн 16 иргэн, Турк Улсын зардлаар Истанбул хотод хүргэсэн 31 оюутныг эх орондоо ирүүлэхэд зарцуулсан 143 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.
ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨРИЙН БОДЛОГО, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАНА
Засгийн газрын хуралдаанаар “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээх босгох арга хэмжээг зохион байгуулж, удирдах төрийн байгууллагын тогтолцоо манай улсад хөгжлийнхөө эхэн үед байна гэж хэлж болно.
Үүний зэрэгцээ мэргэжлийн хүн, хүчний нөөц дутагдалтай, гамшгаас хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах, аврах техник хэрэгслийн хангамж муу, техникийн үзүүлэлт нь хоцрогдонгуй, гамшгийн аюулын тухай эрт зарлаж мэдээлэх тогтолцоо ч хангалтгүй байгаа юм. Гамшгаас хамгаалах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн бүх талын оролцоог татан оролцуулахад Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гараад байна.
Тогтоолын төслийг Улсын Их Хурал баталснаар :
· Гамшгийн аюулыг бууруулах, улс орны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах бодлогын баримт бичигтэй болно
· Гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох хүч хэрэгслийн чадавх бэхжих, нийгмийн хөгжил, дэвшлийг бататгаж, ядуурлыг бууруулах нэг хүчин зүйл болно
· Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төвлөрөл, гамшгийн эмзэг байдал багасч, орон нутгийн хүлээх үүрэг, бие даасан байдал дээшилж, эсрдэл буурна
· Иргэд аюулгүй амьдрах арга, ухаанд суралцан, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, дадлагатай болж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа, нөхцөл сайжирна
· Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ард түмний оролцоонд тулгуурлан хөгжиж, түншлэл хамтын ажиллагаа дээшилнэ гэж үзэж байна.
Манай улсад ган зуд, цасан болон шороон шуурга, ой хээрийн түймэр, цөлжилт, дулаарал зэргээс үүдэлтэй гамшгаас гадна хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, хортон шавьж, үлийн цагаан оготны тархалт, үйлдвэрлэлийн осол буурахгүй байна. Сүүлийн 5 жилд гэхэд л 13 562 аюулт үзэгдэл, осол тохиолдож, 969 хүн амь насаа алдаж, 3465 хүн осолд өртөн, 961 097 толгой мал хорогдож, 256,4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гамшгийн хор уршгийг арилгахад Засгийн газраас 6,1 тэрбум төгрөг зарцуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ТӨЛБӨРИЙН ХУВЬ ТООЦОХ, ТӨЛБӨР НОГДУУЛАХ АРГАЧЛАЛИЙГ БАТАЛЛАА
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд тухайн сард худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан алт, мөнгөнөөс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцохдоо Эрдэс баялаг, эрчим хүчний яамны цахим хуудсанд зарласан ашигт малтмалын бүтээгдэхүүний сарын жишиг үнийг баримтлана.
Дотоодод худалдсан болон экспортод гаргасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг Монголбанкны өдөр бүрийн зарласан үнийг баримтлах бол дотоодод борлуулж байгаа нүүрс, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Статистикийн төв газраас тухайн сард зарласан үнийг баримтлах юм. Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний сарын мэдээг Гаалийн ерөнхий газар дараа сарын 5-ны дотор гаргаж Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам, Татварын ерөнхий газарт албан бичгээр болон цахим сүлжээгээр хүргүүлж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАВ
“Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-д УИХ-аас 2010 онд захиран зарцуулах хөрөнгийн эх үүсвэр батлаагүй ч 2007 онд сангаас дамжуулан зээлдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрийн эргэн төлөлтөөс 4.06 тэрбум төгрөг бүрдсэн байна. Үүний 1.77 тэрбумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шалгаруулж ирүүлсэн жижиг, дунд үйлдвэрлэлийн төслүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн урамшуулал олгожээ.
2008 оноос хойш зээлийн хүүгийн урамшуулал олгосон аж ахуйн нэгжүүдэд ХХААХҮЯ болон холбогдох арилжааны банкуудтай хамтран хяналт тавих, зарим байгууллага, арилжааны банкинд олгосон дамжуулсан зээлийн үлдэгдлийг барагдуулах, санд байгаа хөрөнгийн үлдэгдлийг УИХ-аас өгсөн чиглэл, холбогдох журмын дагуу зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна. “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-д УИХ 2007 онд 9 тэрбум төгрөг баталснаас 7.6 тэрбумыг нь арилжааны 2 банкаар дамжуулан зээлдүүлж, “Эрдэнэс МГЛ” компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд 100 сая төгрөг хуваарилан, үлдэх 1.3 тэрбумыг МҮХАҮТ, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоогоор дамжуулан 53 аж ахуйн нэгж, иргэнд зээлдүүлжээ.
2008 онд тус сангаас “Атрын III аян”-ны хүрээнд 138 аж ахуйн нэгж, иргэний 75.76 тэрбум төгрөгийн төслийн зээлд 21.23 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн урамшуулал олгожээ. Харин санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан УИХ 2009 онд “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-д хөрөнгийн эх үүсвэр батлаагүй юм.
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ
Газрын тосны салбарын үйл ажиллагааны талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан “Газрын тосны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж, энэ оны 1 дүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа.
Шинээр байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Петро Чайна Дачин Тамсаг ХХК, Доншен газрын тос /Монгол/ ХХК-ийн газрын тосны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн нөөцийг хүлээн авах, ашиглалтын талбайн зөвшөөрөл олгох арга хэмжээг хууль, тогтоомжийн дагуу 2 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэхийг сайд Д.Зоригт, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарт даалгасан байна.
ТОВЧХОН
· “Засгийн газрын Хэрэг эрхлэх газруудын хооронд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцээд дэмжив. Хоёр орны Засгийн газрын Хэрэг эрхлэх газруудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож байх, төлөөлөгчдөө харилцан айлчлуулж, туршлага судлах нь Санамж бичгийн зорилго юм.
· Байгалийн гамшгийн улмаас хүний амь эрсдэж, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсан Австрали Улсад 50 мянган ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Австрали Улс 1994 оноос хойш манай улсад 21,3 сая ам. долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. 2010 онд 7,2 сая ам. долларын хөгжлийн албан ёсны тусламж олгосны 1 сая австрали долларыг манай улсад тохиолдсон зудын гамшгийг арилгахад зориулж өгч байсан юм. Австралид болсон үерийн улмаас 30 тэрбум австрали долларын хохирол учирна гэсэн урьдчилсан тооцоог зарим эдийн засагч гаргажээ.
· Манай улс АНУ-ын Нью-Иорк хотноо 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд болох НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр чуулганаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаархи ээлжит 5 дугаар илтгэлээ хамгаална.