Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийсний дараа Сингапур улсын Ерөнхийлөгч С.Р.Натанд бараалхлаа. Монгол улс нь ойрын жилүүдэд урьд өмнө байгаагүй хурдаар хөгжих боломж нээгдэж байгаа бөгөөд энэ боломжийг бодит ажил болгохдоо дэлхийн тэргүүний туршлага, тухайлбал Сингапурын туршлагыг судалж, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд уулзалтын үеэр илэрхийллээ. Мөн Сингапур нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан учир манай орны хөгжлийн загвар болох боломжтойг дурьдаж байлаа.
Сингапур Улсыг хөгжлийн загвар улс хэмээн тодорхойлсонд Ерөнхийлөгч С.Р.Натан тун баяртай байгаагаа илэрхийлээд, энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ тэмдэглэсэн юм. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсон юм байна. Ноён С.Р. Натан Монголд тун элэгтэй нэгэн бөгөөд энэ ч утгаараа манай улсын хөгжлийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Монгол, Сингапур хоёулаа хоёр хөрштэй, хүн амын тоогоороо ойролцоо зэрэг ижил төстэй зүйл багагүй байгааг тэрбээр тэмдэглээд, харин Сингапур Улс далайд гарцтайгаараа ялгаатай.
Энэ нь Сингапурыг хөгжилд хүргэсэн нэг шалтгаан төдийгүй бас давуу тал гэдгийг тэмдэглэж байсан юм. Мөн монголчуудын сонирхоод байгаа орон сууцны асуудал дээр өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа ч илэрхийллээ. Сингапурчуудын хувьд орон сууцыг үл хөдлөх хөрөнгө болгон өөрчилж, иргэдийнхээ амьдралынх нь баталгаа болгож чаджээ. Ноён Ерөнхийлөгч хөгжлийн асар хурдацтай явж байгаа тус улсын хувьд цаг хугацаа асар чухал, тиймээс хамтын ажилллагааны хувьд хэлбэрээ тогтоох нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм. Мөн тэрбээр Монголд очих хүсэлттэй байгаагаа ч энэ үеэр дуулгаад амжлаа.