Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дараа нь Сингапурын нийтийн орон сууцны үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Сингапурын “Орон сууц ба хөгжлийн зөвлөл” нь хүн амд зориулан орон гэр барих асуудлыг хариуцдаг юм байна. Байгуулагдсанаас хойшхи 50 жилийн хугацаанд хүн амын 80 гаруй хувь нь амьдарч буй 990 мянган орон сууцыг барьж чаджээ. Оршин суугчдын 95 гаруй хувь нь орон сууцаа өөрийн болгосон байна.
Сингапур Улсын олон нийтийг орон сууцжуулах хөтөлбөр амжилттай болсны шалтгааныг Засгийн газрын хүчтэй дэмжлэг, орон сууц авах схем, цогц хотхоноор хөгжүүлэх, өмчийн менежмент зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Нийтийн орон сууцыг худалдан авахад төвлөрсөн тэтгэврийн сангийн хадгаламжаа ашиглахыг 1968 онд Засгийн газар зөвшөөрсөн нь орон сууц авах томоохон давалгааг бий болгожээ. Өнөөдөр орон сууц авах схемээр орон сууцанд амьдрагчдын 90 гаруй хувь нь өөрийн байраа өмчлөх боломжтой болсон байна.
Сингапурын энэ жишээг гадны улсууд авч хэрэгжүүлсэн тохиолдол бий юу гэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын асуултад “ Манай улс 1960-1980 оны үед танай улсын яг одоогийн байдлыг амсч байсан. Ер нь Засгийн газрын зээл тусламж, хөрөнгө оруулалтын сангуудын дэмжлэг, ард түмний өөрсдийн сэтгэхүй орчин их чухал үүрэгтэй юм билээ. Үүнд мэргэжлийн байгууллагын менежмент чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Орон сууц өөрийн дулаан гэр орноос гадна амьдралын баталгаа болох нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө энэ ажил амжилттай болсон” гэдэг тайлбарыг холбогдох мэргэжилтнүүд нь өгч байв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ