Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Наурызын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей тэргүүтэй казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Баян-Өлгий болон манай улсын баруун аймгуудад хаваржилт харьцангуй сайн, цаг агаар ч тогтуун байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлээд өнгөрсөн жилийн мөн өдийд мөн казах зон олны төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзан тэднээр дамжуулан мэнчилгээ дэвшүүлэн баяр хүргэж, домборын эгшиг сонсож байсан тухайгаа хуучиллаа.
Өвлийн тэсгим хүйтнийг давж, хаврын урь орсныг зарлан тэмдэглэдэг Наурызын баяр бол ёс заншил, ахмад настнаа хүндэтгэн дээдэлдэг уламжлалт сайхан баяр гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд тодотгоод казах түмэнд хандан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө. Сүүлийн жилүүдэд, ялангуяа сүүлийн 20 жилд казахчуудын монгол хэлний мэдлэг хангалттай биш болсон. Энэ нь сурч боловсрох, мэргэжил эзэмших болон эх хэл дээрээ мэдээлэл авахад хүндрэлтэй байгаа талаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга уулзалтын үеэр хэлээд МҮОНТР-д тусгай нэвтрүүлэг бэлтгэх суваг, цаг авах боломж олговол төр засгийн мэдээллийг казах хэлээр хүргэх сурталчлах боломжтой болно. Үүнд анхаарал тавихыг Ерөнхий сайдаас хүслээ.
Мөн Баян-Өлгий аймгийн театр үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон, мэргэжлийн найруулагч, удирдаач, зураачгүй болоод байна. 1959 онд байгуулагдахдаа 50-иад хүний бүрэлдэхүүнтэй байсан домборын чуулга өнөөдөр дөнгөж 12-хон хөгжимчинтэй болсон зэрэг хүндрэлтэй асуудлуудынхаа талаар төлөөлөгчид Ерөнхий сайдад дуулгалаа. Засгийн газрын тэргүүнтэйгээ уулзах үеэр иргэд болоод нутаг орныхоо талаар санал бодлоо хэлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сайшаагаад “Энд гарсан санал, зөвлөмжийг хүсэлт нөгөө талаас төр засагтаа тавьж байгаа шаардлага гэж хүлээж авлаа.
Би өнгөрсөн жил монгол орныхоо 18 аймагт ажилласан. Баян-Өлгийд очихдоо та бүгдийн ярьсан энэ бүхэнтэй газар дээр нь танилцсан. Анхаарч ажиллаж байгаа. Аймгуудад тулгарсан асуудлуудын талаар ажлын төлөвлөгөө гаргаж Засгийн газар, холбогдох яамд ажиллаж байна. Хэрэгжих явцдаа байгаа, шийдлүүд өгнө” гэлээ. Мөн Баян-Өлгий аймаг соёлын өв, уламжлалаа хадгалах, тайзны урлагийн түвшинд хүртэл хөгжүүлэх сайхан театртай, урлагийн чадварлаг баг, хамт олонтой байх учиртайг Ерөнхий сайд онцлоод БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, тус яамны дэд сайд Ч.Куланда үүнд анхааран ажиллаж байгааг дуулгалаа.
Засгийн газар анхаарч байгаа, нөгөө талаар орон нутгийн зүгээс хичээн чармайж санаачилгатай ажиллах даалгаврыг Засгийн газрын тэргүүн Наурызын баярын мэндчилгээний хамт өглөө. Казах зон олныг төлөөлөн Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан төлөөлөгчид “Баян-Өлгий аймгийн 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр” боловсруулж, батлуулснаа Засгийн газрын тэргүүнд гардууллаа Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.