Гамшигт өртөөд байгаа Японы ард түмэнд хандив өргөх хөдөлгөөн үргэлжилсээр байна. Эрдэнэт үйлдвэр /350 сая төгрөг/, ТЭЦ-4 /60 сая/, Үндэсний татварын ерөнхий газар /29 сая/, Улсын прокурорын ерөнхий газар /26 сая/, Голомт банк /26 сая/, Нийгмийн даатгалын ерөнхий газар /18 сая/-ын хамт олон нийт 509 сая төгрөгийн хандив өргөснөө 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод хүлээлгэн өглөө.
Япончуудад туслах уриалга гарган хандивын данс нээснээс хойш өнөөдрийн байдлаар 1 тэрбум 750 сая төгрөг цугларсан бөгөөд ойрын өдрүүдэд Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад гардуулж өгөх юм. Үүний зэрэгцээ ноосон хөнжил, дулаан хувцас, бээлий зэрэг хандивын барааг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээн авч Япон Улс руу хүргэж байна.
Манай улсын 12 албан хаагч Японы гамшгийн бүс нутагт очин Тайвань, ОХУ, БНСУ-ын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй биелүүлж дуусган эх орондоо ирэх гэж байна. Монголын аврагчид санаачлагатай, сайн ажилласан гэдгийг Япон Улсын Засгийн газрын төлөөлөгч манай улсын Элчин сайдад албан ёсоор мэдэгджээ.