Наурызын баяраа тэмдэглэж буй казах зон олондоо
Казах түмний эрхэм хүндэт аксакалууд, настан буурлууд, хүүхэд, залуучууддаа, нийт казах иргэддээ Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын бүх иргэдийн нэгэн адил эрх тэгш байдал, адил боломжоор хангагдсан манай орны казах түмэн маань өвлийг өнтэй давж, урин хаврыг угтан золгож, амжилт бүтээл дүүрэн, ажил үйлс арвин, зорилго тэмүүлэл өрнүүн Наурызын баяраа угтан тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байна.
Хаан суудлын өдөр хэмээн бэлэгшээж, өдөр шөнө тэнцэж, урин цаг наашилж, ургамал төлжих цагийг угтан золгодог Наурызын баяр бол манай казах түмний шашин соёл, уламжлал, ёс заншил, ураг төрлийн өргөн дэлгэр баяр билээ. Баярын энэ өдөр айл гэр, аймаг хотлоороо настан буурлууддаа хүндэтгэл үзүүлж, залуустаа сургаал элбэрлээ хайрлаж, улиран одож буй оныхоо амжилт бүтээлээр бахархан, алдаа оноог шүүн тунгааж, ирэх жилийнхээ өнгийг шинжиж, өөдрөг бүхнийг бэлгэдэн ерөөдөг сайхан уламжлал манай казах түмэнд бий.
Өнгөрсөн жил миний бие Та бүхэнтэйгээ уулзан ярилцаж явахдаа уламжлал заншлаа дээдэлдэг, удам хойчоо сурган хүмүүжүүлдэг, ажил хөдөлмөрийг эрхэмлэдэг, нутаг усаа хамгаалан шүтдэг, улс орноо хөгжүүлэхийг эрмэлздэг сайхан сэтгэл, хүсэл мөрөөдлийг тань мэдэрснээ баярын энэ өдөр эргэн дурсахад таатай байна. Улиран одож буй онд казах түмэн маань Баян-Өлгий аймгийнхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг урьд оныхоос үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэнд таатай байна. Манай орны казах иргэд зонхилон амьдардаг Баян-Өлгий аймаг түүхт 70 жилийнхээ ойн босгон дээр “Аймгийн эдийн засаг, соёл, нийгмийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г боловсруулан баталсан.
Энэхүү түүхт ойгоо амжилт бүтээл арвинтай тэмдэглэсэн нь Та бүхний нийтийн баяр бахархал болсон нь ойлгомжтой. Мөн Баян-Өлгий аймгийн олон байгууллага, хичээл зүтгэл ихтэй ард иргэд маань хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, аймаг, улсын аварга сайчуудын эгнээг нэмэгдүүлсэнд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар эх орны ирээдүйн хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө байгалийн баялгийнхаа арвин их үүцийг нээж, “Хүний хөгжил сан” байгуулан, иргэн бүрт хишиг, хувь хүртээж байгааг Та бүхэн мэдэж байгаа.
Бид улирч буй ондоо улс орныхоо сүүлийн 20 жилийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд буурьтай дүгнэлт хийж, ирэх 20 жилийн бүтээн байгуулалтын далайцтай зорилтоо дэвшүүлснийг энэ ялдамд зориуд тэмдэглэж байна. Бүтээн байгуулалтын энэхүү их зорилтоо Та бид дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэй, хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлнэ. Үүнд Та бүхний сэтгэл зүтгэл бүхнээс чухал гэдгийг хүн бүр ухамсарлан идэвх санаачилгатай ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ингэж байж Та бид өрх гэрээ өөд татаж, улс Монголоо хөгжил дэвшилд хүргэнэ.
Эх орныхоо өнцөг булан бүрт аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн бүтээлч хувь нэмрээ оруулж байгаа нийт казах иргэддээ золгон ирж буй төмөр туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Ургах нарыг угтан тосч, аялгуут домбороо хөглөж, айлчин гийчнээ баясган, дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэн, ураг төрлөөрөө баясан суугаа казах түмний маань золбоо хийморь, хүсэл эрмэлзэл зоригт бүргэдийн дэвэлт адил дэвжин дээшилж байхыг хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАРЫН БАТБОЛД
2011 оны 03 дугаар сарын 22
Улаанбаатар хот.