Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Хван Шиг-ийн урилгаар 2011 оны 3 дугаар сарын 23-26-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр үдээс хойш Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шиг нар ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.БНСУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Үүний мөрөөр хэвлэлийн хамтарсан мэдээ гаргав.
Тус хамтарсан мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна. Талууд МонголУлс, БНСУ-ын харилцаа “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааныТүншлэл”-ийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид харилцааны зарчмыг шинэ шатанд гарган хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Энэ хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан “Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулж ажиллахаар тохиров. Монголын тал шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж, Солонгосын ард түмний дэмжлэг чухал хувь нэмэр оруулж ирснийг Монголын ард түмэн, Засгийн газар өндөр үнэлж, талархаж байгааг илэрхийлэв. Солонгосын тал Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих зорилгоор, эрүүл мэнд, агаарын бохирдлыг арилгах болон бусад төсөлдурт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох зэргээр зээл, буцалтгүй тусламжаа нэмэгдүүлэхээ илэрхийлэв. Хоёр орны харилцааны зарчмыг шат ахиулах зорилтын хүрээнд дараахчиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр талууд санал нэгдэв.
Үүнд :
Дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх чиглэлээр : Хоёр орны хооронд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн дээд, өндөр түвшний айлчлал нь харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Талууд тэмдэглэж, цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлал болон улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг тогтмолжуулахаар тохиров.
Эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр : Талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх үлэмж нөөц боломж байгааг санал нэгтэй тэмдэглэж, эрдэс баялаг, хүнд аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, барилга, далайн тээвэр, усан боомт, ХАА, боловсрол, байгаль орчны салбарт хамтран ажиллахаар тохиров. Мөн Талууд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх урт хугацааны зорилтын хүрээнд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж ажиллахаар болов.
Монголын тал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрыг ашиглах, түүнийг тойрсон дэд бүтцийн бүтээн байгуулалтад солонгосын томоохон хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Талууд Монголын эрдэс баялгийг далайгаар тээвэрлэх тулд далай тээвэр, ложистикийн салбарт хамтран ажиллахаар тохиров. Талууд иргэд харилцан зорчих явдлыг хөнгөвчлөх зорилгоор нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиров. Монголын тал түлш, хар төмөрлөг, зэс хайлуулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНСУ-аас технологи, хөрөнгө оруулалт оруулах явдлыг дэмжихээ илэрхийлэв.Солонгосын тал уг хүсэлтийг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Талууд Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, үүнтэй холбогдуулан харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллахаар тохиров. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсад эрчимтэй явагдаж байгаа цөлжилт, хуурайшилтын үр уршиг хөрш зэргэлдээ төдийгүй далайн чанад дахь улс орнуудад ч нөлөөлж байгааг онцолж, БНСУ-ын Ерөнхийлөгчийн “Ногоон хөгжил” санаачилгыг монголын тал талархан дэмжиж буйгаа илэрхийлэв.
Талууд “Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн”-гийн үйл ажиллагааны хүрээнд хамтран төсөл хэрэгжүүлэх, мөн ойжуулалт, байгалийн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр, Хоёр орны харилцааны зарчмыгшат ахиулах, ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд соёл, боловсролын харилцаа, хүн солилцоог цаашид өргөжүүлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдэв.
Энэ хүрээнд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэж зохион байгуулж буй “Монгол дахь Солонгосын жил”, “Солонгос дахь Монголын жил” -ийн арга хэмжээ чухал ач холбогдолтой болохыг талууд онцлов. Монголын тал БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцагч монгол оюутны тоог нэмэгдүүлэх,иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн асуудлуудыг нааштай судалж үзэхийг хүсэв. Эдгээр асуудалд БНСУ-ын Засгийн газар анхааралтай хандаж, судалж үзэхээ илэрхийлэв.
Олон улсын талбар дахьхамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр : Талууд Японд газар хөдлөлт, цунамын гамшиг тохиолдож олон хүний амь эрсдэж, эд материалын асар их хохирол учирсанд Японы ард түмэн, Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлэв. Талууд байгалийн гамшгийн үр уршгийг арилгах, сэргээн босгох японы талын хүчин чармайлтад дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдэв. Талууд Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийн төлөө байгаагаа дахин нотолж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө БНАСАУ бодитой эвлэрэл, хамтын ажиллагааны байр сууриа илэрхийлэх ёстой гэдэгт санал нэгдэв.
Талууд БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж, цаашид 6 талт хэлэлцээгээр дамжуулан Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой ахиц гаргах шаардлагатай урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.Монгол Улс Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага (АPЕC)-д элсэх мөн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA)-д нэгдэн орох асуудлыг солонгосын тал нааштай судлан ажиллахаа илэрхийлэв. Мөн монголын тал Зүүн Азийн дээд түвшний уулзалт (East Asia Summit)-д оролцох сонирхолоо илэрхийлэв.
Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж ажиллах болсонд солонгосын тал баяр хүргэж, энэ хүрээнд Монгол Улстай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.Талууд айлчлалын үеэр
- “Барилга, тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Газар, тээвэр, далайн тээврийн хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажиллах хүч илгээх тухай Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Нүүрсийг байгальд ээлтэй аргаар олборлох технологи нэвтрүүлэх, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүч, эрдэс баялгийн яам, БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон Анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Монгол Улсад мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар болон Дэлхийн технологийн паркуудын холбоо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний судалгааны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Яармаг орчмын шинэ орон сууцны хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг барих төсөлд БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламж олгох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулж, үүгээр дамжуулан холбогдох салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.
Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шиг-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж, Солонгосын тал урилгыг талархан хүлээж авав.