Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт 3 дугаар сарын 25-ны өдөр бараалхлаа. Цаг гарган хүлээн авч байгаад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байна гэв. Дипломат харилцаа тогтоосон 20 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд Монгол, Солонгосын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдсэн гэдгийг тэмдэглэлээ.
БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан дунд хугацааны хөтөлбөрийг ойрын ирээдүйд байгуулж ажиллахаар тохирсон, хоёр орны харилцаа, хоёр биенээ нөхсөн хамтын ажиллагаа болж өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв. Солонгосын томоохон компаниуд манай улсын бүтээн байгуулалтад оролцохыг дэмжиж байгаа, БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, агаарын бохирдлыг арилгах болон бусад төсөлд урт хугацааны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаа нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ иргэд харилцан зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх хүсэлт тавьсан гэдгээ онцоллоо.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн саналыг зүйтэй гэж үзэж байгаагаа хэлээд асуудалд анхааралтай хандаж туслах болно гэлээ. Солонгосын томоохон компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт хийх нь ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Сөүл хотын даргын хувиар 2005 онд Монголд айлчилж байсан. Энэ онд заавал очно гэж төлөвлөж байгаа гэж хэллээ.