Монгол, Солонгос хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нарын албаны хүн оролцлоо. Хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар, бүс нутаг олон улсын тавцанд хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд харилцааны зарчмаа цаашид шинэ шатанд гаргах, том зорилт дэвшүүлж түүнд хүрэхийн тулд цогц арга хэмжээнүүд авахын чухлыг хэллээ.
Иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа бүтээгдэхүүн чөлөөтэй урсдаг байх нөхцөлийг бий болгох шаардлага хоёр улсын өмнө зүй ёсоор тавигдаж байна. Ингэхийн тулд дэс дараатай арга хэмжээ авч иргэдийг ойрын үед визээс чөлөөлөх саналтай байна. Гадаад харилцааны сайд байхдаа миний бие визний хугацааг 90 хоног болгож сунгах шийдвэр гаргасан нь өнөөдөр үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Визний хугацаа хэтэрдэг зөрчил эрс цөөрсөн гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд холимог гэр бүлийн гишүүдийн эцэг эх, үр хүүхэд ийм нөхцөл эдэлж чадахгүй байгаа тул нийтлэг журамд хамруулахыг хүсэв. Нөгөөтэйгүүр 2011 оноос эхлэн Солонгосын монголч эрдэмтдэд манай улсад олон удаагийн визээр зорчих эрхийг Монгол Улсын Засгийн газар олгосон гэдгийг онцоллоо.
Солонгост ажиллаж байгаа гэрээт ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулах, дадлага эзэмшсэн хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгох, ажилчдыг мэргэжлийн баримжаа олгох богино хугацааны сургалтад монголчуудыг илүүтэй хамруулахыг Ерөнхий сайд С.Батболд Солонгосын талд тавьлаа. Засгийн газрын тэргүүний энэ хүсэлтэд БНСУ-ын Ерөнхий сайд хариулт өгөхдөө “Энэ чиглэлээр нааштай шийдвэрүүд гарч өнгөрсөн оны сүүлчээс Солонгост гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгож эхэлсэн төдийгүй гэрээгээр ажиллаж байгаа бүх хүнд мэргэжлийн үнэмлэх олгохоор холбогдох албаны хүмүүстээ үүрэг өгөөд байгаа” гэлээ.
Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагчдын тоог Монгол Улсад шаардлагатай байгаа эрчим хүч, геологи, боловсруулах үйлдвэрлэл, анагаах ухаан, инженер, газар тариалан зэрэг нарийн мэргэжлээр түлхүү сургах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хүний хөгжлийг дэмжих бодлого баримталж, түүнийгээ хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа Ерөнхий сайд С.Батболд энэ хэлэлцээний үеэр Монгол Улсад Оношлогооны төв барихад Солонгосын талаас тусламж хүссэнээ хэлээд нааштай арга хэмжээ авч буйд талархаж байна гэв. Энэ төв нь хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон хэллээ.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийг авах тэргүүлэх ач холбогдолтой улсын тоонд манай улсыг багтааж, Зүүн Азийн цаг уурын түншлэлийн хөтөлбөрт Стратегийн гол түнш орноор орох болсон, 2011, 2013 үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд Ерөнхий сайд С.Батболд талархлаа илэрхийллээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрыг ашиглах, түүнийг тойрсон дэд бүтцийн бүтээн байгуулалтад Солонгосын томоохон хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд энэ тендер нь тодорхой шалгуурт нийцсэн байх учиртайг онцлов.
Сүүлийн жилүүдэд агаарын тээврээр үйлчлүүлдэг монгол, солонгос зорчигчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор онгоцны нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх саналтай байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд уламжиллаа. Ийнхүү хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, БНСУ, Монгол Улсын харилцаа хамтын ажиллагаа бүс нутаг болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Үүний мөрөөр хэвлэлийн хамтарсан мэдээ гаргасан билээ.