Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН АЖИЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИГДЭРЧЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.05 /
“Хөдөлмөр эрхлэлтийн жил”-ийн ажлын эхний улирлын дүн гарч байгаа бөгөөд одоогоор Завхан, Дундговь аймаг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам тайлангаа ирүүлсэн байна. Завхан аймаг эхний гурван сард 142 хүнийг ажилд зуучлан оруулснаа хүн нэг бүрээр бүртгэж ирүүлсэн нь шинэлэг зүйл юм. Мөн нийслэл хот, Дорноговь аймаг санаачлагатай ажиллаж байгаа зэргээс үзэхэд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажил улсын хэмжээнд жигдэрч эхэлсэн гэж бүхэлд нь дүгнэж болохоор байна.

Цаашид аймаг, орон нутаг өөрт одоо байгаа боломж, хэрэгцээ шаардлага, шинээр бий болох боломжоо тодотгож үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулахад онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэл, мэргэжлийн холбоодын удирдлагуудад үүрэг болголоо. Ингэхдээ хийсвэр сэтгэлгээгээр  асуудалд хандвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Бидэнд урьд өмнө гаргасан мөрөөдлийн хөтөлбөр, жагсаалт хангалттай олон байна.

Иймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ ажлыг эдийн засгийн үр өгөөж нь, санхүүжилт нь тодорхой, зах зээл нь шийдэгдсэн тийм хөтөлбөрийн хэмжээнд хийж гүйцэтгэхийг Засгийн газрын тэргүүний хувьд шаардаж, анхаарч ажиллах болно. Энэ ажлыг дан ганц Засгийн газар биш хамтдаа хийж байж үр дүнд хүрнэ гэлээ. Хууль эрх зүйн болон хөрөнгө, санхүүгийн чиглэлээр боломжтой бүх туслалцаа, дэмжлэгийг үзүүлнэ, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, ажлын байр бий болгох аливаа санал, санаачлагыг төр, засаг, яам, агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа дэмжих ёстой гэж Ерөнхий сайд хэлэв.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны гуравдугаар хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд болж Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Гадаад харилцааны яам, Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймаг, Барилгачдын холбоо зэрэг мэргэжлийн холбооны хийж байгаа ажлын тухай мэдээллийг сонссон байна. Ажилгүй иргэд хэд байгаа, энэ онд хэдэн ажлын байр бий болгох, Засгийн газрын зүгээс шийдвэрлэх ямар асуудал байгаа талаар хуралдааны үеэр голлон ярилцлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын эрэлтэд нийцсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, иргэдэд мэргэжил эзэмших тэгш боломж бүрдүүлсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжихүйц мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилт тавьжээ. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг зохион байгуулах загвар гаргасан байна.

Мөн сургалтыг мэргэжил бүрийн өөрийн өртгөөр тооцож санхүүжүүлэх, дотуур байрны багтаамжийг нэмэгдүүлэх, шинээр сургууль барих, өргөтгөх, тоног төхөөрөмжөөр хангах, хөдөлмөрийн эрэлт, ажлын байрны захиалга, сургалт-үйлдвэрлэлийн уялдааг хангах, багш нараа бэлдэж, ур чадварыг нь хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Гадаад харилцааны яам энэ жилийн ажлын хүрээнд 5 мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой гэсэн бол Өмнөговь аймаг 360, Дархан-Уул аймаг 2 мянга, Дорнод аймаг 3500 ажлын байр шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Харин Хөдөлмөрийн биржийн ажил тун хангалтгүй байгаа талаар Үндэсний хуралдааны үеэр нэг бус удаа хөндөгдлөө.

Аж ахуйн нэгжүүдэд ажлын байр байдаг ч ажиллах хүчнээ хэнд хандаж, хаанаас авах вэ гэдэг нь бүрхэг хэвээр байна. Иргэд ч ажил хийх сонирхолгүй, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлдэггүй, 200-400 мянган төгрөгийн  цалин голдог, шаардлага тавихад ажлаа хаяад явчихдаг тухай Хүнсчдийн холбооны төлөөлөл ярилаа. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцан төгсөж байгаа хүмүүсийн ур чадвар муу, ажлын шаардлага хангадаггүй гэж Уул уурхайн ассоциацийн удирдлага хэллээ. Мэргэжилтэй ажилчдад зэрэглэл тогтоож, ур чадварт нь таарсан цалин өгч байх, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төрөлжүүлэх нь зүйтэй гэж мэргэжлийн холбоод үзэж байна.

Үндэсний хорооны өнөөдрийн хуралдааныг дүгнэж Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүсээ ажилтай болгох нь Засгийн газрын үүрэг. Төр, засаг хууль эрх зүй, хөрөнгө санхүүгийн хувьд боломжийг нь гаргаж өгнө, харин аж ахуйн нэгжүүд энэ боломжийг ашиглаж ажлын байр бий болгох ёстой” гэв. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд төрөлжихийн оронд экскэваторын жолооч, тогооч, үсчин гээд олон мэргэжлээр нэг зэрэг олон хүн сургадаг.

Үүнээс болж хүч нь тарамдан, сургалтын чанар, сурах орчинд ч муугаар нөлөөлж байгаа нь амьдрал дээр харагдаж байна. Иймээс цаашид төвүүдийг төрөлжүүлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхдөө сургалтын чиглэлийг нь нарийвчлан тодорхой зааж өгдөг байх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй холбоотой энэ асуудлыг дахиж нэг удаа нухацтай хэлэлцээд эцэслэн шийдэж цэг тавих болно гэдгийг ч Ерөнхий сайд санууллаа.

Түүнчлэн ажил олгогч болон ажил хайж байгаа иргэдийг хооронд нь хэрхэн холбох вэ гэдэг нь өнөөг хүртэл ойлгомжгүй байгаад гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүмжлэлтэй хандлаа. Хөдөлмөрийн биржийн ажил аймаг, нийслэл, сум, дүүрэг гээд бүх шатанд нээлттэй, хүртээмжтэй байж, ажил олгогч, ажил хайж байгаа иргэдийн уулзах цэг байх ёстой гэж тэрээр хэлэв. Шинээр ажлын байр бий болгож, тогтвортой, урт хугацаанд хадгалсан, алслагдсан аймаг, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг бодитоор, тухайлбал сүүлийн 5 жил төлсөн татварын хэмжээгээр нь урамшуулах боломж байгааг  ч Ерөнхий сайд дуулгалаа.

Цаашид өрхийн бизнесийг дэмжиж, өрх бүрээс 1-ээс доошгүй, хоёр, гурван хүнийг ч ажилтай болгох, хөдөлмөрийн бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд үнэлэмжийг нь дээшлүүлэх механизм бий болгох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс зарим бараа, бүтээгдэхүүнийг заавал дотоодын аж ахуйн нэгжээс авдаг байхыг гүйцэтгэх засаглалын тэргүүн, Үндэсний хорооны дарга С.Батболд үүрэг болголоо. Мөн ажил хайж хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэх, хоршоог хөгжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулан малчдыг дэмжих, сум, суурин газарт ялангуяа  дэд бүтэц, усан хангамж, зам зэрэг зорилтот төсөл хэрэгжүүлэхэд анхаарахыг Үндэсний хорооны гишүүдэд анхаарууллаа.   

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , ХЭДЖ 2011 ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэхдээ сургалтад түлхүү анхаарахыг Ерөнхий сайд хүслээ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖИЛД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭСРЭГ АМЕРИКЧУУДТАЙ ХАМТ ТЭМЦЭНЭ
Байнгын ажиллагаатай зөвлөл ажиллах журмаа баталлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан