Газар хөдлөлтийн аюулаас хамгаалах “Говийн чоно III” сургуулилалт 2011 оны 4 дүгээр сарын 5-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Сургалт, мэргэжлийн ангийн тактикийн энэ үзүүлэх сургуулилалтыг Онцгой байдлын ерөнхий газар, Ази-Номхон далайн гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн “Экселленс” төв хамтран зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон, “Экселленс” сургалтын төвийн захирал, дэслэгч генерал Жон Ф.Гүүдман нарыг хүлээн авч уулзав.
“Манай улсад жилээс жилд газар хөдлөлтийн тоо нэмэгдэж 2010 онд гэхэд л төвийн болон баруун аймгуудын нутагт 30 гаруй удаа газар хөдөлсөн. Мөн хуучирч муудан, бат бөх байдлаа алдсан барилга олонтой Улаанбаатар хот орчимд газар хөдлөх магадлал улам бүр нэмэгдэж байгаа энэ үед талууд хамтарсан сургуулилалт хийх болсон нь цагаа олсон арга хэмжээ” гэж Шадар сайд М.Энхболд хэллээ. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авран хамгаалах чиглэлээр Засгийн газар төлөвлөгөө, хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу орон тооны бус байнгын ажиллагаатай Зөвлөл байгуулан ажиллаж байгааг тэрээр дурдав.
“Гамшиг болсон тохиолдолд хамтын хүчин чармайлтаар даван туулах болно. Юуны түрүүнд урьдчилан сэргийлэх, ард иргэд, ялангуяа ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч, багш нарыг аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар мэдлэг, мэдээлэлтэй болгохыг зорьж байна. Монгол Улсын Засгийн газар гамшгийн үед ажиллах төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зэрэг чиглэлээр ажиллаж байгаад талархаж байна” гэж Элчин сайд Ж.Эдлтон хэллээ.
Япон Улсад болсон газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдал нь болзошгүй гамшигт бүх нийтээр бэлэн байж, гамшгийн үед холбогдох арга хэмжээг шуурхай аван, хохирол багатай даван туулахыг анхааруулсан томоохон сануулга боллоо гэдэгт талууд санал нэгдэв. “Говийн чоно III”сургуулилалтын үеэр газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэл, эрүүл мэндийн салбарын менежмент болон Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлэл зэргийн талаар хэлэлцэж, тусгай хөтөлбөрийн дагуу команд-штабын сургууль хийнэ.
Онцгой байдлын ерөнхий газар, Ази-Номхон далайн гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн “Экселленс” төв өнгөрсөн жилийн “Говийн чоно” сургалт, үзүүлэх сургуулилалтыг төмөр замын салбарт тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах чиглэлээр явуулсан юм. Энэ удаагийн “Говийн чоно III” сургуулилалтын нээлт маргааш Гадаад харилцааны яаманд 09.30 цагт болох бөгөөд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон, “Экселленс” сургалтын төвийн захирал, дэслэгч генерал Жон Ф.Гүүдман, НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Сезин Синаноглу нар оролцогсдод хандаж үг хэлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.