Монгол улсын Засгийн газар өнгөрсөн онд Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж, энэ амлалт олон монгол хүнд хол, үл таних үгс болон сонсогдож байсан үе ард хоцорч байна. Дасаагүй үг хэллэг, таниагүй зах зээл монголчууд бидэнд ойртжээ. Монгол улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, өөрчлөн шинэчлэх явдлыг зорилгынхоо нэгээр тодорхойлж, энэ тал дээр үр дүн авчирна хэмээн ажлаа авсны дараа амалж байсан Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр ам ажлын зөрүү байхгүй гэдгээ харууллаа.
Өнөөдөр болсон Лондонгийн хөрөнгийн биржтэй “ Ажлын мастер гэрээ” байгуулах ёслол дээр Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ ” Дугуйг бид шинээр бүтээх албагүй. Харин бүтээчихсэн тэр зүйлээс суралцах ёстой. Энэ зорилгоор дэлхийд арвин туршлагатай Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэрээн дээр гарын үсэг зурж байна. Лондонгийн хөрөнгийн бирж бол олон улсад төдийгүй Европ, Азид өөрийн туршлага, технологио өргөжүүлж чадсан арвин баялагтай улс. Энэ хамтын ажиллагаанаас Монгол хүн бүр хожих ёстой.
Засгийн газраас хэд хэдэн томоохон шийдэл гаргаж байгаагийн нэг нь монгол хүн бүртээ үнэ төлбөргүйгээр хувьцаа эзэмшүүлэх шийдвэр байлаа.Энэ агуулгаараа ч бидний хамтын ажиллагаа түүхэн ач холбогдолтой. Лондонгийн хөрөнгийн биржтэй бид хамтарснаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрэх юм. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид орон зай цаг хугацаанаас үл хамааран Монголын хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд үр ашигтай оролцон хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэж байна.
Улаанбаатар-Лондон- Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдлээ. Энэ үйл ажиллагаа нь Монголын ирээдүйн их бүтээн байгуулалтын эхлэлийг тавих үржил шимт хөрс шороо бий болж, дэлхийн хөгжингүй орнуудтай энэ зэрэгцэхүйц үсрэнгүй хөгжлийн замдаа орох алтан цаг үе ойрхон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө ч бид ажиллах болно. “ хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Харин Лондонгийн хөрөнгийн биржийн захирал ноён Хавиер Роле энэ үеэр Лондонгийн хөрөнгийн бирж нь Монголын хөрөнгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахад тусалж чадах итгэлт түнш байх болно гэдгийг тэмдэглээд, Монгол улсын эдийн засгийг дараагийн жилүүдэд дэлхийн хамгийн идэвхтэй бөгөөд хурдан өсөлттэй эдийн засаг болно хэмээн таамаглаж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол улсын эдийн засгийг сонирхох олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол улам идэвхжиж байгааг олж харснаа дурдаад, хөрөнгийн зах зээлийн хүч чадлыг ойлгодог үндэстэн байна хэмээн сайшааж байв.
Одоогийн байдлаар Лондонгийн хөрөнгийн биржид дэлхийн 70 шахам орны 2.600 гаруй компани бүртгэгдсэн байдаг бөгөөд монголоос Petro Matad хэмээх ганц компани байдаг юм байна. Ойролцоогоор дөрвөн их наяд ам.доллар бүхий олон улсын хөрөнгийг Лондон удирдаж байгаа ажээ. Азийн худалдааны зорилтыг санхүүжүүлэх механизмыг бий болгосонтой холбогдуулан дэлхий нийт биднийг анхаарлын төвдөө аваад байна гэж ноён Роле тэмдэглээд, бидэнд бүх салбарын хөрөнгө оруулалтын боломж, ялангуяа Монголын эдийн засгийн өсөлтийг хангах уул уурхай, түүхий эдийн секторт хуримтлуулсан арвин баялаг туршлага байгаагаа дуулгалаа.
Мөн энэ үеэр Монгол улсын иргэн бүрийн нэр дээр “ Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дууссаныг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК зарлаж, цахим хуудасны эхний зочноор Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг урилаа. Аман ярианаас бодит ажил руу орцгооё хэмээн уриалсан Засгийн газрын тэргүүн тус цахим хуудаснаас хоёр хүнийг онцолж, бүртгэгдсэн эсэхийг шалгав. Увс аймгийн Сагил сумын иргэн, улсын сайн малчин Г.Батжаргал, МУИС-ийн оюутан С.Ганхүү нар ийнхүү “Эрдэнэс Тавантолгойн” компаний хувьцаа эзэмшигчид боллоо. Одоогийн байдлаар Монгол улсын 2.5 сая иргэн тус компаний хувьцаа эзэмшигч болсон тухай бодит мэдээлэл самбарт гарсан харагдлаа.
Түүхэн үйл явдлын гэрч болж, ард иргэддээ хувьцаа эзэмшүүлнэ гэсэн амлалт ийнхүү бодит ажил болсныг Ерөнхийй сайд С.Батболд онцлоод, эх орныхоо баялгийн эзэд болсон нийт ард түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөлөө. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. “Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах тухай гэрээ байгуулснаар Монголын хөрөнгийн бирж 24 цагийн турш гүйлгээ хийж, хөдөлгөөнд орлоо гэсэн үг үү” хэмээх сэтгүүлчийн асуултад Засгийн газрын тэргүүн С.Батболд” Энэ ажилд тодорхой цаг хугацаа шаардана. Бид ч хариуцлагатай хандах ёстой юм. Хөрөнгийн биржийн дэд бүтцийг шинэ түвшинд гаргана.
Үүнийг бэлдэхэд цаг хугацаа шаардана. Мөн түүнчлэн мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх шаардлагатай байгаа. Цаашлаад эрхзүйн орчноо олон улсын шаардлагад нийцүүлэн өөрчлөлт хийх ёстой юм. Өөрөөр хэлбэл биднээс бүх зүйл шалтгаална. УИХ, Засгийн газар ард түмэнтэйгээ хамтраад бид энэ бүхнийг хийх ёстой. Өнөөдөр хамтын ажиллагаанд гарын үсэг зурж байгаа нь бид зүг чигээ оллоо гэсэн үг”хэмээн хариуллаа. Мөн түүнчлэн “Лондонгийн биржийн энэ үйл ажиллагаанд хэн ямар хяналт тавих вэ, бас тэднээс бид юу хүлээж байна вэ “ гэсэн асуултад хариулахдаа “ Ерөнхийдөө ТӨХ хяналт тавина. Том утгаараа Монголын ард түмэн хяналт тавина.
Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарснаар энэ салбарын хүний нөөц, технологид шинэчлэл авчрах ирээдүй бий. Хөрөнгийн зах зээл хөгжүүлснээр засаглал сайжирна. Нээлттэй, тунгалаг засаглалыг сайжруулах механизм болох учиртай. Нөгөө талаар хөрөнгийн зах зээлийн талаарх монголчуудын мэдлэг дээшилж, өнгөрсөн алдааг давтахгүй байх мэдээлэлтэй болно. Энэ тал дээр ч тодорхой сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээ Лондонгийн тал илэрхийлээд байгаа“ гэлээ. Лондонгийн хөрөнгийн биржээс хувьцаагаа авч болдог ийм цаг үе ойрхон ирсэн гэдгийг ТӨХ-ны дарга Д. Сугар эцэст нь тэмдэглэж байв. Лондонгийн тал технологийн шинэчлэлийг 10 гаруй сая ам.доллараар хийж байгаа юм байна. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.