“Монгол Улсын Засгийн газар энэ жилээс эхлэн хоёр жил тутам “Улсын тэргүүний /загвар/ сум”-ыг шалгаруулж байхаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанаас эхлээд хог хаягдлаа зайлуулах хүртэл сумын бүхий л үйл ажиллагааг хамарсан 19 үндсэн шалгуур үзүүлэлтийг тогтоож өгсөн. Энэхүү болзол, үзүүлэлтийг 360 гаруй сумдаас Булган аймгийн Сэлэнгэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Дарви сум хангаж “Улсын тэргүүний сум”-аар шалгараад байгаа юм.
Булган, Сэлэнгэ аймгийн Тэргүүний сумдын шагналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон УИХ, Засгийн газрын гишүүд орон нутагт нь очиж гардуулсан бол өнгөрөгч амралтын өдөр Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав болон бусад албаны хүмүүс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Улсын тэргүүний /загвар/ сумын гэрчилгээ, 100 сая төгрөгийг гардуулан өглөө.
Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ үеэр Засаг даргын Тамгын газар, төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагын хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд, түүний танхимын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд “Өмнөдэлгэрчүүдийн хийж бүтээж, хэрэгжүүлж байгаа ажлаас яривал их зүйл бий. Та бүхний олон жилийн хөдөлмөрийн үр дүн, хамтарч, эв нэгдэлтэй, нэгдсэн зохион байгуулалттай, эрч хүчтэй ажиллаж чадсаныг Засгийн газар өндрөөр үнэлж “Улсын тэргүүний сум” хэмээх энэхүү анх удаагаа олгож байгаа нэр хүндтэй шагналыг хүртээж байна.
Энэ шагнал бол хүн бүр, өрх бүр, байгууллага бүр тэргүүний үлгэр жишээч байгааг дүгнэж, цаашид олсон ололт, амжилтаа улам бататган бусад аймаг, сумдыг манлайлж явах хариуцлагыг давхар хүлээлгэж байгаа хэрэг. Өмнийн дэлгэр нутгаас уйгагүй хөдөлмөр, авьяас чадвараараа улс орон ард түмэндээ үнэлэгдсэн олон алдартан төрөн гарсан байдаг. Өөрийн хүч, хөдөлмөрөөрөө өндөр алдар хүндийг олж, эдүгээ ч тэр нэр хүндээ хадгалж яваа тэдгээр бахархан дуурайх алдартнуудынхаа адил тэргүүний хэмээх алдраа улам бататган улс орон даяар үлгэрлэж явна гэдэгт нийт Өмнөдэлгэрчүүддээ итгэж байна” гэлээ.
Тус сум төсвийн нийт зардлынхаа 66.8-79.9 хувийг өөрийн орлогоор бүрдүүлж, төрийн байгууллагууд нэг цэгийн үйлчилгээ нээж ажиллуулсан нь иргэдэд үйлчлэх үйлчилгээг хөнгөн, шуурхай болгож чаджээ. Багийн Засаг дарга, хүний эмчийг байр, унаа, компьютер зэрэг техник хэрэгслээр бүрэн хангаж, хүн эмнэлэг 12 төрлийн лабораторийн шинжилгээ хийдэг болсноор иргэд аймаг, хот руу шинжилгээ хийлгэхээр явах шаардлагагүй болсон байна. Мөн 600 өрхийг уламжлалт анагаах ухааны өрхийн эмийн сангаар хангасан нь иргэдийн талархлыг хүлээжээ. Халдварт өвчний гаралт 70 хувиар буурч, эхийн болон нялхсын эндэгдэл гаргаагүй, 2010 онд 75 байнгын, 46 түр ажлын байр бий болгосон зэрэг олон ажлаараа ийнхүү бүсдээ тэргүүлсэн байна.
Шагналын хувьд их мөнгө дагаж байгаа. Энэ хэмжээгээр сумдын ажил сайжрах ёстой гэж үзэж байна” хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав ярьж байна. Мөн тэрээр Сумын нийт байгууллага, иргэдийн болзлыг биелүүлэх идэвхийг өрнүүлэх үүднээс 45 хүртэл хүнийг нэг сарын үндсэн цалин хүртэл хэмжээний мөнгөн шагналаар шагнахаар болзолд заасан. Эдгээр хүмүүсийн шагналд нийт шагналын 10 орчим хувийг зарцуулж үлдсэнийг нь буюу 90,0 сая төгрөгийг тухайн суманд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэр байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх, сумын тохижилтыг сайжруулах зэргээр шагналын мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулах ёстой” гэлээ.