Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэргэжлийн холбоод тухайлбал, мах, ноос ноолуур, мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодтой уулзаж, тухайн салбарын тулгамдсан асуудлаар ярилцсан төдийгүй эдгээр уулзалтаас гарсан санал зөвлөмжийн дагуу Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэрүүд гараад байгаа билээ. Засгийн газрын тэргүүн энэхүү арга хэмжээгээ өнөөдөр барилгын салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон барилгын байгууллагын төлөөллүүдтэй хийсэн уулзалтаар үргэлжлүүллээ. Барилгын салбарын ажил ид эхэлж буй учир энэхүү уулзалтад аль аль тал нь ихээхэн ач холбогдол өгч байна.
Улс орны хөгжилд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын боломжийг өргөн ашиглах ёстой гэсэн байр суурь баримталж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100,000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ, үүнд мэргэжлийн холбоодын гүйцэтгэх үүрэг, боломж бололцоо ямар байна гэсэн чухал асуудлыг хөндөж салбарын төлөөллийн санал бодлыг сонслоо. Барилгын салбарынхан “100,000 орон сууц хөтөлбөр”-ийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд Улаанбаатарыг утаанаас салгах, ядуурал, ажилгүйдлийг багасгах зорилго бүхий тус хөтөлбөр нь барилгачдыг, барилгын салбарынхныг ойрын хэдэн жилд ажлаар хангана.
“40 мянган орон сууц”-аас эхэлсэн энэ хөтөлбөр 200, 300 мянган айлын орон сууц хөтөлбөрөөр үргэлжлээсэй. Ингэхдээ барилгын материал үйлдвэрлэгч болоод монгол барилгачидтай монгол компаниа энэхүү хөтөлбөрт түлхүү хамруулахыг хүсч байгаагаа хэлж байлаа. Мөн энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр барилгын материал, тоног төхөөрөмжийн үнэ өсч байгаа гэдгийг Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гишүүд энэ уулзалтын үеэр няцаасан төдийгүй хямд өртөгтэй, чанар сайтай материал, түүхий эдээр барилга угсралтын компаниудаа хангахаа энэхүү уулзалтын үеэр амласан нь тэнд цугласан хүмүүст ихээхэн таалагдлаа.
Өөрийн бизнесээ ярихаас биш “100,000 орон сууц”, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хэчнээн ажлын байр бий болгох, улс орныхоо нийгэм, эдийн засагт хэрхэн хөрөнгө оруулах талаар хэн ч ярихгүй байна гэж мэргэжил нэгнүүддээ шүүмжлэл хэлэх хүмүүс ч бас байлаа. Ийнхүү барилгын салбарынхны санал хүсэлтийг сонссоныхоо дараагаар буюу уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж “Би та бүхэнтэй Засгийн газрын тэргүүнээр томилогдсоныхоо дараахан буюу 2009 оны арванхоёрдугаар сард уулзсан. Ингэхдээ “Бид дэд бүтцийн салбар дахь мөрөөдлөө цаасан дээр буулгаж үлдээмээргүй байна” гэдгээ хэлж байсан. Танай салбарынхны хийх ажил өнөөдөр тодорхой болсон. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг эхлээд хэллээ.
Улаанбаатарын утааг багасгах, шинээр ажлын байр бий болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцны усан хангамжийг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд “100 ,000 орон сууц”хөтөлбөр чиглэгдэж байгаа гэдгийг тэмдэглэлээ. Ингэхдээ Орон сууцны санхүүжилтийн корпораци нь төрөөс мөнгө авч байшин бариад, иргэдэд худалдах ийм шийдвэрийг Засгийн газар огт гаргаагүй гэдгийг хэлээд “Та бүхний зарим нь ташаа мэдээлэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Цаашдаа Засгийн газрын шийдвэрийг ямар ч орчуулагчгүйгээр шууд хүргэж байх ажлыг бид зохион байгуулна” гэлээ. Харин барилга барих, үүнийг худалдаж авах зохицуулалтыг хийх нь төрийн үүрэг. Төрийн зохицуулалтын бодлого нээлттэй, ойлгомжтой, шударга байна гэдгийг онцлоод та бүхний санал бодлыг бодлого, хөтөлбөртөө тусгахын тулд ингэж уулзаж байгаа, цаашид ч сонсч байх болно гэсэн юм.
Энэхүү бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ барилгын салбарын үндэсний компаниудыг оролцуулахад анхаарч ажиллана гэдгээ ч мөн илэрхийлээд Засгийн газар дотоодын үйлдвэр, үндэсний компаниудаа дэмжиж байгаа. Ингэхээ аль ч салбарт чанар, үнэ, стандарт хангасан байх шаардлага тавина гэдгээ хатуу анхаарууллаа. Мөн Засгийн газар 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай хэлэлцээд тогтоол гаргахаар болсон. Уг тогтоолоор төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд нэн тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс хангах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан талаар мэдээлэг өглөө.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэхээр сонгосон хорооллуудын газар олголт, чөлөөлөлтийн ажлыг яаралтай шийдэж өгөхийг Засгийн газрын тэргүүн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид энэ үеэр үүрэг болголоо. Ингэхдээ инженерийн шугам сүлжээ болон хорооллын зам барих асуудлыг цогцоор нь шийдэх учиртайг тэрбээр тодотголоо. Мөн “Шинэ бүтээн байгуулалт” болон “100,000 орон сууц” хөтөлбөр нь манай улсын бүх салбарыг хамарсан их бүтээн байгуулалт учраас барилгын салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 1548 аж ахуйн нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтад орох шаардлагатайг Засгийн газрын тэргүүн онцлолоо.
Энэ хөтөлбөр нь бага, дунд орлоготой иргэд, залуучууд, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зорилготой тул орон сууц барих үйл ажиллагаанд төрийн зохицуулалт зайлшгүй орох болно. Харин энэ зохицуулалтад санал бодлоо чөлөөтэй хэлж, илэрхийлж байхыг барилгын салбарынхнаас хүслээ. Тус салбарынханд эдгээр хөтөлбөрүүд томоохон боломж олгож байгаа ч ажлын байрны шаардлага хангах боловсон хүчний асуудал хүндрэлтэй байгаа талаар уулзалтад ирсэн хүмүүс хэлж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд ч үүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд энэхүү бүтээн байгуулалтад 54600 гаруй ажлын байр байна.
Энэ ажлын байрны шаардлагыг хангах боловсон хүчнийг бэлтгэх, ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох зэрэг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Барилгын салбарынхны ажил ард иргэдийн нийтлэг эрх ашигт нийцэж чадаж байвал санхүүжилт хүндрэлтэй асуудал биш гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн үгийнхээ төгсгөлд онцолсон юм. Барилгын салбарт бий болсон боломж болоод хүлээлт, хүндрэлтэй асуудлуудын талаар ярилцаж, үүнээс гарах гарц хайж санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо гэж энэхүү арга хэмжээнд оролцсон хүмүүс дүгнэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.