Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын өндөр түвшний бодлогын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж байгаа энэ уулзалтад бүсийн далайд гарцгүй 12 орон, хандивлагч болон түнш орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ноэлин Хэйзер зэрэг өндөр түвшний 100 орчим хүн оролцож байна.
Уулзалтаар 2003 онд Алматы хотноо болсон далайд гарцгүй болон транзит орнуудын сайд нарын хурлаас гаргасан хөтөлбөрийн биелэлтийг авч хэлэлцэж байна. Энэ хөтөлбөрт транзит тээврийн бодлогыг сайжруулах, зам, тээвэр зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын гадаад худалдааг дэмжих, санхүү болон техник тусламж үзүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарах гэсэн 5 чиглэлийн арга хэмжээ тусгагдсан юм. Мөн Ази, Номхон далайн бүс нутагт ямар ахиц гарсан, учирч байгаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж байна.
Зохион байгуулагч орны хувьд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөлдөх уулзалтад оролцон үг хэлэхдээ НҮБ-ын эдийн засаг, нийгмийн комисс болон бодлогын зөвлөлдөх уулзалт, далайд гарцгүй бусад хөгжиж буй бусад орныг Монгол Улсын Засгийн газар бүрэн дэмжиж байгааг илэрхийлэв. Далайд гарцгүй орнууд нь газар зүйн хувьд ашиггүй, бусад улстай холбогдоход тээврийн зардал өндөр гардаг учир эдийн засгийн болон экологийн эмзэг байдлыг илэрхийлдэг үзүүлэлт бий болгох нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.
Мөн тээвэр, дамжин өнгөрөх өндөр өртгийг зохицуулах үүднээс бодлогын шийдлийг томъёолох, электрон худалдаа бий болгох, хоёр тал болон бүсийн гэрээ хэлэлцээр, дамжин өнгөрөх тааламжтай, хөнгөлөлттэй нөхцөл бий болгох хэлэлцээ хийхэд туслалцаа үзүүлж байх нь зүйтэй гэж тэрээр хэлэв. 2013 онд дуусгавар болох Алматын хөтөлбөрийг үргэлжлүүлэх, Олон улсын далайд гарцгүй орнуудын судалгааны төв /“Think Tank”/-ийн ажлыг жигдрүүлэх нь хөгжлийн хэрэгцээг хангах, баримт, нотолгоонд үндэслэсэн, прагматик шийдлүүдийг олоход чухал хэрэгтэй арга хэрэгсэл гэж хэлсэн байна.
Далайд гарцгүй орнуудын хуурай боомтыг далайд гарцтай орнуудын усан боомттой зам, төмөр замаар холбох, залуучуудад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллая гэж хатагтай Ноэлин Хэйзер хэлснийг манай тал дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хурлаар хэлэлцсэн асуудлууд, цаашид тавих зорилтуудыг тусгасан “Улаанбаатарын тунхаглал” гэсэн баримт бичиг гаргах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.